Ашигтай зарга 10 лан
Хоёр сарын өмнө болсон явдал. Нэгэн хагас сайны өдөр банкнаас бэлэн мөнгө авах хэрэг гарлаа. Гэрт ойрхон нэгэн ATM-ыг сонгоод очтол: “Уучлаарай, гүйлгээ хийгдэхгүй” гэсэн бичиг хадаастай байх юм. Арга буюу банк руугаа утас цохиж, учраа тайлбарлалаа. Тэгтэл, “Энэ амралтын өдрүүдэд манай банкны ATM-ууд ажиллахгүй” гэдэг юм байна. Цохиод авах шиг болов. Дахиад асуулаа. Системийн шинэчлэл хийж байгаа тул бүх салбар хийгээд АТМ нь хаалттай гэнэ.
Би чихэндээ итгэсэнгүй. “Яаралтай мөнгө авах хэрэгтэй байна, яах вэ?” хэмээн аргаа барсан хүний хоолойгоор учирлав. “Боломжгүй, та хүсвэл өөр банкаар үйлчлүүлж болно” гэж байна. Өрсөлдөгч байгууллагаараа үйлчлүүлэхийг санал болгодог газар байдаг л юм байна. Тухайн АТМ-ыг зорьж ирсэн миний хүч хөдөлмөр, цаг завыг уландаа гишгэж орхив. Ядахад, өөр банкнаас бэлэн мөнгө авбал шимтгэл нэмэгдэнэ. Түүнийг нь хэн хариуцах талаар асуухад утасны цаадах нөхөр юу ч болоогүй юм шиг, “Манайх хариуцахгүй. Энэ амралтын өдрүүдэд манай салбар, ATM-ууд ажиллахгүй болох талаар сониноор мэдээлсэн” гэв. Аль нэг сонины буланд зар өгснийг нь олж уншаагүй нь миний буруу болж таарлаа.
Тухайн байгууллага яалт ч үгүй системийн шинэчлэл хийх ёстой байж болно. Гэхдээ хоёр өдрийн турш бүх салбар, ATM-аа хааж хаяхын оронд харилцагчдынхаа эрх ашгийг бодолцож, ажлаа төлөвлөх ёстой байсан мэт. Наад зах нь харилцагчдынхаа гар утас руу мессеж явуулж болох байсан. Бусад үед хэрэгтэй хэрэггүй мессеж явуулаад байдаг хэрнээ сая л мартаж гэнэ. Эсвэл АТМ дээрээ “Ажиллахгүй” гэсэн зарлал хадахдаа, өөр хаанаас яаж мөнгө авч болохыг тайлбарлаж болох. Ядаж нэг салбар нь заавал ажиллах ёстой баймаар. Тэгвэл би бухимдахгүй.
Гэтэл банкны ажилтан, өөртөө огт хир халдаалгүй зөвхөн намайг буруутган дайрч давшилсан хэвээр. “Манай байгууллага тэдэн мянган харилцагчтай, танаас өөр ингэж бухимдсан хүн алга”, г.м. Би ганцаараа зөрүүдлээд шаардлага тавиад байгаа юм байх. Гэхдээ миний шаардлага тийм ч этгээд шаардлага биш шүү дээ. Харилцагч нартаа эртхэн хэл хүргэх ёстой байсныг нь л хэлсэн. Мессеж бичдэггүй юм аа гэхэд ядаж и-мэйл явуулж болмоор. Нэг үеэ бодвол мэдээлэл дамжуулна гэдэг маш амархан болсон шүү дээ.
Тус банк аягүй л бол “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олон” цолтой байж таарна. Гэтэл үйлчилгээ нь ийм байдаг. Өөрт тохиолдсон явдлаа жишээ болгон бичиж байгаа болохоос биш энэ бол Монголын үйлчилгээний салбарын түгээмэл дүр төрх. Мөнгө төлөн байж дарамтлуулна, доромжлуулна. Шаардлага тавихад урдаас гайхсан харцаар цоо ширтэнэ. Хувийн хэвшлийн үйлчилгээ ийм байхад төрийн үйлчилгээний талаар яриад ч хэрэггүй. Юу нь болохгүй байна вэ?
