Зураач Д.Батзориг: “Зүгээр л энгийн байя”
Саяхны нэгэн амралтын өдөр зураач Д.Батзоригийн урлангаар зочилж, бүтээл туурвих үйл явцын талаар ярилцсан юм. Харин өнөөдөр ажил дээрээ ирээд ярилцлагаа буулгах санаатай жаал суув. Хоёр цаг гаруйн бичлэг – урлаг, уран бүтээл – асар гэгээлэг сэдэв. Гэвч гадаа хүмүүс жагсаад байдаг. Чимээ шуугианд нь мансуурч орхив, ажил ч явж өгдөггүй. “Албан тасалгааны цонхоор алсын бараа харагдахгүй” гэгчээр зарим хүмүүс талхны төлөө гудамжинд жагсаж байхад зарим нэг нь урлаг яриад сууж байдаг. Хэнд хэрэгтэй юм бэ?
Яг энэ цаг мөчид урлаг бүтээдэг, урлаг ярьдаг хүмүүс бидэнд хамгаас илүү чухал байх шиг. Бүгд талх масло хөөцөлдөөд эхэлвэл яах болж байна аа? Тийм ээ, амьдрал хэцүү байна. Тийм ээ, цалин бага байна. Гэхдээ амьдрал бол дайны талбар шүү дээ. Хүн бүр тэмцэх ёстой. Энэ утгаараа Монголын зураачид бол жинхэнэ партизанууд. Учир нь тэд тэмцдэг.
Гудамжинд хүмүүс жагсаж байна. Би Базо руу залгалаа. Тэр урландаа зургаа зураад сууж байна гэнэ. Би тайвширлаа.
Чөлөөт уран бүтээлчийн ажлын өдөр яаж өрнөдөг вэ?
Янз бүр л дээ. Жишээ нь, өнөөдөр ямар нэг зүйл бодож төлөвлөөд хийдэг, гэтэл маргааш тэр нь өөрчлөгдөх тохиолдол гарна, яагаад гэхээр нөгөө хийж байсан зүйл маань явцын дунд дахиж боловсрогддог. Эцсийн үр дүн нь анх гарсан эскизээс хувирах тохиолдол ч бий. Анх гарсан эскиз нь өдөртөө шийдэгдэх тохиолдол ч бий. Үргэлж шинэчлэгддэг гэх үү дээ.
Өглөө 9:00 цагт ажилдаа явна гээд л гэрээсээ гарах уу?
Үгүй ээ, бас тийм биш. Уран бүтээлч хүмүүс чинь ямар нэгэн зүйл бүтээж байгаа хүмүүс ш дээ, ямарваа нэгэн цаг, горимд баригдахгүй. Цаг нормтой, төлөвлөгөөтэй улсын ажил ч юм уу, компанийн ажил биш шүү дээ. Тэд бол зайлшгүй цаг нормд баригдана, зөрөөд ч хэрэг байхгүй. Уран бүтээлчийн хувьд бодох цаг хугацаа их чухал байдаг. Хааяадаа шөнө ч унтахгүй.
Зарим нэг гадаадын уран бүтээлч, “Би өглөө бүр тодорхой цагт урлан дээрээ ирж, өөртөө тодорхой зорилго тавин ажилладаг. Өөртөө цагийн хуваарь бодож олоод, юм гарсан ч гараагүй ч, заавал суудаг” гэж ярьдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, “өөрийгөө хуваарьт оруулахгүй бол горим алдагдчихдаг” гээд байгаа юм.
Тийм зүйл шаардлагатайг хүлээн зөвшөөрнө өө. Жишээ нь, өглөө үүрээр, өдөр дөнгөж эхэлж байхад хийсэн бүтээл өөр байдаг. Гадаад дотоодын, иргэншилтэй газрын нөхдийг харвал бид ч бас тийм горимд орох ёстой байх л даа. Тэгмээр санагддаг. Гэхдээ Монгол хүний сэтгэлгээ, зан араншин байна шүү дээ, хатуу горимд ороход хэцүү байдаг талтай.
“Онгод орохгүй”, гацаалтанд орсон үедээ яадаг вэ?
Онгод гэдэг бас харьцангүй. Шөнө зүүдлээд хийх тохиолдол байна. Зарим тохиолдолд олон жилийн турш нэг зүйл бодож яваад, нэг л өдөр “Ерөөсөө энэ л байсан юм байна ш дээ” гээд шууд ороод ирэх тохиолдол ч бий. Үүнийг л би онгод гэж ойлгодог юм.
Дүрслэх урлагийн бүтээл төрөхөд ерөнхийдөө гурван зүйл шаардлагатай байдаг л даа. Ямар нэг санаа олчихлоо гэж бодъё. Материалгүй бол түүнийгээ буулгах хэцүү. Санаа нь байгаад, материал байлаа гэж бодоход цаг хугацаа хэрэгтэй болно. Цаг хугацаа, материал, бодож сэтгэсэн зүйл гурав нийлж байж онгод гэдэг юм уу, тэр зүйл нь биеллээ олох байх.
