Залуу захирлууд
Сүүлийн жилүүдэд манай улсын бүх салбарт 1970, 1980-аад онд төрсөн залуус хүч түрэн гарч ирж, шийдвэр гаргах түвшинд ажиллаж, бодит баялгийг бүтээж эхэллээ.
“Ес далан зургаа” сэтгүүл монголын хөгжлийг тодорхойлох залуу захирлуудыг танилцуулж байна. Шинэ үеийн залуусын эрин үе айсуй.
Нэгэн үед (одоо ч гэсэн дээ) нийгэм, эдийн засгийн асуудал хөндсөн нийтлэл, өгүүлэл болгон “1989 оноос хойш Монгол Улс эдийн засаг, улс төрийн шинэчлэлийг өрнүүлж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн” гэсэн утгатай үг, өгүүлбэрээр эхэлдэг байлаа. Сүүлдээ шилжилт гэдэг ойлголт нь нийгмийн бүхий л үйл явцыг зөвтгөх аль эсвэл буруутгах шидтэй универсал тайлбар, бүх асуултын бэлээхэн хариулт болж хувирсан. Ямар сайндаа хүмүүс “Бид хэзээ шилжиж дуусах вэ?” гэж асууж байх вэ.
Зарим хүмүүс энэ асуултад, “нэгэн үе солигдож, шинэ үе гарч ирснээр нийгэм жинхэнэ утгаараа төлөвшиж, шилжилт дуусна” гэж хариулдаг. Тэгвэл тэр шинэ үе маань аль хэдийн бүрэлдэн бий болжээ. Өнөөдөр нийгэм, эдийн засаг, улс төрийн бүх салбарт 1970, 1980-аад онд төрсөн залуус хүч түрэн орж ирж, шийдвэр гаргах түвшний ажил алба эрхэлж байна. Тэднийг “завсрын үеийнхэн” гэвэл тэд гомдох болов уу. Яагаад гэвэл өнөөдөр тэд ажлын голыг нугалж, бодит баялгийг бүтээж байгаа. Тэд жирийн үйлчлэгчээс авахуулаад дунд түвшний менежер, цаашлаад томоохон компанийн захирал, төрийн сайдын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа.
Тэд бол шинэ үеийн ЗАЛУУ ЗАХИРЛУУД.
Бид өнөөдөр Монголын ирээдүйд асар ихээр нөлөөлөх аварга том төслүүдийг эхлүүлэх талаар ярьж байна. Зөвхөн Оюу Толгойн уурхай ашиглалтад ороход Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн дор хаяж хоёр дахин нэмэгдэнэ. Энэ эгзэгтэй үед шинэ үеийн залуус шийдвэр гаргах түвшинд ажиллаж, хүрээгээ тэлж, нөлөөллөө бэхжүүлэх болсон нь сайшаалтай. Учир нь тэд ямар алхам хийж, ямар шийдвэр гаргахаас маш их зүйл шалтгаална. Тэд хэн бэ?
ШИНЭ ҮЕИЙНХЭН
Тэд бол өнөөгийн Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд идэвхтэй оролцож, тоглоомын дүрмийг зохиолцож яваа дөчөөс доош насны залуус. Тэдний өмнөх үе шилжилтийн асуудлыг шийдсэн бол тэд шинэчлэлийн асуудлыг шийдэх даалгавартай. Тэдний гаргасан шийдвэр, тэдний ажлын үр дүн Монголын ирээдүйн хөгжлийг тодорхойлно. Тэдэнд асар их боломж байгаа ч, түүнээс их хариуцлага хүлээж байгаа.
