ЛҮД: Зөв бичгийн дүрэм
Монголчууд бид бичиг соёлын бахдам өвтэй ард түмэн. Бидний бахархал болсон босоо Монгол бичгээр Монголын түүх соёлын олон зуун судар бичиг уламжлагдан ирсэн бол өвөг дээдэс маань Тод бичиг, Дөрвөлжин бичиг, Соёмбо үсэг зэрэг Монгол хэлийг тэмдэглэх олон төрлийн бичиг үсэг зохиож байжээ. Нэгэн үед латин үсгээр бичих туршилт ч хийгдэж байв. 1946 онд кирилл үсгийг Монгол улсын албан ёсны бичиг болгосон нь өнөөг хүртэл ашиглагдаж байгаа юм.
Харамсалтай нь, кирилл үсэг рүү шилжсэнээс хойш дүрмийн асуудлыг тойрсон маргаан тасрахаа байсан. Ямар сайндаа “Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл” хэмээн нэгэнтээ дуу алдаж байсан Б.Ринчен гуай Ц.Дамдинсүрэнгийн үсгийн дүрмийг “ДҮД”-ийн дүрэм, Ш.Лувсанвандангийн үсгийн дүрмийг “ЛҮД”-ийн дүрэм гэж байхав. Өнөөдөр Монгол хэлээр эмх замбараатай, алдаа мадаггүй бичнэ гэдэг сохор хүн түнэр харанхуйд тэмтчих лугаа адил болжээ. Хэл шинжээчид хүртэл “кирилл үсгийн дүрэм боловсронгуй бус” гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, академич Д.Төмөртогоо эгшиг гээх дүрмийг эсэргүүцэн өөрийн нэгэн бүтээлийг “Монгол хэлшинжилэлийн онол, түүхийн асуудалууд” гэж нэрлэж байсан удаатай.
Зөв бичгийн дүрмээ цэгцэлж ядаж байхад Монгол хэлэнд гадаад үгс түрэмгийлэн орж, хэлний хүчирхийлэл гэгчийг үйлдэх болов. Хэл шинжээч М.Саруул-Эрдэнэ “Сонирхолтой хэл шинжлэл” номондоо, “Компьютер (тооцоолуур), календарь (цаглабар), физик (бодосзүй), фабрик (үйлдвэр) гэх мэт үй түмэн үг монгол хэлний босгоор шавартай бахиал болсон “к, п, ф, щ (иш чээ!!!), хатуу зөөлний тэмдэг, хагас бүтэн И”-гээрээ шавхай татуулан орж ирээд эгшиг гийгүүлэгч нь ээлжлэн ордог, эр эм нь эгнэн ялгардаг эх хэлний минь зохицлын хуулийг эрээ цээргүйгээр эвдэн гутаах болов” хэмээсэн нь үнэний хувьтай ажгуу.
“Ес далан зургаа” сэтгүүл анхны дугаарынхаа хавтсыг “АМТТАЙ АМЬДАРЬЯ” гэсэн уриагаар чимсэн билээ. Гэтэл нэгэн уншигч маань “амьдаръя” хэмээх үгийг хатуугийн тэмдэгтэй бичих ёстой хэмээн бидний алдааг гярхай анзаарч, захидал бичжээ. Ц.Дамдинсүрэн гуайн “Тусгаарлагч ъ, ь-ийн тухай” дүрэм ёсоор нээрээ л “Эр үгэнд я, ё эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол өмнө нь хатуугийн тэмдгээр тусгаарлаж бичих” ёстой. Бид яах аргагүй алджээ. Өнөөх шавхай татуулан орж ирсэн харь хэлний үсэгт ийнхүү тээглэж орхив.
Монгол хэлний зөв бичгийн дүрэмд эргэлзээтэй асуудал маш их байдаг ч бид дүрмээ баримтлах ёстой, тэгж байж бичгийн хэл маань цэгцрэх учиртай. Иймд дор бүрнээ хичээе. “Ес далан зургаа” сэтгүүл ч цаашид Монгол хэл, бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлст хувь нэмрээ оруулахыг хичээн ажиллах болно. Энэ ялдамд бидний алдааг ямагт залруулж байдаг уншигчиддаа талархал илэрхийлье.
