Дундад улсын баячууд
Хүний мөнгийг тоолох хоббитой Форбс сэтгүүл энэ удаад Хятадын хамгийн баян хүмүүсийн хэтэвч рүү өнгийжээ. Дэлхийн тэрбумтнуудыг хоосруулж буй эдийн засгийн хямрал Хятадын томчуудад огтхон ч нөлөөлөөгүй байна. Энэ онд Хятадын топ 400 баяны нийт хөрөнгийн хэмжээ 314 тэрбум ам.долларт хүрч, улсын хэмжээнд нийт 79 тэрбумтан тоологдсон нь рекорд үзүүлэлт юм. Форбсын мэдээлж буйгаар, тэдний хөрөнгө өмнөх жилийнхтэй харьцуулахад 81 хувиар өссөн байна. Энэ нь сүүлийн 12 сард Шанхайн хөрөнгийн биржийн индексийн үнэлгээ 69 хувиар нэмэгдэж, Хонконгийнх 56 хувиар өссөнтэй холбоотой гэнэ. Хятадын Засгийн Газар хямралтай тэмцэх шуурхай арга хэмжээ авч төсвийн зарцуулалт, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн нь хямралыг даван туулахад чухал хувь нэмэр оруулжээ. 2009 онд дундад улсын эдийн засаг 8 хувиар өсөх магадлалтай байгаа юм.
1. Wang Chuanfu
$5.8 тэрбум / Guangdong
43 настай, эхнэр, нэг хүүхэдтэй
Батерей, автомашин үйлдвэрлэл
Химич мэргэжилтэй Ван 29-хөн настайдаа цэнэглэгддэг батерей үйлдвэрлэх зорилгоор BYD компаниа байгуулжээ. 2008 онд алдарт Уоррен Баффет тус компанид хөрөнгө оруулсан нь компанийн үнэлгээг 6 дахин өсгөж, Ван овогтныг Хятадын хамгийн баян хүн болгожээ. Өдгөө тэрбээр гар утасны батерей, сэлбэг үйлдвэрлэхийн зэрэгцээ цахилгаан автомашины үйлдвэр эзэмшдэг.
2. Liu Yongxing
$5.5 тэрбум / Шанхай
61 настай, эхнэр, нэг хүүхэдтэй
Хөдөө аж ахуй, металл
Анх 1982 онд ах дүү нарын хамт Сичуан мужид шувууны ферм байгуулж байсан түүхтэй. Улмаар тэд Дундад улсын хамгийн том малын тэжээлийн үйлдвэрийг бий болгожээ. Өдгөө тэрбээр East Hope компаниараа дамжуулан хүнд үйлдвэрийн салбарт хүч үзэж байна. Тус компани нь Сичуан мужийн Chongqing хотод цементийн үйлдвэртэй. Мөн тэрбээр Minsheng банк, Minsheng Даатгал, Bright Dairy зэрэг томоохон компанид хувь эзэмшдэг.
3. Zong Qinghou
$4.8 тэрбум / Zhejiang
64 настай, эхнэр, нэг хүүхэдтэй
Хүнсний үйлдвэрлэл
Хятадын хамгийн том ундаа үйлдвэрлэгч компанийн эзэн, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн. Түүний эзэмшлийн Wahaha групп нь 1996 оноос Францын Danone корпорацитай хамтран ажилласан ба энэ оны 9-р сараас эхлэн бие даан үйл ажиллагаа явуулах болсон юм.
4. Lu Xiangyang
$4.1 тэрбум / Guangdong
47 настай, эхнэртэй
Хөрөнгө оруулалт
1995 онд үеэл дүү Wang Chuanfu-ын хамт BYD компанийг байгуулсан. Тэрбээр банкны салбарт 14 жил ажилласан туршлагатай ба өдгөө Guangzhou Rongjie Investment хэмээх хөрөнгө оруулалтын компанийг удирддаг.
5. Yang Huiyan
$3.9 тэрбум / Guangdong
28 настай, нөхөртэй
Үл хөдлөх хөрөнгө
2007 онд Хятадын тэрбумтны жагсаалтыг тэргүүлж байсан удаатай. Үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом унасны улмаас хоёр жилийн өмнө 16.2 тэрбум ам. доллараар үнэлэгдэж байсан түүний хөрөнгө хэд дахин багассан ч, тэрбээр Хятадын хамгийн баян эмэгтэй цолоо алдсангүй. АНУ-д боловсрол эзэмшсэн Yang Huiyan Guangdong мужийн Country Garden нэртэй барилгын компаниа эцгээсээ өв залгамжилжээ.
6. Hui Wing Mau (Xu Rongmao)
$3.85 тэрбум / Хонконг
59 настай, эхнэр, хоёр хүүхэдтэй
Үл хөдлөх хөрөнгө
Shimao Property Holdings хэмээх барилгын компанийн эзэн. Тэрбээр эдийн засгийн хямралыг хамгийн амжилттай даван туулсан барилгын салбарынхны нэг. 2009 оны эхний хагаст компанийх нь татварын өмнөх ашиг 36 хувиар нэмэгдсэн ба Шанхай хотын төвд барьж буй Riviera Garden цогцолбор нь гүйлгээ сайтай байжээ.
7. Ma Huateng
$3.8 тэрбум / Guangdong
38 настай, эхнэртэй
Мэдээллийн технологи
Хятадын хамгийн баян интернэт магнат. 1999 онд байгуулсан Tencent компани нь Хятадын хамгийн эрэлт хэрэгцээ ихтэй сайтын нэг болох www.qq.com болон QQ мессенжерийг эзэмшдэг.
8. Liu Zhongtian
$3.79 тэрбум / Liaoning
45 настай
Металл
1993 онд 29 настайдаа China Zhongwang Holdings-ыг байгуулжээ. Тус компани нь хөнгөн цагаанаар төрөл бүрийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэрбээр 2009 онд компанийхаа 25.9 хувийг Хонконгийн Хөрөнгийн Бирж дээр арилжин 1.3 тэрбум ам.доллар босгожээ.
9. Zhang Jindong
$3.7 тэрбум / Jiangsu
46 настай, эхнэртэй
Худалдаа
Цахилгаан барааны сүлжээ дэлгүүрийн эзэн тэрбээр Suning Appliance сүлжээгээ 1990 онд байгуулсан гэдэг. Түүний дүү Zhang Guiping жагсаалтын №24-т бичигдэж байна. Тэд Японы гэр ахуйн цахилгаан барааны Laox сүлжээг худалдан авах гэж буйгаа саяхан зарлажээ.
10. Wang Jianlin
$3.5 тэрбум / Liaoning
55 настай
Үл хөдлөх хөрөнгө
Үл хөдлөх хөрөнгө, барилгын Dalian Wanda Group-ын ТҮЗ-ийн дарга. Тус групп Хятадын 30 гаруй хотод үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бөгөөд 6 таван одтой буудалтай.
Холбоотой нийтлэл:
- Хөрөнгө оруулагчдад бодит бүтээгдэхүүн санал болгоё! Хэд хоногийн өмнө Хонконг яваад...
- Капиталист социализм: Норвеги улсын жишээ Соц.үед нам эвлэлд элсэх хүсэлтэй...