1970, 1980-аад онд төрөгсөд буюу 20-40 насны залуус Монголын нийт хүн амын 35 хувийг эзэлдэг. Харьцуулбал, сүүлийн хорин жилийн туршид Монгол улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж ирсэн 40-60 насныхан нийт хүн амын маань ердөө 15 хувьтай тэнцдэг ажээ. Монголын хөдөлмөрийн насны хүн амын дийлэнх хувийг 20-40 насны залуус бүрдүүлэх болсон нь тэдний үеийнхэн ямар чухал болохыг илтгэнэ. Тэд ирэх 20 жилд юу хийж бүтээхээс маш их зүйл шалтгаалах тул тэднийг авч хэлэлцэхээс өөр аргагүй юм.
Энэ үеийнхэнд нэг маш том давуу тал бий – тэд хөрвөх чадвар сайтай. Тэд социализмын үед ухаан орж “Хэзээд бэлхэн” гэсэн тангараг өргөж байсан ч, зах зээлийн үед үзэл бодлын хувьд төлөвшиж бие хүн болцгоосон. Тэд эрс тэс хоёр нийгмийн зааг дээр өсч торнисон болохоор хаана л бол хаана биеэ авч явах, хаана л бол хаана дасан зохицох чадвартай болжээ. Энэ бол бизнесийнхэнд зайлшгүй байх ёстой чадвар.
Тэд картын барааны үед талханд оочерлодог байсан бол одоо платинум Виза картаа халааслан хаа дуртай газраа шоппинг хийх боломжтой болсон. Тэд тарчиг амьдралыг ч мэднэ, тансаг амьдралыг ч мэднэ. Тийм ч учраас тэд илүү амбицитай, илүү хөдөлмөрч, илүү хариуцлагатай байдаг. Тэд өмнөх нийгмийн юу нь болж байсан, юу нь болохгүй байсан бэ гэдгийг мэдэх тул одоо юуг өөрчлөх ёстойг илүү сайн ойлгодог.
Тэгвэл тэднийг юу нэгтгэж байна вэ?
БАРУУНЫ БОЛОВСРОЛ
1970, 1980-аад онд төрсөн залуусын чамлахааргүй хувь нь баруунд боловсрол эзэмшсэн. Өмнөх үеийн сэхээтнүүд ЗХУ, зуун Европт суралцдаг байсан бол шинэ үеийнхэн өрнийн шилдэг их дээд сургуульд боловсрол эзэмшиж, Америк, Европ, Азийн залуустай эн зэрэгцэж яваа. Тэд зах зээл гэж юу болохыг нүдээрээ харж, гараараа барьж үзсэн тул сэтгэлгээний хувьд задарч чадсан.
1970-аад оныхны хувьд эх орондоо дээд боловсрол эзэмшээд гадаадад магистр, докторын зэрэг хамгаалах нь элбэг байв. Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлын орлогч О.Орхон тэдний нэг. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгссөн тэрбээр Англид магистр хамгаалжээ. Харин 1980-аад оныхны дунд гадаадад арван жилийн сургуульд суралцаад улмаар их дээд сургуульд элсэн орсон залуус олон байдаг. Тухайлбал, “Мон ойл энд газ” ХХК хэмээх Монголын нефть импортлогчдын консорциумын захирал О.Содбилэг байна. Швейцарт дунд сургууль төгссөн даруйдаа Жоржтауны их сургуульд суралцсан тэрбээр одоо дэлхийн шилдэг Business School-ын нэг болох INSEAD-д бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж байгаа.
1990-ээд онд бизнес хийж эхэлсэн өмнөх үеийнхнийгээ бодвол тэд илүү зохион байгуулалттай, мөн аливаа асуудлыг ном журмаар нь шийдэх эрмэлзэлтэй. Тэд менежмент гэж юу болохыг мэднэ. Жил ирэх тусам томорч, эргэлт нь нэмэгдэж байгаа үндэсний компаниудад ийм залуус агаар ус мэт хэрэгтэй. Аливаа байгууллага томрох тусам менежментийн асуудал хурцаар тавигдаж эхэлдэг. Ямар бодлого баримтлах вэ, ажилтнуудаа хэрхэн яаж урамшуулах вэ, ашиг орлогоо яаж нэмэгдүүлэх вэ? Тийм ч учраас байгууллагууд эдгээр асуултад хариулж чадах залуусыг ажилд авахыг хүсдэг.
