Нүүр » №002, Багана, Үзэл бодол

Бөн бөн

[1 May 2010 | Ес далан зургаа]

Хүн бүхэнд л хааяа хийж байгаа ажлаасаа уйдаж залхах үе гардаг. Ер нь хэнд ч хэрэгтэй юм хийгээд байгаа юм, нэг л их чухал царайтай амьтан өглөө яарч дөвчигнөж гараад, орой сунаж үхэх шахаад л орж ирнэ. Орж ирэхдээ уур уцаартай, ялархуу омгорхуу ч гэж жигтэйхэн. Тэгсэн атлаа гарт баригдах бүтээл, гадна хуримтлуулсан баялаггүй мэт санагдаад “синдромтож” орхидог. Тийм үе тохиох бүрт би “бөн бөн”-ийг санадаг юм. Юун “бөн бөн” бэ гэвэл нэг хөөрхөн онигоо ярьж өгье, онигоо ч гэж дээ, болсон явдал байгаа юм.

Ажлын шаардлагаар нэгэн нөлөө бүхий улстөрчийн үүдийг сахих хэрэг гарав. Том биетэй ширүүн харцтай тэр нөхөр урилгагүй зочдод нэлээд таагүй ханддаг бололтой намайг ч дурамжхан угтдаг юм байна. Хөмсгөө зангидаад л, асуултад цөөн хэдэн үгээр хэг ёг хийж хариулаад л… Яриа нэг л эвлэх янзгүй, албаны уур амьсгалтай байлаа. Тэгж тэгж намайг аяга кофегоор дайлах юм болов. Мань мэт нь ямар мөрөөрөө сууж байгаад хүний юм ууж идэхээ мэдэх биш “Таны амьдралд тохиолдсон, санаанаас гардаггүй хамгийн хөгжилтэй дурсамж юу вэ?” гээд л тэс хөндлөнтөв.

Нөгөөх чинь хөмсөг зангидсан хэвээр хэсэг сууснаа ингэж ярилаа.

“Би багадаа дуу бүжиг, урлаг уран сайханд дүй муутай, дуугай бор банди байлаа. Авахаас сурлага гайгүй. Нэг удаа урлагийн үзлэгт ордог юм байна. Бэлдэж байна гэж баахан явлаа. Өдөр алгасахгүй оройтоод л, сурлага ч муудаад ирэв. Гэрийнхэн асуухаар урлагийн үзлэгт бэлдээд байгаа л юм ярина. Тэгсэн нөгөө номер маань ангиасаа шалгарч сургуулийн концертод орох боллоо. Дараа нь дүүргийн тоглолтод орохоор болоод хичээлээсээ бүрмөсөн чөлөөлөгдөөд авлаа. Өвөө гэнэт уурлаад “Энэ нөхөр яваад л байх юм, юу гийгүүлдэг хүн бэ?” гээд концертын бэлтгэл дээр хүрээд ирэв.

Тэгсэн нэг сэргэлэн бондгор охин,

“Гангын халуун наранд миний ээжий” гэж дуулахад ард нь зогсож байгаа гурван банди “Бөн бөн бөн” гээд вокал хийнэ.

“Гадсаа тойроод эргээд байдаг миний ээжий” гэхээр нь бид гурав “Бөн бөн бөн”.

Орой нь өвөө “Хичээл ном хийхгүй сүр бадруулаад яваад байсан чинь ердөө л бөн бөн үү” гээд намайг суран бүсээр ороолгож гарсан даа” гэж ярив.

Би савж унатлаа инээлээ. Нөгөөх чинь ч бас хөхөрч байна. “Тэгээд та дүүргийн концертдоо орсон уу” гэтэл “Өвөөгөөс айгаад ороогүй. Дараа нь багшид чухал номер тасаллаа гээд зөндөө загнуулсан” гэв. Нөгөө хоёр бөн бөнтэйгээ холбоотой байдаг эсэхийг нь асуухад “Сүүлийн хэдэн жил сураггүй ээ, хаа нэгтээ бөн бөн гээд л явцгааж байгаа байх” гэсэн юм.

Түүн шиг нэг л их мундаг амьтан яваад байдаг. Яс юман дээрээ ердөө л бөн бөн байгаадаа цухалдах үе гарах. Гэхдээ хүн өөрөө л хийж байгаагаасаа таашаал авч, чухалд тооцож байвал аяндаа бүх зүйл болох юм шиг санагддаг.

Гүржийн нэг кино байдаг даа. Симфони найрал хөгжимд нэг төрлийн бөмбөр тоглодог сайхан сэтгэлтэй залуугийн тухай. Концерт дуусахын алдад хэдхэн секунд л түүний бөмбөр нижигнэдэг. Гэхдээ тэр бөмбөргүй бол найрал хөгжим амтгүй. Гэтэл нэг тоглолт дээр залуу сэтгэлээр унаад ирсэнгүй. Дотно найзынхаа “Тэр найралд чиний хэрэг алга” гэх  хорон үгэнд  эмзэглэжээ.

Гэвч залуу хөгжим эгшиглэмэгц тайз руу яарч, хурдан хурдан алхалсаар орж ирээд цохиураа авангуут бөмбөрөө тоглох цаг нь болсон байна, хоёр гурав цохиод хөгжим дуусна. Удирдаач нь бөөн уур орж ирээд залууг цагтаа ирсэнгүй гэж зэмлэнэ. Энэ кино, бас тэр “бөн бөн”-ий түүх  бол амьдралын чухал туслах дүр юм. Ийм дүргүйгээр амьдрал утгагүй гэдгийг хүн аяндаа ухаардаг.

Бүгдийг орвонгоор нь өөрчилж чадахгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд тэмцэлтэй амьдрах сайхан. Бас хийж байгаа ажлынхаа үр ашгийг нэмэгдүүлэх, яавал өөрт болон өрөөлд хэрэг болох бол гэж үргэлж эрэлхийлж явууштай. Бухимдах шантрах үе хэнд ч байх, гол нь цагийн юмаа цагт нь амжуулаад, хүнд гавьяа болдоггүй юм гэхэд гай болохгүй л байх юмсан гэж санадаг. “Бөн бөн”-өөр дутдаг хорвоод болж өгвөл сэтгэлийн тэнцвэр алдахгүй явахсан.

- Э.Адъяасүрэн

Холбоотой нийтлэл олдсонгүй.



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.