Монголын балетын шинэ үе
Бид Холливудын кино, Солонгос сериалын жүжигчдийг шүтэж, тэднийг даган дууриаж амьдардаг боловч тэр бүр нутаг нэгт уран бүтээлчдээ хайрлаж, дэм өгч чаддаггүй нь харамсалтай. Гэхдээ авьяастнууд хаана ч үнэ цэнэтэй байдгийн үлгэрээр Монголын олон зуун охид хөвгүүд дэлхий дахинаа нэр алдраа цуурайтуулж явна. Тэр дундаа манай балетчид дэлхийн томоохон театруудад бүжиглэх болсноор дэлхий дахинд Монголын балетчдыг шүтэж, тэднээс үлгэр дууриалал авдаг сонирхогчдын хүрээ бий болжээ. Өнгөрсөн жил МУГЖ Д.Алтанхуяг Италийн алдарт La Scala театрын тайзнаа гарч, Монголын балетчид ямар ур чадвартай болохыг харуулсан. Тэрбээр өдгөө Boston Ballet-д гоцлоочоор ажиллаж буй. Түүнчлэн, New Jersey Ballet-д манай Б.Түвшинбат, Thuringen Ballet-д манай Д.Одсүрэн, Pacific Northwest Ballet-д манай Б.Батхүрэл, Baltimore Ballet-д манай У.Бат-Эрдэнэ бүжиглэж байна. Тэднээс гадна Монголын маш олон авьяаслаг уран бүтээлчид дэлхийн томоохон театруудад бүжиглэж, хөгжимдөж байгаа. Үзэгчид тэднийг Монголын уран бүтээлч гэдэг утгаар нь хүлээн авч, алга ташилтаар угтдаг.
Тэгвэл Монголын балетын шинэ үе хэдийнээ нас бие гүйцжээ. 2002 онд ОХУ-ын Пермь хотноо хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг “Арабеск” олон улсын тэмцээнд Д.Алтанхуяг хоёрдугаар байранд орж, олон улсын тайзнаа бүжиглэх гараагаа эхэлсэн бол энэ жилийн “Арабеск”-д Д.Алтанхуягийн анхны багш Д.Дашлхагвагийн гарын шавь, балетчин Б.Төгөлдөр оролцох гэж байна. Төгөлдөр 13 настайдаа Хөгжим Бүжгийн Коллежийн сонгодог бүжгийн ангид элсэн орж, улмаар Дашлхагва багшийн “Grand Pas” балетын сургуульд суралцсан юм. Одоо тэр 19 настай. Ид бүжиглэж, амжилт үзүүлдэг нас.
“Арабеск-2010” тэмцээн энэ оны 4-р сарын 18-нд ОХУ-ын Пермь хотод нээлтээ хийнэ. Петр Чайковскийн “Хунт нуур”, Людвиг Минкусын “Дон Кихот”, Адольф Аданы “Корсар” балетад дүр бүтээж байсан Төгөлдөр одоо ид бэлтгэлээ базааж байгаа. “Ес далан зургаа” сэтгүүл түүнд амжилт хүсч байна.
Холбоотой нийтлэл:
- Монголын их хатдын нууц товчоо 2009 оны 10-р сард “Өнөөгийн...