Маш олон салбарт нэгэн зэрэг үйл ажиллагаа явуулж, өдөр ирэх тусам хүрээгээ тэлж буй “М-Си-Эс” групп хүний нөөцийн бодлогодоо ихэд анхаарч ажилладаг нь мэдрэгддэг. Тэдний амжилтын багагүй хувь нь гадаадад өндөр боловсрол эзэмшсэн боловсон хүчнийг өөртөө татаж, чадварлаг баг бүрдүүлсэнтэй нь холбоотой. Тус группын охин компанийн нэг “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав АНУ-д MBA хамгаалсан бол “Гоёо” ХХК-ийн захирал С.Энх-Амгалан мөн АНУ-д Fulbright-ын тэтгэлгээр суралцжээ. Мөн “М-Си-Эс” группын хөрөнгө оруулалттай “Энержи Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Словак улсад органик химийн чиглэлээр PhD хамгаалсан Г.Батцэнгэл ажиллаж байна.
Барууны менежментэд нэвтэрч, үр ашигтай ажиллах арга ухаанд суралцсан маш олон чадварлаг Монгол залуус бий. Тийм ч учраас Монголын залуу захирлуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм.
АЖЛЫН ТУРШЛАГА
Хичнээн өндөр боловсролтой байлаа гээд ажлын дадлага туршлагагүй бол амжилт олохгүй. Саяхныг хүртэл туршлага хуримтлуулж явсан шинэ үеийнхэн одоо нэгдүгээр хүн болоход хангалттай бэлтгэгдсэн гэж хэлж болно. Тэдний дунд арван хэдэн настайгаасаа эхлээд ажилласан нь ч бий. “ТэнГэр Санхүүгийн Нэгдэл” ХХК-ийн захирал Ч.Ганхуяг гэхэд 17-хон настайдаа Хөрөнгийн биржид ажилд орж байсан гэдэг. Тэр саяхан Швейцарийн Давос хотноо зохион байгуулагддаг Дэлхийн Эдийн Засгийн Форумд оролцоод ирсэн. Давост Билл Гэйтс, Жорж Сорос, Билл Клинтон, Сергей Брин нарын дэлхийн улс төр, бизнесийн элитүүд уригддаг шүү дээ. Ирсэн даруйдаа Монголын Эдийн Засгийн Форумыг зохион байгуулж амжсан нь суусан газраасаа шороо атгаж сурсан хүний занг илтгэнэ.
Өнөөдөр Монголын мянга мянган залуус хилийн чанадад ажиллаж байна. Тэд хөрөнгө оруулалтын банк, мэдээллийн технологийн компани, эрдэм шинжилгээний байгууллага гэх мэт төрөл бүрийн салбарт хариуцлагатай алба хашдаг. Тэдний түрүүч нь Монголдоо эргэн ирж, хуримтлуулсан туршлагаа эх орныхоо хөгжил дэвшилд зориулахыг зорьж байна. Үндэсний компаниуд ч тэднийг дуртайя ажилд авдаг. Тухайлбал, АНУ-ын JP Morgan хөрөнгө оруулалтын банкинд арав гаруй жил ажилласан туршлагатай Б.Болд саяхан “Ньюком” ХХК буюу “Мобиком” корпорацийн толгой компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогджээ. “Мобиком”-ын өрсөлдөгчдийн нэг “Юнител” корпорацийг ч мөн АНУ-д боловсрол эзэмшсэн, тэнд ажиллаж байсан туршлагатай Б.Билигүүн хэмээх залуу удирдаж байна.