Нэгдүгээрт, өрсөлдөөний асуудал байна. Ихэнх салбарт цөөн тооны хэдэн байгууллага өрсөлдөх агаад бүгд таарсан таар шуудайнууд байх. Зарим нэг монополь байгууллага нь, “Авбал ав, авахгүй бол боль” гэсэн биеэ тоосон хандлагатай. Аргаа барсан хүмүүс яалт ч үгүй мөнгөө бариад гүйнэ. Хамгийн өрсөлдөөн ихтэй, үйлчилгээ сайтай газар бол зах л байх шиг. Нарантуулын наймаачид ямар эелдэг байдаг билээ дээ. Аргагүй шүү дээ, өрсөлдөөн ихтэй юм чинь.
Хоёрдугаарт, үйлчлүүлэгч бидний асуудал байна. Хэрэглэгчид нь өөрсдөө шаардлага тавихгүй байхад үйлчилгээний байгууллагууд нь яах вэ дээ. Асуудал гарах тоолонд заргалдахгүй бол байгууллагууд сайн дураараа алдаагаа засаж залруулна гэдэг юу л бол. Мөнгөө төлөн байж дарамтлуулдаг Монголчууд гэж үгүй мөн хүлцэнгүй ард түмэн шүү. “Адгийн зарга 10 хоног” гэх хэллэг хүртэл байх. Ганц нэг шаардлага тавьсан хүнд “Энэ муу заргач нөхөр” гэсэн байртай хандаж болно оо. Гэвч маш олон хэрэглэгч нэгэн зэрэг шаардлага тавиад эхэлбэл тухайн байгууллага үйлчилгээгээ сайжруулахаас өөр аргагүй байдалд орно. Бидний шүтээд байдаг АНУ, Европт яадаг билээ. Хэрэглэгч болгон шаардлага тавина, байдал бишдвэл шүүхэд өгнө. Тэгж байж үйлчилгээ сайжирдаг.
Иймд дор бүрнээ ухаалаг хэрэглэгч байя, үйлчилгээний газруудад шаардлага тавьж суръя. Тэгвэл тэдний хандлага аяндаа өөрчлөгдөж, хүссэн хүсээгүй хэрэглэгчийг жинхэнэ утгаар нь хаанд өргөмжилдөг болно. Түүнчлэн, зарга мэдүүлэх болон гомдол чирэгдлийг барагдуулах үйл явцыг хялбаршуулж, хүн бүрт ойлгомжтойгоор тайлбарлан сурталчлах хэрэгтэй байна. Тухайлбал, “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” нэртэй төрийн байгууллага байдаг ба хэрэглэгч таны эрх ашиг зөрчигдсөн бол 332626 дугаар руу нь залгаж, гомдол мэдүүлж болох аж. Хамгийн гол нь, төр засаг бүх асуудлыг шийдэх ёстой хэмээн хээв нэг суухын оронд санаачлагыг гартаа авах хэрэгтэй. Бид өөрсдийн эрх ашгийн төлөө өөрсдөө л тэмцэхгүй бол хэн бидний төлөө явах вэ дээ. Магадгүй хэзээ нэгэн цагт “Ашигтай зарга 10 лан”-тай тэнцэнэ гэж ярьдаг болох ч юм билүү?
Холбоотой нийтлэл:
- Жаргалангийн эрх ашиг хамгаалах “Төлөвлөгөө А” 20 цаг 38 минут, Бямба...
- Боловсрол ашигтай юу? Cайн бизнесмен зөвхөн үр ашигтай...
Түлхүүр үгс: Бодрол блог, Үйлчилгээ

