Хурим: мөрөөдлийн даашинзны эрэлд
Мөрөөдлийн хуримыг гайхалтай даашинзгүйгээр яаж төсөөлөх вэ дээ? Үнсгэлжин шиг дэрвэгэр том хормойтой загвар эсвэл энгийн атлаа ихэмсэг сонгодог хийц, үгүй бол өвөрмөц, жинхэнэ орчин үеийн даашинз… Чамайг хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй сүйт бүсгүй болгон харагдуулах шидтэй тэрхүү даашинзыг олж авна гэдэг амаргүй ажил. Хурим хийх өдрөө товлосон бол юу юугүй дэлгүүр хоршоо хэсэхийн оронд сонин сэтгүүл, интернэт дээр судалгаа хийж, өөрт таалагдсан загваруудаа тэмдэглэж ав. Даашинзны хэлбэр ямар байх, ямар материалаар хийгдэх, ямар чимэглэлтэй байх талаар бодож үзээрэй. Мэдээж төсөв мөнгөө ч бодолцох хэрэгтэй. Даашинздаа хир их мөнгө зарцуулах боломжтой гэдгээ сүйт залуу, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлд. Гадныхан хуримын хувцасны зардал нийт төсвийн 10 хувьтай тэнцвэл зохино гэж тооцдог, манайд энэ тоо өөр байх магадлалтай ч бүх зүйлийг урьдчилан төлөвлөж чадвал хуримынхаа өдрийг бэлтгэлтэйгээр угтах болно. Ямар даашинз хүсч байгаагаа төсөөлдөг болсныхоо дараагаар дэлгүүр болон хувцас захиалгын газруудаар яваарай.
Даашинзны сонголтондоо “ганц өдрийн гангараа юм чинь ямар ч байсан яахав” гэсэн байдлаар хандах хэрэггүй. Чи амьдралынхаа хамгийн аз жаргалтай мөчийг тэр л даашинзны хамт угтана шүү дээ. Даашинз чинь холгож, томдож багадвал хуримын өдрөө яах болж байна? Чиний даашинз заавал Vera Wang байх албагүй ээ, гэхдээ чамд яг цав таарч, биед чинь сууж өгсөн байх ёстой. Иймд даашинзаа биеийн галбиртаа тааруулж сонгох нь маш чухал.
Тэгвэл даашинзаа хаанаас авах вэ? Дэлгүүрээс худалдаж авах, прокатлах аль эсвэл хувцас захиалгын газраар хийлгүүлэх гэсэн гурван зам бий. Улаанбаатарын гоёлын хувцасны прокатууд хуримын даашинз түрээсэлдэг боловч сонголт багатай юм билээ. Тэдний цуглуулгад ихэвчлэн хуучирсан загвартай, хийц муутай, хямдавтар даашинзнууд байдаг. Уламжлалаа бодсон ч тэр, хуримынхаа өдөр хэн нэгний өмсөж байсан өнгөө алдсан хувцсаар гангарах нь тийм ч оновчтой санаа биш. Тэгээд ч даашинз түрээслэх нь харьцангуй үнэтэй тусдаг, зарим нэг хувцас прокатад 200 000 төгрөгийн түрээстэй даашинз хүртэл харагдана лээ. Даашинзаа ийм өндөр үнээр түрээсэлж байхын оронд нэг мөсөн худалдаад авчихвал хожим та хоёрын охин өөрийнхөө хуримаар мөнөөх даашинзаар гангарах ч юм билүү. Гэхдээ прокатнаас үнэхээр өөрт таарсан, гоё даашинз олж чадвал түрээсэлж болох л юм. Хамгийн гол нь даашинз чинь чамд яг таарсан байх ёстой гэдгийг дахин хэлье.