Нэгэнт хэлний асуудлыг хөндсөн болохоор Монгол хэлтэй холбоотой зарим нэг ном судрыг онцлон танилцуулахыг зорилоо. Үгийн сангаа баяжуулж, зөв бичихэд эдгээр ном танд (мөн бидэнд) тусална.
1. Я.Цэвэл: “Монгол хэлний товч тайлбар толь”
БНМАУ-ын Шинжлэх ухааны академи, Хэл зохиолын хүрээлэн Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх хороо, Улаанбаатар хот, 1966 он1966 онд хэвлэгдэн гарсан Я.Цэвэлийн сонгодог бүтээл өнөө хэр бичгийн хүмүүсийн номын санд хүндэтгэлтэйгээр залагддаг. Хагас зуун жилийн дотор зарим нэг үгийн утга өөрчлөгдөж, зарим үгс ашиглалтаас гарсан ч, “Монгол хэлний товч тайлбар толь” үүргээ маш сайн гүйцэтгэж буй. Гэм нь, “Уг толийн үгсийн бүрэлдэхүүнд Монгол хэлний арвин сангаас хамгийн чухал хэсгийг сонгон оруулж, тэдгээрийн тайлбарт манай орны социалист байгуулалтын явцад өрнөн хөгжиж байгаа үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл шинжлэх ухааны ололт амжилтыг тусган, орчин үеийн Монгол утга зохиолын хэлний баялгийг нэмэгдүүлэхэд анхаарал” тавьсны улмаас “капитал, колоничлол, милитаризм, пионер” гэх зэрэг харь үг хэт их оржээ. Түүнчлэн, Ц.Дамдинсүрэн гуай Я.Цэвэлийн толийг, “нэг үгийг түвшин-төвшин, үгүүлэл-өгүүлэл, үмхий-өмхий гэх мэтээр хоёр хувилбартай бичсэн нь Монгол бичгийн хэлний төлөвшин тогтоход нэмэр болох чанарыг хомстгосон” хэмээн шүүмжилсэн байдаг. Гэсэн хэдий ч, 30 мянган үгтэй энэхүү толь бичиг Монголын хамгийн нэр хүндтэй, олон уншигчтай толь бичиг хэвээр байгаа юм.
2. Ц.Дамдинсүрэн, Б.Осор: “Монгол үсгийн дүрмийн толь”
БНМАУ, Ардын Боловсролын Яамны Сурах бичиг – сэтгүүлийн нэгдсэн редакцын газар Д.Сүхбаатарын нэрэмжит Хэвлэлийн комбинат, Улаанбаатар хот, 1983 он“Дунд сургуулийн Монгол хэл бичгийн сургалтад туслах, албан бичиг баримтын хэл найруулгыг сайжруулах, үгийн олон янзын бичлэгийг нэг мөр болгон жигдлэх” зорилго агуулсан энэхүү толь бичиг 3 үндсэн хэсэгтэй. Эхний хэсэгт 18000 орчим үгтэй үсгийн дүрмийн толь бичиг багтсан бол хоёр дахь хэсэгт нь нэр үг, үйл үгийг хувиргах жишээг оруулжээ. Эцэст нь “Монгол үсгийн товч дүрмийг” хавсаргасан байна. Энэ нь Ц.Дамдинсүрэн, Я.Цэвэл нарын 1951 онд гаргаж байсан зөв бичгийн дүрмийн засаж сайжруулсан хувилбар юм. “Монгол үсгийн дүрмийн толь” 100 000 хувь хэвлэгдэж байжээ.
