Нүүр » №001, Онцлох сэдэв, Хоймор

Хурим: бялуу + урилга

[2 February 2010 | Ес далан зургаа]

Урилга

Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг сайхан хурим урилгаасаа гэвэл зохино. Ямар нэгэн арга хэмжээний урилга хүлээж аваад өөрийн эрхгүй эргүүлж тойруулж үздэг шүү дээ. Урилгыг чинь авсан зочид түүнийг хараад та хоёрын гэрлэлтийн тухай ямар нэг дүгнэлт хийж л таарна. Иймд урилгын загвар гаргахдаа хуримынхаа ерөнхий уур амьсгал болон хоёр биенийхээ сонирхол, таашаалыг илэрхийлсэн шийдэл сонгох хэрэгтэй. Гадаадад бол хуримын урилга моод дагадаг буюу жил бүр ямар нэгэн өнгө, загварын шийдэл амжилт олдог гэнэ билээ. Моод дагах нь ч юу юм, гэхдээ ядаж улиг болсон алтан шаргал үсэг, калькан цааснаас зайлсхийвэл зохино.

Манайхан урилган дээрээ заавал шүлэглэсэн ерөөл бичдэг, хэрэв энэ нь та хоёрт таалагдахгүй байвал дуртай дууныхаа үгийг ч бичиж болно шүү дээ, эсвэл юу ч бичихгүй ч байж болно. Тогтсон хэв маягийг эвдэж, жинхэнэ өөрсдийн гэсэн шийдлийг бий болговол хожим та хоёрт ямар дурсгалтай байна гээч. Гарын дүйтэй бол өөрсдөө урилгаа хийгээд явуулсан ч болно, заавал Солонгос урилга худалдан авч, мөнгө төлж хэвлүүлэх ёстой гэсэн дүрэм байхгүй шүү дээ. Урилгынхаа өнгө, хэлбэрээр тоглохын зэрэгцээ тууз, наалт, зүүлтээр чимэглэж сүр оруулж болох юм. Тасархай урилга явуулахад “Очиж амжихгүй нь” гэх хүн олдохгүй л болов уу.

Бялуу

Манайхан аливаа найр наадмаар баярын бялуу гэхээсээ илүүтэй ууц, тавагтай идээндээ ач холбогдол өгдөг. Ууц нь тарган байх тусмаа найр нь тансагт тооцогддог Монголчуудын хувьд хуримын бялуу гээч нь харьцангуй шинэ зүйл боловч энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг бэйкери, нарийн боовны газрууд бий болж, хүмүүс ч захиалах болжээ. Тарган ууцныхаа дэргэд өндөр гэгч нь бялуу тавихгүй бол хэцүүдэх цаг айсуй.

Гэрэл зургийн эх сурвалж: www.theknot.com

Холбоотой нийтлэл:

Хурим: хуримын зочны цензургүй тэмдэглэл Ноднин жил дөрвөн танил маань...
Хурим: гэрэл зураг Та хоёрыг сандарч тэвдэж байх...
Хурим: өвөрмөц ёс заншил Ураг барилдана гэдэг аливаа улс...
Хурим: мөрөөдлийн даашинзны эрэлд Мөрөөдлийн хуримыг гайхалтай даашинзгүйгээр яаж...



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.