Нүүр » №002, Багана, Эдийн засаг

Капиталд НУУЦ бий юу?

[1 May 2010 | Б.Жаргалан]

ЗӨНЧ МЭРГЭН ДЕ СОТО

Эдийн засагч Эрнандо де Сото Монгол улсад айлчилсан нь өнгөрөгч хоёрдугаар сарын хамгийн чухал үйл явдлаар тодорлоо. Монголын эдийн засгийн форум олигтой үр дүнд хүрээгүй ч, де Сотогийн илтгэлээр нүүр тахлаад тарцгаав. Монголчууд де Сотог Холливудын од мэт хүлээж авсан гэвэл хилсдэхгүй. Үгүй ээ, бид Холливудын одуудыг ч тэгж угтдаггүй, ер нь манайхан барагтай юманд тэгтлээ их хөл алдаад байдаггүй шүү дээ. Гэтэл Эрнандо де Сото Монголд ирсэн нь Далай лам Гандан тэгчинлин хийдэд гэгээн дүрээрээ заларсны дайтай үйл явдал болдог юм байж.

Хэвлэл мэдээллийнхэн ч яаж дутах вэ, де Сотод “дэлхийн аугаа эдийн засагч”, “эдийн засгийн ухааны ноён оргил”, “энэ зууны гайхамшигтай ухаантай хүн”, “эдийн засгийн хөгжлийн онолын гол төлөөлөгч” гэх зэргээр маш олон цол гуншин хайрлаж, эгээ л Нобелийн шагнал олгочихсонгүй.

Тэгвэл Перу улсын иргэн де Сото чухам яагаад Монголчуудын авралын од, бурхны элч болчихов оо? Арга ч үгүй биз, бид чинь бурхны шашнаа чөлөөт эдийн засгийн онолоор, түүхэн уламжлалаа эрэлт нийлүүлэлтийн зарчмаар сольж орхисон хүмүүс. Аливаа ард түмэнд хэн нэгэн зөнч мэргэн хэрэгтэй байдгийн нэгэн адил капиталист нийгэмд дасан зохицохыг хичээж буй бидэнд сургаалаа айлдах хэн нэгэн санваартан үгүйлэгдэж байлаа. Гавьяат эдийн засагчид нь хүртэл чөлөөт эдийн засаг хэрхэн яаж ажиллах ёстой талаар тоймтой зүйл хэлж чадахгүй байхад буянт Ерөнхийлөгчийн маань ачаар “ядуу буурай Монголыг тоож ирсэн” “эдийн засгийн ухааны ноён оргил” де Сотод найдлага тавих нь аргагүй юм.

Чөлөөт зах зээлийн зөнч мэргэн де Сото юу сургав? Түүнийхээр бол, капиталын нууц ердөө өмчийн эрхийн асуудалд оршдог байна. Өөрөөр хэлбэл, бид бүх хөрөнгөө бүртгэж аваад, түүнийгээ хамгаалж чаддаг л юм бол АНУ-ын нэгэн адил хөгжих юм байх. Де Сотогийн тооцоолсноор, Монголын иргэд 7.5 тэрбум ам.доллартай тэнцэх үхмэл капиталын эзэд буюу дурын нэг Дорж дор хаяж 2 500 ам.долларын эд хөрөнгөтэй аж. Харамсалтай нь, тэр нь үхмэл хөрөнгө буюу эдийн засгийн эргэлтэд орох боломжгүй капитал. Манай улсын хүн амын талаас дээш хувь нь ядуу, нэн ядуу гэсэн тодотголтой, гэтэл де Сото айл өрх бүрт хөрөнгө бий гэж яриад байдаг. Тэр их хөрөнгө мөнгө нь чухам хаана нуугдаж байна вэ?

БАРЬЦАА БАЙГАА ЮУ?

Танд ямар нэгэн бизнесийн санаа байлаа гэж бодъё. Банк, санхүүгийн байгууллагаас зээл авахын тулд маш сайн бизнес төлөвлөгөөтэй байхаас гадна барьцаа хөрөнгөтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, та үл хөдлөх хөрөнгө, орон сууц, хашаа байшингаа барьцаалсны үндсэн дээр зээл авна. Хэрэв таны бизнес бүтэлгүйтвэл зээл олгосон байгууллага барьцааг хураан авч, хохирлоо барагдуулах учиртай. Энэ нь эрсдлийг бууруулах үндсэн арга хэрэгсэл юм. Хэрэв та барьцаалах хөрөнгөгүй, бичиг баримтын зөрчилтэй бол зээл авах талаар мөрөөдөөд ч хэрэггүй.

