Нүүр » №002, Багана, Нийгэм

Газар хөдлөлт гэж юу вэ?

[1 May 2010 | Ес далан зургаа]

Хэн нэгэн шидтэн нь “Өнөөдөр Улаанбаатарт газар хөдөлнө” гэж айлдсан бололтой, хүн болгон л “Одоо яанаа” гэцгээх юм. Төр засгийн хариуцлагатай албан тушаалтнууд хүртэл газар хөдлөлтөд асар их ач холбогдол өгч өдөр алгасалгүй хурал зөвлөгөөн зохион байгуулдаг боллоо. Гэвч хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэзээ, хаана, ямар газар хөдлөлт болохыг урьдчилж хэлэх арга бодож олоогүй билээ. Эрдэмтэд бүдүүн баараг таамаг дэвшүүлнэ үү гэхээс биш 2010 оны 4-р сарын 28-ны 15:00 цагт газар хөдөлнө гэж баттай хэлж чадахгүй. Иймд тайван байцгаая. Газар хөдөлсөн ч гэсэн тайван байх нь хамгаас чухал гэдэг.

Тэгвэл газар хөдлөлт гэж юу вэ? Дэлхийн бөмбөрцгийн чулуун мандал тектоникийн хавтан хэмээгддэг томоохон тавцангуудаас бүрддэг ба эдгээр тавцангууд дэлхийн хэвлийд болж буй урвалын нөлөөнд хөдөлгөөнд орсноор газар хөдөлдөг байна. Газар хөдлөлтийн дотоод голомт дахь хүчтэй хөдөлгөөн чулуун мандалыг задалснаар доргилт үүсч, чичирхийллийн долгион байдлаар тал тал тийш тархдаг аж.

Монгол дахь газар хөдлөлт

20-р зуун гарсаар манай улсад 8 магнитудаас дээш хүчтэй 4 газар хөдлөлт, 7-гоос дээш магнитудын хүчтэй 6 газар хөдлөлт бүртгэгджээ. Хамгийн сүүлд 1967 онд Улаанбаатар хотоос 400 км-ийн зайтай Булган аймгийн Могод суманд 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь нийслэлд 6-7 баллаар мэдрэгдсэн байна. Энэхүү газар хөдлөлтийн улмаас Могод суманд 42 км-ийн урт хагарал үүссэн гэдэг.

Булганы Могодыг нийслэлтэй хамгийн ойрхон газар хөдлөлтийн голомт гэж үздэг байсан бол сүүлийн үед Дундговь аймгийн Дэлгэрцогт, Дэрэн сумын хавь орчимд бас нэгэн газар хөдлөлтийн голомт идэвхжиж эхэлсэн байна. Дэрэнгийн бүс нутаг газар хөдлөлтийн идэвхжилт өндөртэйд тооцогддог. Учир нь тэнд газар хөдлөлтийн томоохон хагарлын систем тогтсон байдаг гэнэ. Дэрэнгийн бүс нутагт 1998 оны 9-р сарын 24-нд голомтондоо 6-7 баллын хүчтэй, магнитуд M=5.3-тай газар хөдлөлт болсон нь Улаанбаатар хотод 3-5 баллаар мэдрэгджээ. Мөн энэ оны 1-р сарын 09-нд Дэрэнд голомтондоо 6-7 баллын хүчтэй, магнитуд M=5.6-тай газар хөдлөлт болсон юм.

Улаанбаатар хот болон түүний орчмын газар хөдлөлийн идэвхжилт Монголын баруун бүс нутагтай харьцуулахад харьцангуй бага боловч Улаанбаатарын баруун тал, Сонгино-Сонсголонгийн бүс нутагт 2005 оноос сулавтар хүчтэй газар хөдлөлт ажиглагдах болжээ. Энэ идэвхжилт нэмэгдвэл 4.5, 5 магнитудтай газар хөдлөлт болох магадлалтай гэж үздэг ч, нэмэлт судалгаа хийх хэрэгтэй байгаа юм.