Манайд хуримын даашинзаар дагнасан бэлэн хувцасны дэлгүүр байхгүй. Иймд зарим бүсгүйчүүд сүр дуулиан болж гадаадаас даашинз худалдаж авахыг зорьдог. Хоёрын хооронд таарсан таараагүй даашинз захиж авчруулахын оронд хэмжээ дамжаагаа авахуулаад, зөвхөн өөртөө зориулагдсан цорын ганц даашинзыг захиалж өмсөхийг зөвлөе. Тэгээд ч Монголчуудын хэдэн хувь нь Christian Lacroix, Oscar de la Renta-гийн haute couture загварын даашинз худалдан авах боломжтой билээ. Нэгэнт гадны тансаг брэндүүдийг дийлэхгүйгээс хойш дотоодын загвар зохион бүтээгчидтэйгээ ажилласан нь өлзийтэй шүү дээ. Болсон болоогүй гадаад хогонд мөнгө зарахын оронд Торго салон, Монгол костюмс, Урлах Эрдмийн Дээд Сургуулийн загвар зохион бүтээгчдийн хувцсыг сонговол хэн хэндээ ашигтай. Авьяаслаг дизайнерын хамт өөрийн мөрөөдлийг зохион бүтээхэд чамд ганцхан сарын хугацаа л хэрэгтэй.
Хуримын даашинзны загварууд жилээс жилд нэг их өөрчлөгддөггүйг анзаарсан уу? Загварын ертөнцийн чиг хандлагыг үг үсэггүй дагаад байдаггүй, ерөнхий хэлбэр дүрс, хэв маяг нь хадгалагдаж л байдаг. Учир нь хуримын даашинз гэдэг бол цаг хугацаанаас ангид орших мөрөөдлийн ертөнцийн илэрхийлэл юм. Иймд хорин жилийн дараа хуримынхаа зургийг хараад “Би ямар онцгүй даашинз өмсөөв ээ” гэж бодохооргүй сонголт хийх нь чухал. Гэхдээ энэ нь уйтгартай, байдаг л нэг палааж ав гэсэн үг биш. Стиль, сонирхлыг чинь илтгэж чадах даашинзтай болохын тулд дизайнер, оёдолчинтойгоо сайтар ярилцах хэрэгтэй. Оёдолчиндоо өөрт таалагдсан загваруудыг үзүүлэхийн зэрэгцээ түүний өмнө нь хийж байсан бүтээлүүдтэй танилцаж, түүнд юу хүсч байгаагаа ойлгуул. Загвараас гадна мөн материалын сонголтод анхаарах шаардлагатай, гарын ая даахуйц материал сонгож чадвал хуримынхаа өдөр зад бүжиглэж, шөнөжин наргисан ч асуудал гарахгүй.
Примеркандаа хуримынхаа өдөр өмсөх дотуур хувцас, туфлитэйгээ очиж, даашинзныхаа уртыг тааруулаарай. Гутлын талаар бяцхан зөвлөгөө өгөхөд, хуримын ордонд өндөр өсгийтэй туфли өмсөж болох хэдий ч, цайллагынхаа үеэр арай намхан, биед эвтэйхэн туфли өмсвөл амар байдаг. Шинэ туфли авсан бол гэртээ өмсөж дасгахгүй бол холгож мэднэ шүү. Эцэст нь, нэгэнт даашинз чинь бэлэн болсон бол хуримынхаа өдрөөс өмнө үсчин, гоо сайханчдаа үзүүлж, будалт, засалтаа ярилцахаа мартав аа.
Дээл
Хосууд хуримаараа цагаан даашинз, дэгжин хослолоор гангарахын зэрэгцээ чамин тансаг гоёлын дээлээр ижилсдэг болсон. Дээл зохидоггүй Монгол хүн гэж байдаггүй болохоор үндэсний хувцсаараа гоёсон хос бүр сайхан харагддаг. Гэхдээ хуримынхаа өдөр зохиолын дуучдын тайзан дээр өмсдөг дээл хувцсаар гангарах явдал улиг болж байна. Эртний хаан, хатдын хувцас ч төдийлөн зохимжтой харагддаггүй. Эдгээрийн оронд даруухан хэрнээ чимхлүүр хийцтэй энгийн дээл өмсвөл харин ч дэгжин харагдах болно. Хүрээ маягийн загвар моодонд орсон энэ үед Д.Ичинхорлоо, Дагийсүрэн, Сосорбарам, Л.Цогзолмаа буюу жинхэнэ хүрээ хүүхнүүдээс суралцвал яасан юм?
Холбоотой нийтлэл:
- Хурим: гэрэл зураг Та хоёрыг сандарч тэвдэж байх...
- Хурим: бялуу + урилга Урилга Өөдлөх айл үүднээсээ гэдэг...
- Хурим: хуримын зочны цензургүй тэмдэглэл Ноднин жил дөрвөн танил маань...
- Хурим: өвөрмөц ёс заншил Ураг барилдана гэдэг аливаа улс...