Де Сотогийн үндсэн санаа нь, хөрөнгөтэй атлаа түүнийгээ батлах эрхийн бичиггүй иргэдийг бүртгэлд хамруулж, эрхийн бичиг олгох замаар иргэдийг хөрөнгөжүүлэх явдал юм. Түүнийхээр бол, ямар ч хөрөнгөгүй хүн ховор бөгөөд ихэнх ядуус тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө хуримтлуулсан байдаг гэнэ. Наад зах нь, тэд хууль бусаар газар эзэмшиж, түүн дээрээ байшин саравч барьдаг боловч түүнийгээ бүртгүүлж чаддаггүй. Бүртгэлгүй хөрөнгийг барьцаалах боломжгүй учраас тэр нь үхмэл хөрөнгө болдог.

Де Сотогийн багийнхан Монголын 850 өрхийн аж амьдралтай танилцаж, түүвэр судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дөнгөж найман хувь нь иргэний үнэмлэх, газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гэх мэт бичиг баримттай байжээ. Харин үлдсэн 90 гаруй хувь нь дутуу, буруу бичиг баримттай байсан байна. Өмчийн эрхийн тогтолцоо гэдэг бол иргэдийн хөрөнгийг баримтжуулах буюу “хөрөнгөжүүлэх” шалгарсан арга хэрэгсэл гэж үздэг де Сотогийн хувьд дээрх тоо дэндүү хангалтгүй санагджээ.

МӨНГӨ МОДОН ДЭЭР УРГАДАГГҮЙ

1990-ээд оны үед де Сото төрөлх Перугийнхаа Ерөнхийлөгч Альберто Фужиморигийн эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байв. Тэд үхмэл капиталыг амь оруулах зорилгоор 1998-1999 онд Лима хотын 200,313 айл өрхөд газрын гэрчилгээ олгожээ. 2002 оны байдлаар тэдгээр айлуудын ердөө 24 хувь нь л ямар нэгэн зээл авч чадсан байна. Хамгийн хачирхалтай нь, зээл авсан хүмүүсийн дунд арилжааны банкаас зээл авсан хүн бараг байгаагүй бөгөөд ихэнх нь ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамрагджээ.

Де Сото шал өөр зүйл ярьсан шүү дээ. Иргэдийн хөрөнгийг баталгаажуулах л юм бол тэд ямар нэг аргаар мөнгө босгоод, бизнесээ өргөжүүлнэ гэж яриад байсан. Туршлагаас харахад, Лимагийн “гэр хороололд” амьдардаг нөхөр хашаа саравчаа барьцаалах боломжтой болсон ч гэлээ, түүнийг нь тоож барьцаанд авах банк, санхүүгийн байгууллага ховор байжээ. Тэгээд ч тэр нөхөр банкны шаардлагыг хангах бизнес төлөвлөгөө боловсруулж чадах эсэх нь эргэлзээтэй. Бүх зүйл нь бүтдэг юм аа гэхэд, зээл олдох нь юу л бол. Арилжааны банкууд нь хадгаламж татах гэж арав гаруй хувийн хүү санал болгодог манайх шиг улсын хувьд, зээлийн эх үүсвэрийн асуудал хурцаар тавигдана. Алтны магнатуудад нь хүртэл зээл олдохгүй байхад долоон буудлын Дорж зээл авч чадах нь юу л бол. Учир нь зээлийн эрэлт байсан ч гэсэн, хадгаламжийн нийлүүлэлт байх шаардлагатай шүү дээ.

БИДЭНД ӨМЧ ХӨРӨНГӨ БИЙ

Тэгээд ч Де Сотогийн яриад байгаа ард иргэдийн хөрөнгийг баталгаажуулах ажлыг бид хийгээгүй биш, хийсэн. Хорьхон жилийн өмнө манай улсад хувийн өмч гэсэн ойлголт байдаггүй байлаа. Хотынхон орон сууцанд амьдарч байсан боловч тэр нь улсынх, малчид мал сүрэгтэй байсан боловч тэр нь нэгдлийнх. Харин Ардчилсан хувьсгалын үр дүнд орон даяар өмч хувьчлал явагдаж, малыг малчдад нь, орон сууцыг эзэмшигчдэд нь, харин газрыг иргэдэд хувьчилсан.

