“Shutter Island”: Төсөөлөл ба бодит байдал

Та зүүдэндээ асар том тул бариад түүнийгээ шарж идэж байх юм. Бодит байдал дээр та хөнжил дотроо бат бөх гэгч нь нойрсож байгаа шүү дээ. Гэтэл таны зүүдэн дэх “Би” барьсан загасаа амтлан идэж байгаадаа бат итгэнэ. Зүүдэнд идсэн загас, бодит загасны амт яг ижилхэн. Бид ертөнцийг таван мэдрэхүйгээрээ танин мэддэг боловч хүн гээч амьтан гүн нойрондоо хүртэл харж, сонсож, үнэрлэж, амталж, хүртэж чаддаг. Тэгэхээр “бидэнд бодит байдлыг зүүднээс ялгах чадвар бий уу” гэсэн асуудал урган гарч байна.
Энэ асуудлыг 1637 онд Францын гүн ухаантан Рене Декарт “Discourse on Method” зохиолдоо анх дэвшүүлсэн билээ. Зүүдээ бодит байдлаас ялгаж чаддаггүй хүн гээч амьтны энэ хорвоо дээр оршин буйн баталгаа юу вэ? Бид бүгд зүүдэлж байж болох шүү дээ. Декарт энэ асуултад өөрийнхөөрөө хариулсан. Тэрбээр, өөрийн оршихуйд эргэлзэж байгаа нь тухайн хүн бодож сэтгэж буйн хамгийн тод илрэл хэмээн зарлан тунхаглажээ. Бодож сэтгэж байна гэдэг бол оршихын нэр. Cogito ergo sum. Би сэтгэдэг, иймд би оршдог.
Декартын хувьд, бодож сэтгэнэ гэдэг бол нэг номерын асуудал. Бодол байсан цагт оршихуй байдаг. Тэгвэл хүний бодол санаа бодит байдлаас зөрвөл яах вэ? Шар хаданд эмчлүүлж буй хүн болгон ямар нэг зүйл боддог л байж таарна. Гэхдээ тэдний бодол бодит байдалтай огт нийцдэггүй. Тухайлбал, Шар хадны өвчтөн өөрийгөө эмч гэж төсөөлөөд, тэрхүү төсөөллөөрөө амьдарч чаддаг байж болох. Үүнийг бид сэтгэцийн өвчин гэж нэрлэдэг.
Бодит байдал гэж юу вэ? Бодол санаа гэж юу вэ? Эдгээр асуултууд найруулагч Мартин Скорсезегийн “Shutter Island” буюу манайхны орчуулгаар “Хараал идсэн арал” киноны үндсэн өгөгдөл юм. 1954 онд мөрдөн байцаагч Тэдди Дэниелс (Леонардо ДиКаприо), хамтрагч Чак Оулын (Марк Руффало) хамт сэтгэцийн эмгэгтэй гэмт хэрэгтнүүдийн Ашклиф (Ashcliffe) хорих эмнэлэгт Рэйчел Соландо (Эмили Мортимер) хэмээх гурван хүүхдээ хөнөөсөн хүнд өвчтөн ор сураггүй алга болсон хэргээр дуудагдана.
Shutter Island хэмээх үнэхээр л хараал идсэн гэмээр арал дээр байрлах Ашклиф эмнэлгийн өвчтөнүүдэд бодит байдал огтхон ч хамаагүй. Тэд гадаад орчныг оюун санаанаасаа тусгаарлан өөрсдийн бий болгосон төсөөллийн ертөнцөд амьдрах аж. Эмнэлгийн ерөнхий эмч Жон Коли (Бэн Кингсли) тэдгээр хүмүүст туслахыг хичээж буйгаа мөрдөн байцаагч нарт тайлбарлах боловч Тэддид бүх зүйл сэжигтэй санагдана. Тэддиг арал дээр хөл тавьсан цагаас хойш толгой нь өвдөж, золгүй тохиолдлоор нас барсан эхнэр Дэлорес (Мишээл Уиллиамс) болон Дэлхийн хоёрдугаар дайнд тулалдаж явсан үеийнх нь хэцүүхэн дурсамжууд сэдэрч, түүнийг зовоож эхэлнэ.
Жанрын хувьд, Мартин Скорсезе бүх зүйлийг дүрмийн дагуу хийжээ: жихүүдэс төрүүлэхүйц орчин, сэжиг бүхий дүрүүд, учир битүүлэг зүүд, дайн дажин, аймшигт нууц, эцэс төгсгөлгүй эрэл хайгуул, г.м., г.м. Тун удалгүй мөнөөх ертөнцөөс тусгаарлагдсан арал дээр айхтар хүчтэй шуурга дэгдэж, мөрдөн байцаалтын явцад зарим нэг өвчтөн Тэддид “Зугт” хэмээн анхааруулна. Мартин Скорсезе сонгодог film noir-ын арга барилыг нэвт шувт мэддэг төдийгүй түүнийг өөрийн зорилгод хэрхэн яаж тохируулахаа маш сайн ойлгодог гэлтэй. Үзэгч хэнд итгэх ёстой вэ?
“Shutter Island” бол Мартин Скорсезе, Леонардо ДиКаприогийн хамтран хийсэн дөрөв дэх кино юм. Хэд хэдэн удаа Оскарын шагналаас мултарсан ДиКаприод нэг давуу тал бий. Тэр бол дүрээ маш сайн эзэмдэж чаддаг жүжигчин. Киноны явцад Тэддигийн айдас үзэгчийн айдас болж, Тэддигийн хүсэл мөрөөдөл үзэгчийн хүсэл мөрөөдөл болж хувирна. Зураглаач Роберт Ричардсоны (Robert Richardson) камер бодит ертөнц, Ашклиф эмнэлгийн ертөнцийг зааглан тусгаарлаж, үзэгчдэд зохиолыг тайлах сэжүүр шидэхэд зориулагдсан бол түүний зураглалыг Робби Робертсоны (Robbie Robertson) хөгжмийн сонголт лавшруулж, киноны учир битүүлэг зангилааг улам бүр тодотгож, уур амьсгалыг айдсаар чигжжээ. Үзэгч киноны үг ярианаас гадна зураглал, гэрэлтүүлэг, хөгжим зэргээс нэмэлт мэдээлэл авч, зохиолыг тайлах учиртай.
Төгсгөлд нь “Shutter Island”-ын төөрдөг байшин мэт зохиол 180 градус эргэж, үзэгчийг гайхшруулж орхино. Хүний сэтгэлзүй ямар хэврэг эд болохыг Скорсезе, ДиКаприо нар харуулжээ. Бодит байдал гэж юу вэ? Бодол санаа гэж юу вэ? Эцсийн бүлэгт Тэдди “Cogito ergo sum” хэмээх Декартын диктумыг яруу тодоор батална. Үгүй ч байж болох.
Холбоотой нийтлэл:
- “Inglourious Basterds”: Тарантино авгын түүхийн хичээл Эрт урьдын цагт Нацистууд Францыг...

hi ene kinog uneheer oilgooguiee 1 bodohoor bodit 1 bodohoor ugui ch yum shig bur bodoh tusam ulam bur ergelzeed ta uuruu yu gj oilgoson be? kinonii huvid uneheer sn sonirholtoi bolj chadsan shuu. bichsen zuild chin tnx.
Санал сэтгэгдэл
Жиргээ
Сэтгүүлийн баг
Булан
Ес далан зургаа ТААЛАГДСАН бол нэгдээрэй!