Уран бүтээлч гэж хэн бэ?
Уран бүтээлч болоход тэр сэтгэлзүй, тэр сэтгэл зүрх л хэрэгтэй болов уу. Түүнээс биш, “Өө, би өнөөдөр урлаг хийчихье” гээд хийчихдэг зүйл биш. Амьдралаа зориулна гэж ярьдаг ш дээ, тэглээ гээд би урлагийн төлөө амьдрах ёстой юм байна гэж өөрийгөө хайрцаганд хийх ямар ч шаардлага байхгүй. Хэрэв тэр хүнд урлагийн төлөө цохилох сэтгэл зүрх байгаа бол, тэр хийж л таарна. Түүнээс биш, “Би ерөөсөө л урлагийн төлөө хүн юм байна” гэж ярих утгагүй байх.
Тэгвэл чи яах гэж урлаг хийдэг вэ?
Яг таг тэгээд бодоод гаргачихсан зүйл алга л даа. Гэхдээ урлаг гэдэг бол, тухайн цаг үеийг тэмдэглэж үлдээдэг асар том философи шүү дээ. Өнөөдрийн цаг хугацаанд юу бодож сэтгэж байна, бүтээлчээр яаж хандаж байна, тэр чухал. Өөрөөр хэлбэл, би энэ цаг хугацаанд юу бүтээж байна вэ гэдэг л чухал.
Яагаад заавал чи зураг зурах ёстой гэж? Дорж, Дулмаа ч гэсэн зураг зурж болно шүү дээ, гэтэл тэд зурдаггүй, харин чи зурдаг. Ямар нэгэн тусгай дуудлага байна уу?
Тэнгэрээс хардаг юм байдаг байх. Жишээлбэл, яруу найрагч хүн бол шүлэг бичнэ, дизайнер хүн загвараа гаргана. Харин би зураг зурдаг, тэгэхгүй л бол болдоггүй юм. Цаанаасаа л тийм.
Чамд болон чиний уран бүтээлд маш ихээр нөлөөлдөг зүйл юу вэ?
Мэдээж хэрэг янз бүрийн зүйлээс кайф авна, гэхдээ тэднээс сэдэл буюу санаа авах тохиолдол их ховор. Өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсож, өөртэйгээ харьцана. Тэгж байж л ямар нэг шинэ юм гаргаж ирэх болов уу. Түүнээс биш, асар олон зүйлийг судалж, мэдсэний үндсэн дээр бүтээл хийнэ гэдэг харьцангүй. Нэг хүн хэлсэн байдаг юм, “Хүн хэтэрхий их мэдлэгтэй болох тусмаа, асар их мэдээлэл авах тусмаа шинэ юмыг хүлээж авч чадахаа байчихдаг” гэж. Би мэдээлэл, мэдлэг боловсрол гэдгийг үгүйсгэдэггүй. Гэхдээ тэр хүний үг их зөв санагддаг юм.
Тэгвэл шинэ бүтээл хаанаас гарч ирдэг вэ?
Хүнээс л гарна. Гэхдээ уран бүтээлч гэхээрээ л “Би заавал шинийг хийх ёстой” гэж бодох хэрэггүй байх. Зүгээр л энгийн байя. Угаасаа хүн болгон асар их мэдээлэл авч байгаа. Тэр дундаас өөрийнхөө үзэл санааг гаргаж тавих нь чухал.
Чамайг зураач болоход хамгийн их нөлөө үзүүлсэн уран бүтээлч хэн бэ?
Хүндэлж явдаг уран бүтээлчид байлгүй яахав. Жишээ нь, Монголоос гэвэл Эрдэнэбаяр ах, Мөнхцэцэг эгч хоёр байна, тэр хоёрыг бол би яалт ч үгүй хэлдэг юм. 2005 оноос хойш “Хөх нар” орчин үеийн урлагийн төвийг олж мэдээд, Далхаа ахтай холбогдсоноос хойш Далхаа ах байна. Их олон зураачид байна л даа, Энхжин гуай байна, Мөнхжин гуай байж байна, Ч.Болдбаатар ах байна. Гаднаас гэх юм бол, Жозеф Бойс, Дэмиен Хөрст байна. Тэд нараас их тийм гоё кайф, энерги авдаг.
Чиний сүүлийн үеийн уран бүтээлд тойрог асар чухал байр суурь эзлэх болсон. Яагаад заавал тойрог зурах болов?