Тухайлбал, 1997 онд орон сууцыг эзэмшигчдэд нь үнэ төлбөргүй хувьчлах шийдвэр гарч, 80 гаруй мянган айл өрх орон сууцаа өмчлөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй болсон билээ. Харин малчид маань 20 сая орчим тоо толгой мал сүргийг хувьчилж авсан. Түүнчлэн, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсанаас хойш 2009 оныг дуустал нийт 80203 нэгж талбар буюу 4367.9 га газрыг иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлжээ. Өөрөөр хэлбэл, өмч хувьчлалын үр дүнд Монголын иргэд баталгаа баримттай өмч хөрөнгөтэй болсон нь маргаангүй. Банкууд ч орон сууц, мал, газар барьцаалсан зээл олгодог болсон.  Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хувьд, Улаанбаатар хот руу шилжин ирж гэр хороололд шинээр суурьшиж буй хүмүүсийн хувьд л өмчийн эрхийн асуудал хэцүү байгаа болохоос биш, бусдынхан асуудал тодорхой хэмжээнд шийдэгдсэн гэж хэлж болно.

ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦАА

Тэгвэл асуудлыг илүү өргөн хүрээнд авч үзье. Хүн болгон өдөр бүр эдийн засгийн харилцаанд ордог буюу өдөр бүр тодорхой хэмжээний орлого олж, түүнийгээ захиран зарцуулж байдаг. Асар том компанийн захирал байсан ч тэр, гудамжинд тамхи ширхэглэдэг наймаачин байсан ч тэр, аль аль нь эдийн засгийн харилцаанд орж байгаа. Компанийн захирлын бүх харилцаа бүртгэл тооцоотой, эрх зүйн баталгаатай байж чаддаг бол захын наймаачны харилцаа ямар ч бүртгэл тооцоогүй, эрхзүйн хувьд хүчин төгөлдөр бус байдагт учир байгаа юм. Эдийн засгийн харилцаа бүртгэл тооцоогоор баталгаажсан тохиолдолд зээл авах, хөрөнгө оруулалт татах боломж нээгдэнэ. Энэ нөхөр сар бүр тэдэн мянган төгрөгийн орлоготой ажилладаг юм байна, тэдэн мянган төгрөгийн татвар төлдөг юм байна, зээл авбал түүнийгээ төлж чадах юм байна гэсэн итгэл үнэмшил бий болсон тохиолдолд түүнд банк, санхүүгийн байгууллага зээл өгөх шийдвэрийг гаргана. Өдөрт хэдэн ширхэг тамхи зардаг нь тодорхой бус, ямар ч бүртгэлгүй, татвар төлдөггүй наймаачинд зээл өгөх боломжгүй. Иймд түүнд өөрийн хязгаарлагдмал эх үүсвэртээ тулгуурлан эргэлтээ бага багаар нэмэгдүүлэх, эсвэл танил талаасаа мөнгө гуйх гэсэн хоёр л сонголт үлдэнэ, бусдаар бол гадны санхүүжилт хаалттай.

Де Сотогийн онолыг хэт хялбарчлан ойлгож, зөвхөн өмчийн бүртгэлийн талаар ярихын оронд далд эдийн засгийн талаар яривал илүү зохимжтой санагдаж байна. Учир нь эдийн засгийн харилцааг баримтжуулна гэдэг бол Монгол улсын хувьд нэн тулгамдсан асуудал юм. Далд эдийн засгийг ил болгоход мэдээж мөнөөх бүртгэлийн тогтолцоо зайлшгүй шаардагдана. Түүнчлэн, бизнесийн үйл ажиллагаагаа албажуулж, тайлан тооцоогоо бодитоор гаргах явдал маш чухал юм.

