Хурим: гэрэл зураг
Та хоёрыг сандарч тэвдэж байх зуур нэг л мэдэхэд хуримын өдөр чинь улиран одож, дурсамж болсон байх вий. Иймд амьдралынхаа хамгийн аз жаргалтай мөчийг баримтжуулж, гэрэл зураг болон видео бичлэг болгон хадгалах аваас хожим ач гуч нартаа үзүүлж суухад ч урамтай байна шүү дээ.
Хуримын гэрэл зураг гэхээр хуримын ордны ёслол болон Сүхбаатарын талбай, Гандантэгчлэн хийд, Зайсан толгой зэрэг газруудад авахуулсан ах дүүсээрээ номхон зогссон зургууд санаанд ордог. Учир нь манайхан камерын өмнө жагсаж зогсож байгаад зураг авахуулдаг уламжлал ёсоороо патиар татуулах сургаар бүгд зурагчин руу хараад хөшөөд зогсчихдог талтай. Албан ёсны зургууд байх хэрэгтэй л дээ, гэхдээ та хоёрын зургийн альбом тэр чигээрээ ийм зургаар дүүрвэл сонирхолгүй биз дээ. Харин сайн зурагчин хуримын уур амьсгал, баяр хөөр, инээд баяслыг гэрэл зургийн хальснаа үүрд мөнхрүүлж чадна. Та хоёрын гарын үсэг зурах торгон мөч, ээж аав нарын чинь нулимс цийлэгнэсэн харц, бяцхан дүүгийн чинь баярын мишээл, найз нөхдийн чинь инээд хөөр… Энэ бүхнийг дурандаа буулгах авьяаслаг зурагчин олоход амаргүй ээ.
Иймд та хоёрын хуримын дурсамжийг хариуцах чадвартай сайн гэрэл зурагчин олохын тулд хэд хэдэн мэргэжлийн зурагчидтай тухтай уулзаж, урын сантай нь танилцах хэрэгтэй. Айхтар том аппараттай л бол сайн зураг авна гэж бодож болохгүй. Хуримын зургуудыг нь шинжихдээ зохиомж, гэрэл сүүдэр, өнгөний зохицол болон хүмүүсийн сэтгэл хөдлөлийг хэр сайн гаргасныг нь хараарай. Мөн харилцааны тал дээр хүмүүстэй хэр нийцтэйг нь бодолцож үзэх хэрэгтэй. Учир нь сайн зурагчин гайхалтай уран бүтээлч байхын зэрэгцээ маш сайн сэтгэл судлаач байх ёстой.
Зурагчнаараа хуримын ёслол болон цайллагаас гадна бэлтгэл үйл ажиллагаа, нүүр будалт, явдал суудал гэх зэрэг хуримтай холбоотой бүх үйл явдлыг сурвалжлуулахыг хичээгээрэй. Машиндаа хүртэл суулгаад явахад гэмгүй. Зарим хосууд хуримынхаа өмнө зурагчинтайгаа цаг тохирч, зохиомжит зургууд авахуулдаг юм билээ. Ингэсэн тохиолдолд хуримынхаа өдөр зураг хөрөгт санаа зовохын оронд зочиддоо анхаарал хандуулж, чөлөөтэй байх боломжтой болно. Тэгээд ч зурагчинтайгаа илүү дотно танилцвал илүү дотно зургууд гарч мэдэх юм.
Зарим нэг сонирхолтой кадруудыг зурагчин анзаарахгүй өнгөрүүлэх магадлалтай тул дотны найз нөхөд, гэр бүлийн гишүүддээ аппараттайгаа ирэхийг сануулахад илүүдэхгүй. Эсвэл ирсэн зочин бүрт нэг удаагийн аппарат бэлэглээд, хуримын өдрийн гайхалтай мөчүүдийг дурсамж болгон буулгахыг хүсч болно шүү дээ.
Холбоотой нийтлэл:
- Хурим: бялуу + урилга Урилга Өөдлөх айл үүднээсээ гэдэг...
- Хурим: хуримын зочны цензургүй тэмдэглэл Ноднин жил дөрвөн танил маань...
- Хурим: мөрөөдлийн даашинзны эрэлд Мөрөөдлийн хуримыг гайхалтай даашинзгүйгээр яаж...
- Хурим: өвөрмөц ёс заншил Ураг барилдана гэдэг аливаа улс...

