Нүүр » №002, Багана, Нийгэм

Лондонгийн их утаа

[1 May 2010 | Ес далан зургаа]

1952 оны 12-р сард Лондонд гамшиг тохиожээ. Тав хоногийн туршид Лондон хотыг тэр чигт нь бүрхсэн аймшигт утааны улмаас 12 000 хүн нас барж, зуу гаруй мянган хүн амьсгалын замын өвчнөөр өвчилсөн гэдэг. Лондонгийн Их Утаа хэмээн нэрлэгдэх болсон энэхүү үзэгдэл агаарын бохирдолтой холбоотой хамгийн аймшигт үйл явдлын хувиар түүхийн хуудаснаа бичигдсэн юм. Тэр өвөл Англид цочир хүйтэрч, айл өрхүүд их хэмжээний нүүрс шатааж байжээ. Утаа нь манан будантай нийлж, үзэгдэх орчинг огцом хязгаарласан тул замын хөдөлгөөн хүртэл зогссон гэдэг. Лондон хот сав газар байрладаг ба утаа хөөрөлгүй олон хоногийн туршид агаарт тогтож, манангардаг аж. Салхигүй хэд хоноход чийгтэй агаарт хорт бодисууд шингэн үлдэж, агаарыг бохирдуулах аюул нүүрлэдэг. Тухайн өдрүүдэд гэхэд агаарт 1 000 тонн утаа, 2 000 тонн нүүрс төрөгчийн хүчил, 800 тонн хүхэрлэг хий цацагджээ.

Smog хэмээх Англи үг Лондон хотоос гаралтай. Утаа (smoke) ба будан (fog)-гийн нийлбэрээс бүрдсэн энэхүү үзэгдэл Лондон хотод газар авсны улмаас будант Альбионыхон арга буюу шинэ үг зохиох болсон гэдэг. Алдарт Клод Моне, Чарльз Диккенс нар хүртэл Лондонгийн утааг зохиол бүтээлдээ дурссан байдгаас Лондонгийн агаарын бохирдол хэр хэмжээнд хүрч байсныг харж болно. Учир нь Английн уур амьсгал 18-р зуунаас эхлэн өрнөсөн Аж үйлдвэрийн хувьсгалын үр дүнд ихээхэн өөрчлөгджээ. Олон зуун үйлдвэр байгуулагдсаны улмаас агаарын бохирдол үлэмж нэмэгдсэн нь манан ихтэй Англид гамшиг авчирсан юм. Түүнчлэн, томоохон хотуудын оршин суугчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байсан ба зуух галлаж, нүүрс түлэх нь ихэсч, улмаар айл өрхийн хэрэглээ агаарын бохирдолд багагүй хувь нэмэр оруулах болжээ. 1952 оны их утаа ч мөн энэ бүхэнтэй холбоотой.

1952 оны утаа олон хүний аминд хүрч, агаарын бохирдлын асуудлыг олны анхаарлын төвд авчирсны хүчинд 1956 онд Их Британий парламент Цэвэр агаарын тухай хуулийг санаачлан, хотын төвд утаагүй бүс байгуулж, мөн айл өрхүүдэд нүүрс түлэхийн оронд хийн түлш, утаагүй нүүрс болон цахилгаан халаагуур суурилуулах чиглэлээр тэтгэлэг олгохоор тогтоожээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд 1952 оны үйл явдал дахин давтагдаагүй ч, Лондон хотын агаарын бохирдлын асуудал хурцаар тавигдсан хэвээр байгаа юм.

Холбоотой нийтлэл:

Агаарын бохирдол Өглөө сэрэхэд хоолой хатсан...
Агаарын бохирдлын эх үүсвэрүүд Аливаа гэмт хэргийг яллахын тулд...
Агаар дахь ХОР Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн...
Хиншүү ханхлуулсан хөрөнгө оруулалт Сүүлийн гурван жилд агаарын бохирдлыг...
Та ч бас агаарыг бохирдуулдаг Улаанбаатарын агаарын бохирдолд бухимддаггүй нийслэлийн...



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.