Уул нь бол Монголд аж ахуйн нэгж бүртгүүлэх нь де Сотогийн иш татдаг Перугийн жишээнээс хамаагүй хялбар. Түүнийхээр бол, Перуд компани бүртгүүлэхэд 289 хоног уйггүй хөөцөлдөж, дээр нь 1 231 ам.долларын зардал гаргах хэрэгтэй болдог гэнэ. Монголын хувьд, бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлсэн тохиолдолд хоёр долоо хоногийн дотор байгууллагын гэрчилгээ, тамга тэмдгээ авчихна. Үнэ өртгийн хувьд ч харьцангуй хямд, нотариатын зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нь төлөхөд л хангалттай (дүрмийн сангийн доод хэмжээ нэг сая төгрөг ба түүнийг нь эд хөрөнгөөр бүрдүүлж болно).

Түүнчлэн, татварын асуудал байна. Ихэнх хүмүүс татварыг дарамт гэж ойлгодог. Хувь хүмүүс, байгууллагууд татвар төлөхгүйн тулд үйл ажиллагаагаа нуун дарагдуулж, албан бус эдийн засгийн харилцаанд орох нь элбэг. Гэтэл дэлхийн улс орнуудтай харьцуулах юм бол манайд татварын дарамт харин ч бага шүү дээ – аж ахуйн нэгж, хувь хүмүүст улсын төсөвт ердөө 10 хувийн орлогын татвар төлдөг. Харьцуулахад, та АНУ-д ажиллавал нийт орлогынхоо 35 хүртэлх хувийг татварт суутгуулна.

Өөрөөр хэлбэл, далд эдийн засгийг ил гаргахад хувь хүний оролцоо хамгаас чухал юм. Компани байгуулах, орлогоо тайлагнах эсэхийг хувь хүн өөрөө л шийднэ шүү дээ. Түүнээс биш хэн нэгэн эдийн засагч ямар нэгэн онол дэвшүүлээд, түүнийг нь хэн нэгэн албан хаагч авч хэрэгжүүлснээр иргэн бүр баяжчихдаг юм биш. Баялгийг хүн бүтээдэг. Шийдвэрийг хүн гаргадаг. Капиталын нууц гэж байдаг бол, уйггүй хөдөлмөр, зөв шийдвэрийн үр дүнд бий болдог хөлс хүч шингэсэн зүйл байх болов уу.

ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТ

Сүүлийн үед “эдийн засгийн эргэлтэд оруулна” гэдэг хэллэг хүн бүрийн амны уншлага болсон нь де Сототой холбоотой ч байж мэднэ. Манайхан дээр дооргүй байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах талаар ярьдаг болоод удаж байна. Хэрэв Монголын байгалийн баялгийн үнэ цэнийг мөнөөх 7.5 тэрбум ам.долларын үхмэл хөрөнгө дээр нэмэх юм бол Монголчууд жинхэнэ капиталын эзэд болж таарна. Биднийг дэмий ярьж суух зуур гадныхан Монголын байгалийн баялгийг аль хэдийн эргэлтэд оруулаад, хөрөнгө мөнгө босгоод эхэлчихсэн. Монголчуудын хөрөнгө эргэлдэхийн хувьд маш сайн эргэлдэж байгаа, бид л үр шимийг нь хүртдэггүй болохоос биш.

Тэгвэл гадныхан Монголын байгалийн баялгийг яаж эргэлтэд оруулдаг вэ? Монгол улсын Ашигт малтмалын газар уул уурхайн компаниудад Монгол улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмал хайх, ашиглах лицензи буюу тусгай зөвшөөрөл олгодог. Лицензи бүхий орд газарт хайгуул хийгдэж нөөц нь тогтоогдсон тохиолдолд лицензийг барьцаалан хөрөнгийн зах зээл дээр мөнгө босгох боломжтой болно. Монгол улсын Ашигт малтмалын газраас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тухайн компаниуд олон улсын хөрөнгийн зах зээлийн арилжаанд орох чадвартай болж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол, Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийн гарын үсэг, тамгатай цаас хэдэн арван сая ам.долларыг даллах увидастай гэсэн үг. Энэ бол жинхэнэ капиталын нууц юм.

Холбоотой нийтлэл:

Банкны Салбар Арилжааны банк бол хөрөнгө илүүдэлтэй...
Банк уу, Бирж үү? Бизнес эрхлэгчдийн хувьд банкны зээл...
Австралийн “онцгой ашгийн татвар” Монгол, Австрали хоёрт ижил төстэй...



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.