Нүүр » №001, Авдар, Аялал

Шанхай хот

[2 February 2010 | Б.Тэнгис]

Хятадын хамгийн том хот болох Шанхайд зочлох завшаан тохиовол юу үзэх ёстой вэ? “Ес далан зургаа” сэтгүүлийн “Аялал” булан Шанхай хотыг онцлон танилцуулж байна.

Банд (The Bund буюу ; Wàitān)

Банд гудамж бол хуучин Шанхайн бэлэг тэмдэг юм. 19-р зуун, 20-р зууны эхээр Хятадад арилжаа наймаа хийж явсан Англи, Орос, Америк, Герман худалдаачдын барьсан колончлолын үеийн архитектур, түүхэн барилга байшин ихтэй энэхүү гудамж нь цагийн сайханд Зүүн Хойд Азийн санхүүгийн төв байжээ. Энд одоо хэр томоохон банк санхүүгийн байгууллага болон Шанхай хотын хамгийн үнэтэй, чамин тансаг гэгдэх дэлгүүр, ресторан байрладаг. Шанхайг хоёр хуваасан Хуанпу мөрний баруун дэнж болох Бандаас шинэ Шанхай буюу Пудоны өндөр барилга, Хуанпу мөрний урсгалыг тольдон суух нь таны аяллын хамгийн таатай хэсэг байх болно.

Пудон (; Pǔdōng)

Пудоны тэнгэр баганадсан байшин барилга нь дундад улсын сүр хүчийг илтгэх ажээ. Азийн хамгийн өндөр цамхаг болох Oriental Pearl Tower-ын орой дээрээс Шанхай хотыг алган дээрээ мэт харахын ялдамд зэргэлдээ байрлах далайн аквариумаар зочлох маршрут жуулчдын хөтөлбөрт заавал тусгагддаг. Шанхай хотын санхүүгийн дүүрэг болох Пудонд банк санхүү, даатгалын компаниуд байдаг тул хаа сайгүй оффисын ажилтнууд сандралдан гүйлдэнэ. Нэг л мэдэхэд та ч бас тэдний нэгэн адил хаа нэгэн тийш яарч байх вий.

Үзвэрийн туннель (滩观光隧道)

Шанхай хотын төв хэсгээр урсах Хуанпу мөрнийг гаталж, хуучин Шанхай буюу Банд гудмаас Пудон уруу хүрэх хэд хэдэн арга бий: улиг болсон метро, усан онгоц аль эсвэл үзвэрийн туннель. Туннелээр явах нь илүү үнэтэй ч, хөгжмийн аянд бүжих төрөл бүрийн неон гэрлээр чимэглэгдсэн туннелийн галт тэрэгт ганц удаа суугаад үзэхэд гэмгүй.

Цагийн хуваарь: 08:00 – 22:00; Тасалбар: нэг талдаа 30 юань

Ард түмний талбай (人民广; Rénmín Guǎngchǎng)

Шанхай хотын төв талбай болох Ард түмний талбайг зоривол нэг сумаар хэд хэдэн “музей буудах” боломжтой. Хэрэв та барилга хот тохижуулалт сонирхдог бол Shanghai Urban Planning Exhibition Hall; түүхэн олдвор, дүрслэх урлаг, баримал сонирхдог бол Шанхайн Төв Музей; хэрэв дээрх хоёр залхуутай сонсогдож байвал Madame Tussaud’s-д патиараа татуулж, “Яао Минтэй уулзаад ирлээ” хэмээн найз нөхөддөө онгирч болох юм, лаан баримал гэдгийг нь хэлэх албагүй шүү дээ.

Шанхайн Төв Музей

Цагийн хуваарь: 9:00 – 17:00; Үнэгүй, тусгай үзэсгэлэн 20 юань

Шинтианди (新天地; Xīn Tiān Dì)

Хуучин Шанхай, шинэ Шанхайг хослуулсан Шинтианди дүүргээр бүтэн өдөржин явсан ч уйдахгүй. Тав алхаад л сонирхолтой кафе, ресторан, дэлгүүр хоршоо. 1990-ээд онд энэ хэсгийг шинэчлэн засварлахдаа шикумэн хэмээх хуучин Шанхайн орон сууцны байшингуудыг буулгаж нураалгүйгээр худалдаа үйлчилгээний зориулалтаар тохижуулжээ. Энэ ажилд нийт 170 сая ам.доллар зарцуулсан гэдэг. Европ стилийг дагасан юм шиг хэрнээ дахин нэг харвал Хятад хэв маягийг агуулсан тус дүүргийн нэрийг үгчлэн орчуулбал “Шинэ диваажин ба дэлхий” болно. Шинтианди нь жуулчин, гадныханд зориулагдсан газар болохоор үнэ өртгийн хувьд харин жинхэнэ Европ.