2007 онд үзэсгэлэн гаргах гэж байв. Арга буюу өөрийгөө ухах шаардлагатай болсон. Анх би ТВ-ээр нар хиртэлтийг хараад, этюд хийж байлаа. Хоёр этюд хийгээд, урландаа тавьчихаад байж байв. Нэг хайрцаганд байгаад байгаа ш дээ, би өөрөө. Байгалийн зураг зураад л, эсвэл зохиомж хийгээд л, өнгөний ч юм уу, тийм ээ. Зарим нэг юмнаас санаа аваад л хийдэг. Сүүлдээ яагаад ч юм, өнөөх хоёр зургаа хараад, ер нь тойрог зурья гэж бодож байгаа юм. Анх гараараа зурсан, хэлбэр галбиргүй, яажгий тойрог. Дараа нь түүнийгээ яаж хялбарчилж болох вэ гэж бодоод гортиг татаж үзлээ, сүүлд нь форматыг нь өөрийг нь эргүүлээд, энэ хэлбэрээрээ зураад эхэлсэн. Өмнө нь ном сэтгүүл үзээд л, мэдээлэл авч байхад энэ тойрог гэдэг юм чинь нүдний урдуур их өнгөрдөг байсан байгаа юм. Харин сүүлд тэр бүхэн маань нийлбэрээ олоод, зохиомжийн хувьд ойлгомжтой болоод ирсэн.
Чиний тойргуудыг хүмүүс янз бүрээр тайлбарласан байдаг. Бурхны шашинтай холбох нь ч бий, нүүдэлчин соёлтой холбох нь ч бий. Тэдгээр тайлбарууд чамд ямар санагддаг вэ?
Урлаг судлаачид аливаа бүтээлийг өөрсдийн бодсоноор дүгнэж хэлж чаддаг ч, тэд тодорхой хэмжээнд “буудаж” л таарна. Жишээ нь, сургуульд үздэг ш дээ, алтан огтлол, алтан гурвалжин, өөр юу байдаг юм. Онолын түвшинд нэг тийм хийсвэрлэл бий болгочихсон байдаг. Зураач өөрөө бол хэзээ ч, “Энэ хүний толгойг үүнтэй холбоод, ингэж зурвал алтан гурвалжин үүсэх юм байна” гэж боддоггүй л байхгүй юу. Гэтэл урлаг судлаачид анализ хийгээд явчихдаг.
Жишээ нь, миний зургийг Оросын Андрей Хлобыстин гэдэг буддизмыг нэлээд судалж сонирхдог судлаач бурхны шашинтай холбож тайлбарласан байсан. Болохгүй ч юм байхгүй л дээ.
Бүтээлээ туурвих явцад тиймэрхүү бодлууд чамд төрж байв уу? Бурхны шашинтай ингэж холбогдох юм байна ч гэдэг юм уу?
Тиймэрхүү зүйл огт бодож байгаагүй. Би голцуу харагдах байдал талаас нь, хүнд яаж хүргэх вэ гэдэг талаас нь боддог. Формат хэмжээ, өнгө шийдэл ямар байх вэ, яаж харагдах вэ, ерөнхий массаар нь бодож байгаа юм. Хэрэв янз бүрийн философитой холбох гэж оролдоод дотоод мэдрэмжээ ийш тийш нь чихээд эхлэх юм бол будилна. Яваандаа өөрөө төөрөгдөлд орно. Хүн хараад яаж хүлээж авах вэ, яг тэр талаас нь л бодож хийж байгаа, түүнээс биш нэг их философидоод л, олигтой юм хийгээгүй байж асар олон юм ярьдаг хүмүүс байдаг ш дээ, тийм байхыг хүсдэггүй.
Эцсийн эцэст уран бүтээл л үлдэнэ шүү дээ. Хүн өөрөө бол ертөнцийн мөнх бусыг үзнэ. Уран бүтээл үлдэх учраас, тэр уран бүтээл ярьж байх ёстой. Зохиомж, өнгө шийдэл, ерөнхий массын түвшинд. Сүнсээ шингээнэ гэж ярьдаг ш дээ, тэгэхээр уран бүтээл нь бүхэлдээ тухайн хүнээ илэрхийлж байх ёстой.
Чиний зорилго юу вэ?
Хүмүүсийн сэтгэлзүйд бага багаар юм хийгээд л явах. Урлаг бол угаасаа тийм шүү дээ.
Дугарсүрэнгийн БАТЗОРИГ (БАЗО)
1979 онд Сүхбаатар аймагт төрсөн. 1999 онд “Сэтгэмж” дизайны дээд сургууль, 2004 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг төгссөн. 2007 онд МУЭХ-ны арт галерейд “Art works of BAZO”, 2007 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын “Глобус” галерейд “1х45 хүрдэн”, 2009 онд “ЗанадуАРТ” галерейд “Давтамж” бие даасан үзэсгэлэн гаргасан.
Холбоотой нийтлэл:
- Ардын зураач Б.ЧОГСОМ: “Матар” сэтгүүлд шүүмжлүүлж гарвал том асуудал болдог байлаа. Монгол улсын ардын зураач, Урлагийн...

bi “har nuh” gedeg uran buteeliig n “namar 2010″ uzesgelengees uzsen uneheer taalagdsan ih saihan uzeh ym olontoi uzesgelen garsan baina lee
Санал сэтгэгдэл
Жиргээ
Сэтгүүлийн баг
Булан
Ес далан зургаа ТААЛАГДСАН бол нэгдээрэй!