Хөсөгтөн: нүүдэлчдийн блюз

Найман зууны тэртээгээс дүүлж… наран зүг тэмүүлсэн хөсөгтөн Монголоо.
Домборын блюз мэт хэмнэлтэй аялгуу морин хуураар үргэлжлэн Алтайн магтаал – нүүдэлчдийн блюз нүргэлнэ. Ятгын гоцлол жазз хэмнэлээр, чөлөөтэйгээр.
Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын Хөсөгтөн хамтлагийн “Хөсөгтөн” дууг анх сонсоход гүн сэтгэгдэл төрсөн. Ардын хөгжим буюу язгуур урлагийн аялгуун дээр өвөрмөц содон элемент нэмэн орчин үеийн нүүдэлчдийн хөгжмийг бий болгожээ. Алтан Ураг хамтлагийн рок, метал өнгө аястай харьцуулбал илүү блюз оруулж өгсөн нь блюз, жазз хөгжимд метал, роктой адил хайртай надад таалагдав.
Дэлхийн талыг ухаанаар эзэлсэн, дээд тэнгэрээ шүтэж ирсэн…
Сүүлийн үед ардын хөгжмийг орчин үеийн амтлагчаар хачирлан шинэ хөгжмийн хувьслыг тэргүүлж буй хэд хэдэн хамтлаг гарч ирсэн. Өнө удаан жилийн туршид өв дамжин ирсэн ардын хөгжим өнөөгийн асар хурдан өөрчлөгдөж, “баруунжиж”, “даяаршиж” байгаа нийгэмд оршин тогтнохын тулд мөн л өөрчлөгдөх хэрэгтэй. Учир нь энэ их хурдтай, эрчимтэй даяаршлын огцом өөрчлөлтөд дасан зохицож чадаагүй бүхэн сөнөх магадлал өндөртэй (буй за).
Морин төвөргөөн чихэнд сонсогдоно…
Финляндын аман зохиолын уламжлалт Калевалаг цээжээрээ мэддэг ганц хүн үлдсэн гэдэг. (ТВ надад хэлэв). Хүүхдийн паркийн Чингисийн удмын үлгэрч өвөө шиг, жишгээсээ сүүлчийнх. Хөгжим бол соёлыг тээвэрлэгч. Түүнийг үеийн үед дамжуулах ёстой. Соёл хувьсаж болох ч, Монгол соёлын охь нь ардын хөгжмийн цөмд оршиж байдаг. Орчин үеийн туульчид. Блюз дуучид, цыган бүжигчид, хөсөгтөн нүүдэлчид. Аман зохиолын аялгуут хувилбар.
..түүхээрээ дэлхийг тамгалсан, үнэнч баатруудын уухай сонсогдоно оо..
Жазз, рок ’н’ роллын эрин үед моодноос гарсан ардын хөгжим бол сонгодог хөгжмийн орчин үеийн хувилбар. Гэвч олон жилийн туршид үл тоогдож байсан ардын болон уламжлалт аялгуу буцаад хүмүүсийн сонирхлыг татаж эхэллээ. Орчин үед хөгжмийн хувьсал нэгэн төрөлд үл хязгаарлагдан (поп хөгжмийн дийлэнх урсгалыг эс тооцвол) дөрвөн зүг найман зовхист тэлж байна. Нөгөө талаар, даяаршлын нөлөөнд орон орны язгуур урлаг дэлхийн өнцөг бүрт хүрэх болжээ. Язгуур урлагийн шинэ үеийн холимог хослолууд дэвэн дэлхийгээр тэнүүчилж, сонсогчдын хүрээгээ тэлж эхлэв. Африкийн омгуудын рок, хөөмий блюз, цыган панк, ирланд панк, ведик метал. Хөгжмийн шинэ хувьслууд.
