Нүүр » №002, Авдар, Спорт

“300” клуб: Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нь

[1 May 2010 | Х.Хоснаран]

“Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх” талаар хэн хүнгүй ярьдаг. Улаанбаатарт “чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх” газар байдаггүй л гэнэ, залуус “чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэггүй” л гэнэ. Үнэн хэрэгтээ “чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлнэ” гэдэг чухам юу болохыг хэлээд өгөх хүн олддоггүй. Улаанбаатарт олон сайхан номын сан байна, театр байна, галерей байна, усан бассейн байна, спорт заал байна, гольфийн талбай байна, цанын бааз байна. Хүсэл хийгээд хөрөнгө нь байх юм бол юу л бол юу хийж болохоор болжээ. Гэтэл өнөөх үргэлжийн мөнхөд сэтгэл хангалуун бус явдаг нөхөд гомдолсон хэвээр… Тэгвэл саяхан “Ес далан зургаа” сэтгүүл чөлөөт цагаа жинхэнэ утгаар нь зөв боловсон өнгөрүүлдэг хэсэг бүлэг залуустай уулзсан юм. Энэ бол “300” клубынхан.

Бид Лхагва гаригийн үдэш “Big Bowling” төвд болзсон юм. Найм хагасын үед үүдэнд нь иртэл гадаа нь 10 гаруй машин зогсож байв. “300″-гийнхан аль хэдийн ирчихсэн, биднийг анзаарах ч сэхээгүй тоглож байлаа. Хэсэг зуур тэднийг ажиглаж суув – боулинг үнэхээр азарттай тоглоом юм аа. Хэн нэг нь анхны цохилтоороо бүх пинийг унагааж, страйк хийсэн тохиолдолд багийнхаа гишүүдтэй “өндөр тав”-даж тэмдэглэнэ. Инээлдэнэ, алга ташина. Оновчгүй шидвэл бухимдана. Дээр нь маш хурдтай юм. Нэг хүн дээд тал нь гурван удаа бөмбөг шиддэг тул тоглогчид маш хурдан солигдож, үр дүнгээ үзнэ.

Тэр өдөр “Big Bowling” төвд хорь орчим хүн цугларсан байлаа. Ихэнх нь дөнгөж гуч шүргэж яваа залуус. Тэд найзуудын хүрээнд “300” нэртэй боулинг клуб байгуулаад жил гаруй болж байгаа юм байна. Ихэнх гишүүд нь долоо хоногт дор хаяж 2-3 удаа тоглодог (мань мэтэд нь долоо хоногт 2-3 удаа хичээллэдэг спорт байна уу?!). Нэг зүйл ажиглагдсан нь, тэдний ихэнх нь гэр бүл, бизнестэй, ажил амьдрал нь тогтсон хүмүүс байсан юм. Гэхдээ тэд клубтээ үнэнч байж чаддаг. Тэмцээнтэй өдөр ажил тарав уу, үгүй юу “Big Bowling”-г зорино. Хааяадаа тэндээ оройн хоол идэх нь ч бий.

Гэр бүлээрээ тоглох боломжтой байдаг нь боулингийн хамгийн том давуу тал. Хүүхдүүдтэйгээ ч тоглож болно. Тэр өдөр клубын тэргүүн Т.Магнайгийн эхнэр М.Дэнсмаа, Т.Тамирын эхнэр Ч.Оюухай нар ирчихсэн, тэднийг дэмжиж байсан юм. Гэр бүл дотроо өрсөлддөг хүмүүс ч байна. “300”-гийн санаачлагчдын нэг Ц.Тэмүүлэнгийн эхнэр Э.Тунгалаг маш сайн тоглогч гэсэн сураг дуулдсан. Д.Мөнх-Амгалан, Б.Золзаяа хоёр ч мөн байнга хамтдаа тоглодог.

Хоббигоо хөгжүүлэхийн сацуу найз нөхөдтэйгээ хамтдаа байх шиг сайхан зүйл хаана байна. Энэ утгаараа “300”-гийнхан их азтай юм – тэд санаачлагыг гартаа авч, асуудлыг шийдэж чаджээ. Ажил төрөлдөө дарагдаад, найзуудтайгаа уулзах завгүй хэдэн долоо хоногоор явах үе байдаг шүү дээ. Тэгвэл “300”-гийнхан боулингийн хүчинд долоо хоногт хэд хэдэн удаа заавал уулзацгаадаг. Энд тэнд шар айраг ууж суухаас хамаагүй үр бүтээлтэйгээр шүү. Дээр нь биеийн тамираар хичээллэчихнэ. Боулинг маш их хөдөлгөөн шаарддаг тул их сайн дасгал болдог гэнэ билээ.

“300”-гийн гишүүд Монголд зохиогддог боулингийн тэмцээнүүдэд тогтмол оролцохын зэрэгцээ хэд хэдэн олон улсын тэмцээнд өрсөлджээ. Нэг нэгэндээ зөвлөгөө өгч, бие биенээсээ байнга суралцаж байдаг тул ур чадвар нь өдөр ирэх тусам сайжирч байгаа гэсэн.

Биднийг очсон өдөр “300”-гийнхны нэг Т.Тамирын төрсөн өдөр болж байсан юм. Тэр төрсөн өдрөө клубынхантайгаа хамт боулинг тоглож тэмдэглэсэн. Түүнд төрсөн өдрийн мэндийг дахин хүргээд, “300”-гийнханд амжилт хүсье. Та нарт битүүхэндээ атаархсанаа ч уламжилъя. Учир нь би ч бас чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж сурмаар байна.

Холбоотой нийтлэл олдсонгүй.



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.