Нүүр » №001, Дизайн, Тооно

Домогт дизайнер Филипп Старк

[2 February 2010 | Ес далан зургаа]

Тэр бол домог. Тансаг зочид буудал, тасархай ресторануудын интерьер дизайныг гардан гүйцэтгэж, өөрийн өвөрмөц хэв маягийг дэлхий нийтэд таниулж чадсан ноён Филипп Старк бол 20-р зууны хамгийн нөлөө бүхий дизайнеруудын нэг юм. Интерьерын зураг гаргахаас гадна өдөр тутмын эд зүйлсийн хэлбэр дүрсийг өөрчлөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дизайныг урлагийн түвшинд хүргэсэн тэрбээр “дизайн бүх зүйлд хамаатай” гэдгийг зарлан тунхагласан билээ. Бүтээлүүд нь Нью Йорк хотын Орчин үеийн урлагийн музейн сан хөмрөгт хадгалагддаг гэдгээс түүний хэр нэр нөлөөтэй болохыг харж болно. Juicy Salif хэмээх домогт шүүс шахагч, Louis Ghost сандал, минималист шүдний сойз, хачин жигтэй жорлон цэвэрлэгч гэх зэрэг бүтээлүүд нь дизайны урлагт хувьсгал авчирсан юм. Тэр хамгийн энгийн зүйлийг хүртэл өөр нүдээр харж, дахин амьдруулж чаддаг. Түүнийхээр бол, “Шүдний сойз гэдэг чинь баримал. Бяцхан баримал. Ганц хоёр доллараар худалдаж аваад угаалгын өрөөндөө тавьчихаад угаалгын өрөө чинь бяцхан музей болчихож байгаа юм”.

Тэр бол брэнд. Старкын загвар дэлхийн өнцөг булан бүрт бий. Тэр Италийн Alessi үйлдвэрт зориулан гал тогооны хэрэгслийн зураг гаргаж, тавилга үйлдвэрлэгч Kartell компаний захиалгаар ширээ, сандалын загвар зохион бүтээж, Fossil-тэй хамтран бугуйн цагны коллекци хийж байсан. Нэгэн зэрэг 200 гаруй загвар дээр ажилладаг хэмээдэг Старкын бүтээлийг нэг бүрчлэн жагсаахад хүндрэлтэй… Puma-тай хамтарсан гутлын коллекци, Microsoft-ын захиалгаар хийсэн компьютерийн хулгана, Apple-ын Ipod-д зориулан зохион бүтээсэн өсгөгч…. Дөчин жилийн туршид дэлхийд тэргүүлэгч компаниудтай хамтран ажилласан Старк Оросын нэгэн тэрбумтны захиалгаар усан онгоцны загвар хүртэл гаргаж байжээ. Хамгийн сүүлд тэрбээр Ballantyne хэмээх Италийн бэлэн хувцасны брэндтэй хамтран ноолууран хувцасны коллекци хийсэн юм.

Тэр бол од. 2009 онд Английн BBC2 телевизийн сувгаар Филипп Старкын “Амьдралын төлөөх дизайн” хэмээх реалити шоу гарч эхэлсэн юм. Шилдэг загвар зохион бүтээгчийг шалгаруулах зорилготой энэхүү шоуны шагнал нь Старкын Парис дахь студид 6 сарын туршид ажиллах гэрээ. Энэ бол залуу дизайнеруудын хувьд хамгийн том шагнал юм.

LAN CLUB

Филипп Старк хоёр жилийн өмнө БНХАУ-ын Бээжин хотын нэгэн цэнгээний газрын интерьер дизайныг гардан гүйцэтгэсэн нь тухайн үед нэлээд шуугиан тарьсан билээ. Жиангуомэн гудамжны LG Twin Tower барилгын 4-р давхарыг эзэгнэсэн LAN club хэмээх энэхүү лаунж Филипп Старкын өнгө төрх, стилийг Бээжингийн элитэд мэдрүүлсэн гэдэг.

Тэгвэл алдарт дизайнерын энэхүү бүтээл Улаанбаатар хотноо дахин “амилжээ”. Хэдхэн сарын өмнө Сөүлийн гудамжинд LAN club нэртэй нэгэн шинэ лаунж нээгдсэн ба загвар дизайны хувьд Бээжин дэх амьдаатайгаа төстэй. Таазан дээр хадаастай уран зураг, хана налсан том толь, эрээвэр хураавар сандал ширээ, янзан бүрийн гэрэл чийдэн… Алдарт дизайнерын бүтээл ийнхүү Улаанбаатарт хүртэл хуулбарлагдсан нь түүний нөлөө хэр хол тархсаныг илтгэх биз ээ.

СТАРК БҮТЭЭЛҮҮД

  • Juicy Salif шүүс шахагч (1990 он), Alessi, $90
  • Excalibur жорлон цэвэрлэгч, Heller (1993 он), $32
  • Louis Ghost сандал (2002 он), Kartell, $410
  • Zenith болор гэрлийн бүрхүүл, Baccarat (2003 он), $82,800
  • Компьютерийн хулгана, Microsoft (2004 он), $20
  • Palindrome Too бугуйн цаг, Fossil (2009 он), $150
  • Ноолууран даашинз, Ballantyne (2009 он)

НАМТАР

1949 онд Парис хотод төрсөн. Аав нь инженер, ээж нь зураач. Францын нэр хүнд бүхий École Nissim de Camondo-д суралцсан тэрбээр 19 настайдаа дизайны бизнесээ эхлүүлжээ. Түүний анхны хамтрагч нь бидний сайн мэдэх Пьер Карден байсан юм. 1982 онд Францын ерөнхийлөгч Миттерандын Elysée Palace дахь гэрийн дотоод заслыг хийсэн нь түүнд маш их нэр хүнд авчирсан гэдэг. Тэр цагаас хойш Старкын од мандаж эхэлжээ.

Холбоотой нийтлэл олдсонгүй.



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.