Нэгэн DJ найз маань өөрийн жазз, латино, хаус, электро гэх мэт янз бүрийн төрлийн хөгжмүүдийг хольсон өвөрмөц арга барилаа одоогийн Genreless generation буюу хөгжмийн төрлийг дагнаж сонсдоггүй үеийнхэнд зориулав гэж блог дээрээ бичиж байсан. Харин саяхан Youtube дээр Алтан Ураг хамтлагийн клипны доорх сэтгэгдэл дээр “Ямар стилээр дуулдаг нь мэдэгддэггүй сонин хамтлаг” гэж бичсэн байхыг анзаарлаа. Стилийг нь мэдэхгүй бол ойлгодоггүй бололтой. Яагаад бид хөгжим сонсдог вэ? Таашаал авах гэж, амьдралд аялгуу нэмэхийн тулд гэж би боддог. Хөгжимгүйгээр амьдралыг төсөөлөх аргагүй.
Язгуур урлагийн хамтлагууд гадны орнуудад өндөр үнэлэгдэж, олон хөгжмийн наадам фестивалиас шагнал, гран при хүртэж байна. Айлын хоол амттай байдаг нь хүний мөн чанар биз. Хөсөгтөн болон тэдний сэтгэхүй нэгтэн хамтлагууд язгуур урлагийн шинэ төрлийг гаргаж байгаа нь магадгүй Монголчууддаа ардын хөгжмийг таашаан сонсох сэдлийг өгөх биз. Олон жил цыганчилсны дараа, төрсөн нутагтаа эргэн ирээд шөлтэй буузаа идэн суухад өгүүлэхийн аргагүй таашаалтай байдаг шиг.
Дуу өгүүлбэрийн эцсийн анхаарлын тэмдэг шиг тодрон дуусав.
Хөсөгтөн хамтлагийн цомгийг хайсан боловч олсонгүй. Hi-Fi орж асуутал Хөсөгтөний цомог дэлгүүрээр нь огт зарагдаж байгаагүй гэв. Харьцангуй залуу хамтлагийн (2009 онд байгуулагдсан) шинэ цомогт Монгол туургатны үндэстэн ястан бүрийг төлөөлсөн 10 дуу (Буриад “Алтаргана”, Торгууд “Торгууд нутаг” г.м.), залуу хөгжмийн зохиолчдын зохиосон 2 дуу (нэг нь “Хөсөгтөн” дуу ) багтсан гэж цахим хуудсаас нь олж мэдэв. Хайсаар, найз нараасаа хэдэн mp3-г нь олж авлаа (хууль бусаар хөгжим авснаа энд зарлах нь буруу байж ч магадгүй юм). Таалагдлаа. Хэдэн өдөр “Хөсөгтөн”, “Алтаргана” дуунуудыг нь зогсолтгүй сонссоор ажлын нөхдүүдэд донтноороо ад үзэгдэв.
Хөсөгтөн бусад “шинэ” ардын хөгжмийн хамтлагуудыг бодвол язгуур урлаг талдаа бөгөөд төдийлөн ашиглаад байдаггүй домборын сонголт нь таалагдав. Түүнчлэн, Наранбаатарын хийлийн сонгодог “Анхны цас”-ыг ятга, хөөмийгөөр өвөрмөц илэрхийлжээ. Бүх дуунууд дээр өөрсдийн найруулгыг оруулсан нь мөн таалагдсан. Ямар ч байсан ардын хөгжим сонсдог болон блюз, дэлхийн хөгжим сонсдог хүмүүсийн аль алинд хүртээлтэй сонирхолтой уран бүтээл болжээ хэмээн дүгнэв. Одоо харин CD түгээлт!
Холбоотой нийтлэл:
- Язгуур урлаг дэлхий дахинаа Пол Пена ба Конгар ол...
- 80-аад оноос 80-аад он руу эргэн орсон миний түүх Бага байхдаа шинэ жилийг тэсэн...
- 80-аад оны ICONIC дуунууд Энэ жагсаалтад 1980-аад онд зохиогдсон...