3. Ж.Бат-Ирээдүй: “Монгол хэлний хоршоо үгийн товч толь бичиг”
Мон-Эдюкэшн Пресс, Улаанбаатар хот, 2008 онХоршоо үг гэдэг бол Монгол хэлний нэгэн онцлог буюу хэл яриаг сонсголонтой, уянгалаг болгоход ихээхэн ач тустай үгийн сангийн өвөрмөц нэгж юм. Ж.Бат-Ирээдүй Монголын уран зохиолын охь болсон 50 гаруй үргэлжилсэн үгийн бүтээлээс хоршоо үгсийг нь түүвэрлэн энэхүү толь бичгийг эмхтгэжээ. Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн”, С.Эрдэнэгийн “Хулан бид хоёр”, Д.Нацагдоржийн “Хуучин хүү” гэх зэрэг өгүүллэгээс иш татсан энэ ном хоршоо үгийг бүтээлчээр ашиглахад тань тус болох нь дамжиггүй.
4. Ж.Бат-Ирээдүй: “Монгол хэлний ойролцоо, эсрэг утгат үг, хэллэгийн толь бичиг”
Мон-Эдюкэшн Пресс, Улаанбаатар хот, 2006 онАнгли хэл дээр юм бичихэд MS word програмын Theusarus функц маш их хэрэг болдог шүү дээ. Монгол хэлний ойролцоо, эсрэг утгат үг, хэллэгт зориулсан програм байдаггүй ч, Ж.Бат-Ирээдүйн толь бичиг таны ажлыг хөнгөвчлөх болно. 1966 оноос хойш гарсан анхны Монгол хэлний ойролцоо, эсрэг утга үгийн энэхүү толь бичиг нийт 10 мянга орчим толгой үгтэй.
5. Г.Ринчэнсамбуу: “Монгол ардын зүйр цэцэн үг”
Монгол улсын Боловсрол соёл, шинжлэх ухааны яам Шинжлэх ухааны академи, Хэл зохиолын хүрээлэн Улаанбаатар хот, 2008 онЭрт дээр үеэс бидний өвөг дээдэс зүйр цэцэн үгээр хойч үеэ сурган хүмүүжүүлж, амьдралын туршлага, арга ухаанаа өвлүүлдэг байв. Гүн гүнзгий санааг энгийн зүйлтэй зүйрлэн тайлбарлаж, байгалийн жам ёс, өдөр тутмын эгэл жирийн амьдралтай холбосон байдаг нь Монгол ардын зүйр цэцэн үгийн онцлог юм. Г.Ринчэнсамбуугийн энэхүү эмхтгэлд 10 мянга гаруй зүйр цэцэн үг багтжээ.
6. М.Саруул-Эрдэнэ, “Сонирхолтой хэл шинжлэл”
Индианагийн их сургуулийн Төв Еврази судлалын тэнхим Монгол улсын Боловсролын их сургуулийн Монгол судлалын сургууль Блүүмингтон, Индиана, 2006 онХэл шинжээч М.Саруул-Эрдэнэ хэлний онолын талаар маш энгийн, ойлгомжтой хэлээр бичсэн нь хэл шинжлэлийн мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн хүмүүст сонирхолтой байх болов уу. “Аялгуу сайхан Монгол хэл аялгуудгүй болох аюул”, “Аав аа, миний ам өлсөөд байна (Үг бүтэх ёс ба хэлний аналогийн тухайд)”, “Хар мянга гэж хэдэн мянга вэ? (Тооны нэрийн талаар товчхон)” гэх зэрэг хөгжилтэй бүлгүүдтэй.
Холбоотой нийтлэл олдсонгүй.

Цэвэлийн онлайн толь, энийг бараг та нар мэдэж байж магадгүй. Юу ч гэсэн тавьчихъя
http://toli.query.mn/
Mun zuv bichih durmiin program garsan shuu dee Tsahim bagsh
http://e-bagsh.blogspot.com/
Санал сэтгэгдэл
Жиргээ
Сэтгүүлийн баг
Булан
Ес далан зургаа ТААЛАГДСАН бол нэгдээрэй!
“Ес далан зургаа” сэтгүүл
“Гранд Плаза”, №12-05
Энхтайваны өргөн чөлөө-46
Баянгол дүүрэг, 2-р хороо
Улаанбаатар хот, Монгол улс
Утас: 976 - 5001-0976
info@esdalanzurgaa.mn
www.esdalanzurgaa.mn
Дурын зураг
Дурын нийтлэл