Дэлхийн газрын гадарга бол зуухан дээр тавьсан данхтай цай шиг юм. Их халбал буцлаад тэлж, дэвэрдэг.
Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн газар хөдлөлтийн судлаач Д.Мөнхөө, Үнэн сонин, 2010 оны 1-р сарын 15
Улаанбаатар хотын хэмжээнд ямар ч тэсвэргүй, 6-7 баллын газар хөдлөлтөд хамгийн түрүүнд нурах 263 барилга байгаа нь тогтоогдсон. Ихэнх нь 1950, 1960-аад оны үеийн орон сууцны барилгууд. Тоосгоор хийгдсэн хийц загвар нь бат бөх мэт боловч суурийг нь газар хөдлөлтийн чичирхийлэлд тооцож хийгээгүй. Энэ 263 барилгаас Сонгинохайрхан дүүрэгт 19, Хан-Уулд 69, Баянзүрх дүүрэгт 25, Баянголд 29, Чингэлтэйд 54, Сүхбаатарт 65 барилга байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын нэгдүгээр орлогч, дээд ахмад Ч.Намсрайжав, Улаанбаатар Таймс сонин, 2010 оны 3-р сарын 10
Улаанбаатарын ойр орчимд долоон магнитуд газар хөдлөлт боллоо гэж үзэхэд хотын бүх хүнд мэдрэгдэж, газар хөдлөлтөд тэсвэртэй баригдсан барилгууд багахан гэмтэж, ердийн бат бэх байшингууд багаас дунд зэрэг, муу байшингууд нэлээд гэмтэж, зарим яндан хоолой эвдэрнэ.
Геофизикч Л.Ганбаатар, Зууны Мэдээ сонин, 2007 оны 5-р сарын 17
Зузаан сэвсгэр хөрс, налуу газар барьсан барилгуудад газар хөдлөлт илүү мэдрэгддэг. Сүүлийн үед баригдаж байгаа байшингууд Туул голын сэвсгэр зузаан хөрсөн дээр, Зайсанд баригдаж байна шүү дээ. Ийм тохиолдолд дүрмээрээ [газар хөдлөлтийн] бодит хүчин дээр нэг баллыг нэмдэг юм. Өөрөөр хэлбэл тэнд ирж байгаа сигнал[д] хоёр дахин хүчтэй хурдатгал ажиглагдана гэсэн үг. Мөн гүний ус ойрхон байх тусам хүчтэй мэдрэгддэг учир нэг балл нэмж тооцдог.
Одон орон, геофизикийн судалгааны төвийн Судалгаа арга зүйн багийн ахлагч Ц.Батсайхан, Улаанбаатар таймс сонин, 2010 оны 1-р сарын 12
Муугаар бодоход есөн баллын газар хөдлөлт болоход хотын барилгын 95 хувь нь нурна. Найман баллын газар хөдлөлт болвол [гэмтэл] 70 гаруй хувьтай [байна] гэсэн тооцоо бий.
Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, Нийгмийн толь сонин, 2010 оны 2-р сарын 23
Хана, даацыг сэтэлсэн байшин, Тєрийн ордон, Дулааны гурав, дєрєвдvгээр цахилгаан станцын барилга байгууламжууд, Цахилгаан холбооны барилга, хvн ам олноор цуглардаг vзвэр vйлчилгээний газар буюу Дуурь бvжгийн болон Драмын эрдмийн театр, цирк, Улсын клиникийн эмнэлэг, сургууль зэрэг газруудын барилга байгууламж газар хєдлєлийн тэсвэргvй гэсэн дvгнэлт гарсан.
Барилга хот байгуулалтын яамны тєрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, “Газар хєдлєлтийн тєлєв байдал, болзошгvй аюул, аврах арга хэмжээ” сэдэвт нээлттэй сонсгол, 2010 оны 3-р сарын 29

Холбоотой нийтлэл:

Газар хөдлөлт: магнитуд vs балл Барилгын компаниуд “Манай барилга газар...
Хаити: 220 000, Чили: 342 Сүүлийн үед энд тэндгүй газар...
Газар хөдөлвөл яах вэ? Газар хөдөлсөн тохиолдолд ямар арга...
Агаар дахь ХОР Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн...
Агаарын бохирдлын эх үүсвэрүүд Аливаа гэмт хэргийг яллахын тулд...



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.