Дотоодын томоохон байгууллагад туршлага хуримтлуулан улмаар хувийн бизнесээ эхлүүлсэн залуус ч олон. “UFC” группын захирал О.Амартүвшин Мобиком корпораци, “М-Си-Эс” группт ажиллаж, туршлага хуримтлуулсны үндсэн дээр хүнсний үйлдвэрлэлийн салбарын манлайлагч компаниудын нэгийг байгуулж чадсан юм. Тэр өргөн цар хүрээтэй маркетингийн кампанит ажил зохион байгуулснаар маш богино хугацаанд зах зээлд байр суурь эзэлсэн билээ.
ХУРД + БҮТЭЭМЖ
Огцом даяаршиж буй өнөөгийн нийгэм асар их хурдтай байхыг шаардах болсон энэ үед хэн хамгийн хурдтай байна, тэр хожих болжээ. Шийдвэр гаргагчид мэдээллээс хоцрохгүй байх, дээр нь маш богино хугацаанд оновчтой шийдвэр гаргадаг байх ёстой. Энэ тал дээр шинэ үеийнхэн хэнийг ч дагуулахгүй. Тэд интернэтийн эрин үед эрийн цээнд хүрсэн тул хаанаас яаж мэдээлэл олж авахаа маш сайн мэддэг төдийгүй түүнийгээ маш сайн боловсруулж чаддаг. Тийм ч учраас Монголын мэдээллийн технологийн компаниудын дийлэнхийг дөчөөс доош насны залуучууд удирдаж байна. “Ес далан зургаа” сэтгүүлийн өмнөх дугаарт ярилцлага өгсөн “Синглтон” ХХК-ийн захирал, www.biznetwork.mn сайтыг үүсгэн байгуулагч В.Баярсайхан бол тэдний нэг.
Даяаршсан нийгэмд өөрийн гэсэн үзэл бодолтой, түүнийгээ илэрхийлэх чадвартай хүн амжилт олдог. Өөрийн зорилгыг зөв тодорхойлдог байхын сацуу үзэл бодлоо цэгцтэй, хүнд ойлгомжтойгоор тайлбарладаг байх нь чухал. Үүнийг Америкууд communication skill гэж нэрлэдэг. 1970, 80-аад оныхон communication skill сайтай. Тэд нээлттэй байж чаддаг, мэдээлэл солилцож чаддаг. Тэдний өмнөх үеийнхэн мэдээлэлд маш харам ханддаг нь хөгжих боломжийг нь хязгаарладаг шүү дээ.
Харин шинэ үеийн залуу захирлууд Facebook, LinkedIn-д бүртгэлтэй, зарим нэг нь блогтой. “Прайм даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Ганзориг бол эртний блогчин (http://ganzorigulziibayar.blogspot.com). Тэр хэдхэн сарын өмнө Монголын Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгчийн хувиар Bloomberg телевизэд ярилцлага өгч харагдана лээ. Коммуникацилаг байх ийм л чухал.
Нас залуу, цус шингэн залуус бизнест төдийгүй улс төрд хөл тавих болсон. 2010 оны 3-р сард болсон Ардчилсан Намын Үндэсний зөвлөлдөх хорооны сонгуульд ялалт байгуулсан гишүүдийн тал хувь нь 40-өөс доош насны залуучууд байсан юм. МАХН-ын Бага хурал дахь залуусын төлөөлөл ч жилээс жилд нэмэгдсээр байгаа. Тэд асуудалд илүү бүтээлчээр хандаж, бодлого тодорхойлох үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
Эрхэм уншигч та эргэн тойрноо нэг сайн хар даа. Та хэдэн залуу захирал таних вэ? Магадгүй та ч бас тэдний нэг байж болох. Учир нь тэд маш олуулаа шүү дээ.
Тийм ээ, монголын бизнесийн салбарт шинэ үеийн залуус манлайлах боллоо. Тэд иргэншсэн, үйлдвэржсэн, технологижсон монголыг цогцлон байгуулах үйл хэрэгт шамдаж байна. Тэдэнд итгэл үнэмшил, эр зориг бий. Амттай амьдаръя, залуус аа!
Холбоотой нийтлэл олдсонгүй.

