Нүүр » №002, Багана, Үзэл бодол

Жаргалангийн эрх ашиг хамгаалах “Төлөвлөгөө А”

[1 May 2010 | YudaGuN]

20 цаг 38 минут, Бямба гариг, Улаанбаатар хот – Иргэн Жаргалан бэлэн мөнгө авах санаа өвөрлөн харилцагч банкны АТМ руу алхаж явна.

20 цаг 41 минут – Иргэн Жаргалан хэн нэгнийг үүрэн телефоноор зад загнаж байна. Хажуугаар холхих иргэд ихэд мэлийсэн янзтай тус үзэгдлийг ширтэнэ. Довтолгоонд өртөгч этгээд бол харилцагч банкны оператор. Операторын өөрийн байгууллагыг зөвтгөж буйгаар, нэгэн шалтгааны улмаас тус амралтын өдрүүдэд бүх АТМ-ээр бэлэн мөнгө олгохгүй болсон хийгээд түүнийг харилцагч нарт хэд хоногийн өмнө мэдэгдсэн гэх. Угтуулаад улам загнуулав. Иргэн Жаргалангийн давшилж буйгаар бол үйлчлэгч байгууллагад элэнцэг нь тохиолдож, баланцаг нь учирсан ч хүлээх үүргээ ухамсарлаж, түүнийг (бэлэн мөнгийг анхны шаардлагаар ямагт олгох) ямар ч тохиолдолд биелүүлэх ёстой аж. Түүний түмээр зөв гэдэг нь маргаангүй буй за.

22 цаг 15 минут, Жаргалангийн гэр, бичгийн ширээний ард – Иргэн Жаргалан гомдол, хохирол, чирэгдэл, заналхийлэл бүхий захидал бичнэ. Хаашаа хаяглахыг Та мэднэ. Нөгөөх шидэл банк. Хэрэглэгчийн эрх, үйлчлэгчийн үүргийн талаарх ойлголт, ухагдахуун, зарчим; түүнчлэн үйлчилгээний байгууллагад байвал зохих ухамсар, соёл, жишиг зэргээр захидал нь чимэглэгдсэн хийгээд хэрэглээ, боломж, төлөвлөлтийн хувьд ихэд алдагдалд орж, сэтгэл санааны арилшгүй хохирол, шаналал амссанаа удаа дараалан сануулж, улмаар энэхүү асуудлыг эс эцэслэх аваас Хэрэглэгч-Үйлчлэгчийн тангараг тасарч удмаараа жигшиж, сонголт цэснээс хасч амьдрахыг андгайлжээ. Ийнхүү захидал бичих учир шалтгааныг Иргэн Жаргалан дараахаар тайлбарлана.

Монгол бол цөөн тооны үйлчилгээний байгууллагатай улс. Хязгаарлагдмал сонголттой утгаар, нэг байгууллагыг нөгөөгөөр солих боломж туйлын хомс. Иймд арай дөмөг гэж үнэлэгдсэн нэгтэйгээ тулж ажиллаж, үсэрч наалдаж, хэрүүл уруул хийснээр, үйлчилгээний чанар цаашдаа  хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрч очно хэмээнэ. Энд нэгэн зүйлийг цохон тэмдэглэхэд, захидал үйлдэхийг Иргэн Жаргалан “Төлөвлөгөө А” хэмээн нэрийдсэн бөгөөд А-аас өөр Б, В, Г төлөвлөгөө байхгүй гэнэ.

Үйлчилгээний чанар хөндөгдөх талбар зөвхөн банкны салбараар өнгөлөгдөхгүй, “хэрэглэгч – үйлчлэгч” явц өрнөдөг тохиолдол бүр ёс мэт нэр дэвших номинацид сайн дураар гар өргөнө. Зоогийн газар, дэлгүүр, үүрэн телефон зэрэг авьяаслаг нэр дэвшигчдийг энд эс дурьдах аваас алдас мину. Ямар нүглийн уршигт, айхтар хараал хүртсэн гэдэгтээ Монгол түмэн мөнгө төлж үйлчилгээ авсныхаа төлөө – нэг бус хэд хэдэн хохирол амсаж, улмаар өнөөх үйлчлэгч нөхөрт илжиг мэт үнэнчээр хандаж, давтан харилцаанд орсоор байх ёстой гэж?

