Tabula Rasa: Ё.Далх-очир
Сонин сэтгүүлийнхэн хүмүүст асуулт тавихдаа гаргуун байдаг. “Хэн? Хэзээ? Хаана? Яагаад?” Тэгвэл “Ес далан зургаа” сэтгүүлийн TABULA RASA хэмээх энэхүү булан ямар ч асуултгүйгээрээ онцлог юм. Бид зочиндоо сэтгүүлийнхээ нэг нүүрийг “бэлэглэж”, юу дуртайгаа бичих \зурах, сийлэх, хайчлах, сурталчлах, г.м.\-ыг санал болгодог билээ. Анхны дугаарын зочноор зураач, барималч Ё.Далх-очир уригдлаа.
Ёндонжунайн ДАЛХ-ОЧИР
Монголын нэн орчин үеийн дүрслэх урлагийг Ё.Далх-очиргүйгээр төсөөлшгүй. 1989 онд ардчилсан хөдөлгөөнийхөн жагсаал цуглаан зохион байгуулж эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байсан бол Ё.Далх-очир тэргүүтэй “Ногоон морь” нийгэмлэгийнхэн манифест бичиж оюун санааны эрх чөлөөгөө зарлан тунхаглаж байсан юм. Тэр цаг үеэс хойш Далхаа олон зуун бүтээл туурвиж, олон зуун шавьтай болж амжсан. Түүнд төрийн соёрхолт, гавьяат уран бүтээлч, соёлын тэргүүний ажилтан гэх зэрэг сүржин цол гуншин байхгүй хэдий ч, тэрбээр Монголын нэн орчин үеийн урлагийг дэлхийн давцанд таниулахад чухал хувь нэмэр оруулсан үлэмж гавьяатай нэгэн.
Үнэндээ гадныхан Монголын контемпорари урлагийг Ё.Далх-очироор төсөөлж ойлгодог. Тийм ч учраас тэрбээр 2008 оны 9-р сард Гуравдугаар Гуанжоу триеннальд Монгол Улсыг төлөөлөн оролцжээ. Түүний бүтээлүүд ер бусын сүнслэг байдаг. Учир нь Далхаа мөрөөдөхөөс айдаггүй. Жишээ нь, тэр тэнгэрээс унасан мэт аварга том чоны баримал бүхий “Бөртэ Чоно”цогцолборыг Орхоны хөндийд сүндэрлүүлэхийг олон жил мөрөөдөж байгаа. Өндрөөрөө 30 давхар барилгын дайтай энэ аварга хөшөө Монголчуудын билэг тэмдэг болох учиртай гэж тэр ярьдаг.
Тэрбээр 1990-ээд оноос эхлэн инсталляци, лэнд арт, перфоманс зэрэг дүрслэх урлагийн шинэ хэлбэрүүдийг ашиглан бүтээл туурвисаар ирсэн. Түүний “Бохир гол” лэнд арт инсталляци нь байгаль орчны бохирдол хэмээх нэн тулгамдсан сэдвийг хөндсөн бол “Street art” перфоманс үзүүлбэр нь хотын гудамжаар холхилдох хүмүүстэй харилцаанд орж, гудамжнаас олдсон элдэв зүйл, хог хаягдал нь ямар нэг онцгой мэдрэмж, таашаал өгч болохыг хүмүүст мэдрүүлэн солилцоо хийхийг зорьжээ. 2005 онд Далхаа бас нэгэн сонирхолтой төсөл хэрэгжүүлсэн нь “Хонины толгой идэх нь буюу Бөртэ Чоно-ыг барих нь” байсан юм. Есөн хүн ширээ тойрч суугаад хонины толгой мөлжих нь цаана л нэг жигтэй. Нүүдэлчин соёл, нийгмийн харилцаа, хүний мөн чанарын талаар өгүүлэх энэхүү бүтээлд түүний хэлэх гэсэн зүйлс цөм шингэсэн мэт.
Өдгөө Ё.Далх-очир “Хөх нар” контемпорари урлагийн төвийн тэргүүнээр ажиллаж байна. Тэр ямагт мөрөөдөлдөө үнэнч байсаар ирсэн юм. Тэрбээр хэзээ нэгэн цагт Улаанбаатартаа олон улсын дүрслэх урлагийн томоохон арга хэмжээ зохион байгуулах талаар мөрөөддөг. Мөн Сүхбаатарын хөшөөг цэнхэр өнгөөр будахыг хүсдэг юм.
Ё.Далх-очирын Tabula Rasa:

Холбоотой нийтлэл:
- Tabula Rasa: “Ес далан зургаа” сэтгүүлийн баг Сонин сэтгүүлийнхэн хүмүүст асуулт тавихдаа...
- Д.Дорждэрэм: “Хөрөг-Ярилцлага” үзэсгэлэн 2009 оны 11-р сард “ЗанадуАРТ”...

