Нүүр » №002, Багана, Нийгэм

Агаар дахь ХОР

[1 May 2010 | Ес далан зургаа]

Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн нь хэн бүхэнд ойлгомжтой боловч бохирдол ихтэй агаарт агуулагддаг химийн элементүүд хүний эрүүл мэндэд яг ямар нөлөө үзүүлдэг талаар тодорхой мэдээлэл хомс байдаг. Иймд “Ес далан зургаа” сэтгүүл хотын агаар дахь түгээмэл бохирдуулагч бодисууд хүний биед ямар нөлөөтэй болохыг шинжиллээ \зургийг дарж томруулна уу\.

АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧИН ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ?

Цагаан сарын өмнө ханиад хүрч билээ. Эм тан худалдаж авах, аньс чацаргана буцалгахаас авахуулаад зардал нь дийлдэхгүй юм билээ. Дээр нь хэд хоног гэртээ хэвтсэн биш ид баяраар ажилд дарагдаж, баларсан юмдаг. Надад ханиад бэлэглэсэн “буянтан” бол хотын утаа. Харин бид Улаанбаатарт амьдарсныхаа төлөө эрэмдэг зэрэмдэг болохоос гадна санхүүгээрээ хохироод үлдэнэ. Тэгэхээр өвчин зовлон гэдэг бол эрүүл мэндийн асуудлаас гадна эдийн засгийн асуудал байж таарах нь.

Доктор Н.Санжаагийн 2006 оны судалгаанд өгүүлснээр, Монгол улсад жилд дунджаар 90.7 мянган хүн амьсгалын замын өвчнөөр өвчилж, эмчилгээнд ойролцоогоор 4.8 тэрбум зарцуулдаг байна. Дөрвөн жилийн өмнө хийгдсэн судалгаа тул агаарын бохирдлын хэмжээ, хүн амын тоо, үнэ ханшийг шинэчлэн авч үзвэл дээрхээс өндөр үзүүлэлт гарах нь дамжиггүй. Амьсгалын замын өвчнөөс гадна зүрх судасны өвчлөл, хорт хавдар, нярайн эндэгдэл, төв мэдрэлийн тогтолцооны эмгэг зэрэг агаарын бохирдлоос улбаатай өвчнийг жагсаавал ямар аймшигтай тоо гарах бол? 2007 онд Дэлхийн Банкны шугамаар хийгдсэн Доктор Сарат Гуттикундагийн судалгаанд өгүүлснээр, түүхий нүүрс шатаахыг хориглож, ДЦС-уудын технологийг сайжруулах замаар 2020 он гэхэд хотын агаарын бохирдлыг хангалттай бууруулж чадвал 690 сая ам.доллартай тэнцэх эмчилгээний зардал хэмнэх боломжтой ажээ. Ийм их мөнгөөр хэдэн орон сууц барьж болох бол?

УБ-ЫН ХҮҮХДҮҮД ХӨДӨӨГИЙН ХҮҮХДҮҮДЭЭС 5-15 ДАХИН ИЛҮҮ ӨВЧИЛДӨГ

Улаанбаатар хотын хүүхдүүд хөдөөгийн хүүхдүүдийг бодвол гуурсан хоолойн үрэвсэл өвчнөөр 5-15 дахин илүү өвчилж, эмнэлэгт ханддаг байна. Энэ нь агаарын бохирдолтой шууд хамааралтай үзүүлэлт юм. Түүнчлэн, Улаанбаатар хотын бага насны хүүхдүүд багтраагаар өвчлөхөд нөлөөлж буй хүчин зүйлсийн дотор тоос, тоосонцорын үзүүлэх нөлөө 56.5 хувьтай байна. Агаарын бохирдлын улмаас Улаанбаатар хотын хүүхдүүдэд зүрх судасны тогтолцооны үйл ажиллагаа буюу уушгины багтаамж багасах, судасны цохилтын тоо цөөрөх гэх мэт өөрчлөлтүүд илрэх болжээ.

АГААРЫН БОХИРДОЛ -> ХӨРСНИЙ БОХИРДОЛ

Агаарт цацагдаж байгаа элдэв хорт хийнүүд хөрсөнд бууж, ургамлын нөмрөгийг устгахын зэрэгцээ усыг их хэмжээгээр бохирдуулж, улмаар төрөл бүрийн халдварт өвчин эмгэгийн уурхай болдог. Хөрсний бохирдол бий болоход гэр хорооллын ил жорлон, муу усны нүх мөн онцгой үүрэг гүйцэтгэдэг байна. Хөрсний хорт бодисыг шингээж задлах чадавх хэтэрсэн тохиолдолд бохирдол нь газрын доорхи болон гадаргын ус ургамал, амьд организмыг хордуулж эхэлдэг. Хөрсний бохирдлын түвшин Баянхошуу, Дэнжийн мянга, Амгалан, Шар хад, Хайлаастын ам, 100 айл зэрэг газруудад онцгой их буюу хотын дундаж агууламжаас 10-16 дахин их байгаа нь нотлогджээ. Өөрөөр хэлбэл, хашаандаа ногоо тарьж, “органик” хоол хүнс хэрэглэж буй гэх хүмүүс жинхэнэ хортой хүнс зооглодог болж таарч байна.

Холбоотой нийтлэл:

Лондонгийн их утаа 1952 оны 12-р сард...
Агаарын бохирдол Өглөө сэрэхэд хоолой хатсан...
Агаарын бохирдлын эх үүсвэрүүд Аливаа гэмт хэргийг яллахын тулд...
Та ч бас агаарыг бохирдуулдаг Улаанбаатарын агаарын бохирдолд бухимддаггүй нийслэлийн...
Хиншүү ханхлуулсан хөрөнгө оруулалт Сүүлийн гурван жилд агаарын бохирдлыг...



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.