Бидний Монголчууд хайхрамжгүй, хүлцэнгүй, мазохист хэмээх хоч хүртвэл зохилтой. Хүн төрөлхтөн мөнгийг хүсэл биелүүлэгч ид шид, тачаал бадруулагч алтан загаст өргөмжилж, тэрхүү шидлийн төлөө толгой бүр борви бохиролгүй тэмцдэг. Хүсэл тачаалын халуунд элдэв бусын зовлон зүдгүүрийг гатлан ядан хэдэн бор мөнгө олно. Зул асааж, арц утан аравнайлах шахсан өнөөх мөнгө хүсэл биелүүлэх – угтаан жинхэнэ ид шидээ харуулах мөчид үнэ цэнээ гомдмоор алдана. Үнийн инфляци, барааны чанар тохиолдлыг энэ удаад ярьсангүй, харин зөвхөн худалдан авч буй үйлчилгээ! Энэ тохиолдолд бид үйлчилгээний бурхдыг буруутгах уу, аль эсвэл мөнгө үрэгч өөрсдийгөө буруутгах уу.

Зүдэрч олсон мөнгөө, сайн дурандаа бурхдын гарт тавьж тууснаар мэдээж бид өөрсдөө буруутай. Олсон хэдийгээ ашиг ханамжийн тэг тэнцэлтэйгээр өргөл болгох нь угтаан өөрийгөө үл хүндэлж, шалдаа буусантай агаар нэг. Үйлчилгээгээр – ясли мэдлэг, харилцаагаар – цэцэрлэг боловсролтой эдгээр үйлчилгээний байгууллагууд одоог хүртэл оршин тогтноод байгааг яг юу гэж ойлгох вэ? Арга залийн гайхамшиг уу, арчаагаа алдсан бидний гавьяа юу?

Бид өөрсдийгөө хүндлэхгүй, угтуулаад үйлчлэгч хэд нь биднийг хүндлэхгүй байж болно. Гэтэл тэр үйлчлэгч байгууллагын төлөө хохирсон бид санаа тавих, зовинох, нойр хоолноос гарах явдал бол харин ч дэндсэн, утгаа алдсан зүйл. Шаардлага тавьж, учирлан тайлбарласны хүчинд амжилт олсон үзэгдэл ер нь энэ дэлхийн аль ч улс оронд байтугай, эцэг хүүгийн харилцаанд байхгүй.

Үнэхээр л өөрийгөө хүндэлж, үнэ цэнэ шингэсэн хэдэн төгрөгөө үр ашигтай зарцуулъя хэмээн бодвол зовлон авчрах үйлчилгээний байгууллагыг ор тас мартаж, хаалгаар нь шагайх битгий хэл, хажуугаар бүү яв. Нэгэнт тогтсон мазохист сэтгэлгээний чухам эсрэг ойлголт болох дээрх садист аргачлал нь зөвхөн өөрийгөө хүндлэхээс гадна дараах нэгэн давуу талтай.

Ямар ч үйлчилгээний байгууллагын тэргүүн зорилго бол хэрэглэгч олох, түүнийг эвтэйхэн маллах явдал байдаг. Хаалга саван гүйн одох хүүхний араас хаягдсан залуу нэгийг боддог гэдэгчлэн хэрэглэгчээ алдсан үйлчлэгч бас нэгийг бодож л таараа. Учир нь үйлчилгээ гэгчийг ширээний теннистэй зүйрлэж болох юм. Ухаандаа хэрэглэгч бол цохилтонд гомдох бөмбөг, үйлчлэгч бол цохилтын хүчийг тааруулахыг эрмэлзэгч цохиур. Хэн алдана, тэр оноо гээнэ. Хэн ононо, тэр оноо нэмнэ. Баруун зүүн, баруун зүүн…

Зах зээлийн буянт хууль хэмжээлшгүй эрх мэдэл, ямбыг хэрэглэгч бидэнд олгосон. Адаглаад, үйлчлэгч бүрээс өөрийн мөнгө олоход зарцуулсан хүч хөдөлмөртэй дүйцэх хэмжээний хүчин чармайлтыг нэхэх эрх бидэнд бий. Хишгийг хүрт.

Базаад хэлэхэд, мах хатуу – үнэлгээ ширүүн зоогийн газар, сүлжээ сульдаа – нэгж шамшиг үүрэн телефончид, үйлчилгээ болхи – харилцаа нахал банкууд, хүнс хөгц – савлалт удаан хүнсний дэлгүүр, зай бачуу – хурд солиорол микро автобус, холбоо тасалдаа – хурд мөлхөө интернэт хангагч, мэдээлэл ховонцор – үнэмшил будлиан сонин сэтгүүл ба бусад шүдний өвчин угшаах үйлчилгээний байгууллагуудаас зайгаа барьж шинийг эрэлхийлье.

Холбоотой нийтлэл:

Ашигтай зарга 10 лан Хоёр сарын өмнө болсон явдал....
Гүйж харайх мастер төлөвлөгөө Дун өвлийн хүйтэнд чихээ хөлдөөчих...



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.