Фушин парк (兴公园; Fùxīnggōngyuán)

Шанхай хотын олон паркийн аль нэгийг нь сонгон зугаалахад сонин хачин зүйлтэй заавал тааралдана. Нэгэн булангаас нь оперын дуу хадаж, харин нөгөөхөд нь ахмад настнууд самба, вальс эргэж байх вий.  Өглөөгүүр бол хөгшчүүд тай чи хийх нь заалттай. Тэднийг харсан жуулчид амьтны хүрээлэнд орж ирсэн юм шиг зураг дарж гарахыг нь яана… Энэ бүхнийг үзэхийг хүсвэл Шанхайн Франц хэсэгт байрлах Фушин паркийг зорихыг зөвлөе, дашрамд нь Маркс, Энгельсийн хөшөөг ч харах боломжтой.

Цагийн хуваарь: 6:00-18:00; Үнэгүй

Юуюуан цэцэрлэгт хүрээлэн (豫园; Yùyuán)

Хятадууд цэцэрлэгт хүрээлэнгээрээ алдартай. Chinese garden гэдэг нь түүхэн уламжлалынхаа хувьд бясалгал хийж, тайвшрал олох зориулалттай хувийн эдлэн газар байсан гэдэг. Шанхайд байрлах Юуюуан цэцэрлэгт хүрээлэн нь Хятадын хамгийн том, хамгийн үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэнгийн нэг юм. Дундад зууны Хятадад буй мэт сэтгэгдэл төрүүлэх энэхүү агуу том цэцэрлэгт хүрээлэнд алтан загас хооллосон шиг хоромхон зуур ч гэлээ хотын хөл хөдөлгөөнөөс зугтах нь танд ч мөн адил тайвшралыг авчрах биз ээ. Нэгэн зүйлийг анхааруулахад, жуулчид Юуюуаныг маш их сонирхдог тул цэцэрлэгийн үүдэнд тэдэнд зориулсан томоос том зах байх агаад энд тэндээс татаж чангаах наймаачдаас зугтах нь ихээхэн авьяас шаарддаг юм билээ.

Цагийн хуваарь: 08:30 to 17:00; Тасалбар: 40 юань

Моганшан (莫干山; Mògàn Shān)

Хятад зураачдын бүтээл дэлхийн дүрслэх урлагт цахиур хагалах болсноос хойш нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Саяхныг болтол Хятадын дүрслэх урлаг Бээжин хотноо төвлөрч байсан бол сүүлийн жилүүдэд Шанхайн галерейн гудамж болох Моганшан ихээхэн анхаарал татах болжээ. Энд та Хятадын орчин үеийн дүрслэх урлагийн чиг хандлагатай танилцах боломжтой. Галерей, үзэсгэлэнгийн танхим хэсэх маягаар тал өдрийг өнгөрөөсөн ч гомдолгүй. Ядраад ирвэл булан тойроод л кафе байх тул бүү санаа зов. Хэрэв цаг зав муутай яваа бол ShanghART хэмээх Шанхайн хамгийн нөлөө бүхий галерейгаар ороод гарахыг зөвлөе.

ShanghART галерей

Цагийн хуваарь: 10:00-18:00; Тасалбар: үнэгүй

Шанхайн бууз

Гудамжинд, түргэн хоолны газар аль эсвэл тансаг ресторанд, ер нь хаа ч байсан хамаагүй, Шанхайн буузыг нэг амсаад үзээрэй. Xiaolongbao (小笼包) хэмээх Шанхай бууз нь Монгол буузнаас өөр ч, янзтай амттай.

Дугуй унах

Хятадыг унадаг дугуйгүйгээр төсөөлөхөд бэрх. Танд ч бас дугуйтай Шанхайг тойрохыг зөвлөе. Байшин барилга, сүм хийд, парк цэцэрлэг ихтэй Шанхайтай танилцахад дугуй унах нь хамгийн оновчтой сонголт ч байж мэдэх. Хамгийн гол нь алмайрч явж байгаад хүн амьтан дайрчихгүй л бол бусад нь ч яахав!

ШАНХАЙ ХОТ

Талбай: 7,037 км2, 18 дүүрэгтэй

Хүн ам: 18,884,600

- Хүн амын нягтаршил 2,683.6/км2

2008 оны ДНБ: 410.8 тэрбум ам.доллар (PPP)

- Нэг хүнд ноогдох ДНБ: 21,795 ам.доллар (PPP)

- Эдийн засгийн өсөлт: 9.7 хувь

Холбоотой нийтлэл олдсонгүй.



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.