Нүүр » №002, Багана, Нийгэм

Газар хөдлөлт: магнитуд vs балл

[1 May 2010 | Ес далан зургаа]

Барилгын компаниуд “Манай барилга газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй” гэх мэтчилэн өөрсдийн бүтээгдэхүүнийг сурталчилдаг. Тэгвэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэлхий дахинд болж буй байгалийн гамшгийг сурвалжлахдаа “Хаитид 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо” гэх зэргээр мэдээлдэг. Магнитуд, балл хэмээх энэхүү хоёр нэгж чухам ямар ялгаатай вэ?

1935 онд АНУ-ын сейсмологич Рихтер магнитуд гэдэг нэр томьёог гаргаж иржээ. Газар хөдлөлтийн хүчийг илэрхийлэх зорилготой энэхүү хэмжигдэхүүн нь тухайн газар нутгийн хөрс газар хөдлөлтийн нөлөөнд хэр зэрэг амплитудтай чичирхийлж савлав гэдгийг үзүүлдэг байна \геофизикч Л.Ганбаатар\. 1970-аад онд Рихтерын шаталбарыг шинэчилснээр Moment magnitude scale буюу Mw хэмээн тэмдэглэгддэг шинэ шаталбарыг ашиглах болжээ. Өнөө үед дэлхий дахин газар хөдлөлтийн хүчийг хэмжиж, олон нийтэд зарлахдаа Mw-г өргөнөөр ашигладаг.

Магнитудын шаталбар нь логарифмын бүтэцтэй тул газар хөдлөлтийн хүч нэг пунктээр нэмэгдэхэд ялгарах энергийн хэмжээ нь томьёоны дагуу хэд дахин нэмэгддэг байна. Саяхан Хаитид болсон газар хөдлөлт 7 магнитудын хүчтэй байсан бол Чили дэх газар хөдлөлт 8.8 магнитудын хүчтэй байсан юм. 1.8 магнитудын зөрүү нь энергийн ялгарлын хувьд 500 дахин их зөрүүг илтгэдэг байна. Бидний мэдэх хамгийн хүчтэй буюу 9.5 магнитудын газар хөдлөлт 1960 оны 5-р сарын 22-ны өдөр Чили улсад болсон юм.

Харин Монголд түгээмэл хэрэглэгддэг MSK-64 буюу баллын шаталбар нь хуучин ЗХУ, соц.блокын орнуудад өргөнөөр ашиглагдаж байсан газар хөдлөлтийн нөлөөллийн хэмжигдэхүүн юм. Газар хөдлөлтийн хүчийг 12 баллд ангилан нөлөөллийг нь хэмждэг энэхүү хэмжигдэхүүнийг барилгын стандартыг тодорхойлоход өнөө хэр өргөнөөр ашигладаг. Магнитудын шаталбар нь шууд бус аргаар энергийн ялгарлыг тооцдог бол баллын шаталбар нь тухайн газар хөдлөлт хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлж буйг тооцдог байна.

БАЛЛЫН ШАТАЛБАР

ХҮЧ ШИНЖ ТЭМДЭГ
I Хүнд мэдрэгдэхгүй, зөвхөн багажинд бүртгэгдэнэ.
II Байшин барилгын дээд давхарт чимээгүй орчинд байгаа зарим хүмүүс болон мэдрэмж сайтай амьтдад мэдрэгдэнэ.
III Зарим барилгын тасалгаанд өлгөөтэй эд зүйлс савлаж санжигнана.
IV Цонхны шил харжигнана. Сав суулга, хаалга чихрана. Барилга дотор буй ихэнх хүмүүст мэдрэгдэнэ.
V Гадаа, хээр байгаа ихэнх хүмүүст мэдрэгдэнэ, барилга байшин дотор буй бүх хүмүүст мэдрэгдэнэ. Барилга байшин чичирхийлнэ, цонхны шил, барилгын шавардлагад цав гарна. Унтаж буй хүн сэрнэ.
VI Бүх хүнд мэдрэгдэнэ. Хаалга савж, цонхны шил, сав суулга хагарна. Тавиур дээрээс ном унаж, дотор шавардлага хуурна.
VII Чулуун барилгын хананд цав сууна, гэхдээ газар хөдлөлтөд тэсвэртэй болон модон байшингууд яах ч үгүй.
VIII Газрын хөрсөнд хагарал үүснэ. Хөшөөнүүд унана. Барилга байшин гэмтэнэ.
IX Тоосгон хана, зарим барилга нурна. Том барилгад ан цав үүснэ. Худгийн усны түвшин өөрчлөгдөнө. Гол, нуурын ус булингартана. Нуралт гулсалт үүснэ. Барилгын суурь суларч, газар доорх хоолой эвдэрнэ.
X Гүүр, байшин барилга, барилгын суурь, ус дамжуулах хоолой эвдэрч, хашлага далан сэтэрнэ. Газар дээр нуралт, ангал үүсч, гол нуурын ус эргээсээ халина.
XI Бараг бүх чулуун байгууламж эвдэрнэ. Хөрсний шилжилт үүснэ.
XII Бүх зүйл эвдэрч сүйднэ. Голын голдрил өөрчлөгдөн хүрхрээ үүсч, газар орны нүүр царай хувирч өөрчлөгдөнө. Хүнд юмс ч агаарт шидэгдэнэ.

МАГНИТУДЫН ШАТАЛБАР

МАГНИТУД ШИНЖ ЧАНАР ДАВТАМЖ
<2.0 Зөвхөн багажинд бичигдэнэ. Өдөрт 8,000 орчим
2.0-2.9 Ихэнх тохиолдолд мэдрэгдэхгүй. Хоногт 1,000 орчим
3.0-3.9 Хүнд хальт мэдрэгдэнэ, гэмтэл учруулах нь ховор. Жилд 49,000 орчим
4.0-4.9 Барилга байшин доторх эд зүйл мэдрэгдэхүйц санжигнана. Ноцтой гэмтэл гарахгүй. Жилд 6,200 орчим
5.0-5.9 Чанар муутай байшин барилгад хохирол учруулах магадлал өндөр. Жилд 800 орчим
6.0-6.9 Нэлээд хүчтэй, голомтод ойр хот суурин газарт их хэмжээний хохирол учруулна. Жилд 120 орчим
7.0-7.9 Маш хүчтэй. 160 орчим километрийн радиуст их хэмжээний хохирол учруулна. Жилд 18 орчим
8.0-8.9 Маш хүчтэй. Хэдэн зуун километрийн радиуст их хэмжээний хохирол учруулна. Жилд 1 орчим
9.0-9.9 Маш хүчтэй. Хэдэн мянган километрийн радиуст их хэмжээний хохирол учруулна. Хорин жилд 1
10.0+ Асар хүчтэй. Бүртгэгдэж байгаагүй. Маш ховор

Холбоотой нийтлэл:

Газар хөдлөлт гэж юу вэ? Хэн нэгэн шидтэн нь “Өнөөдөр...
Хаити: 220 000, Чили: 342 Сүүлийн үед энд тэндгүй газар...
Газар хөдөлвөл яах вэ? Газар хөдөлсөн тохиолдолд ямар арга...
Агаарын бохирдлын эх үүсвэрүүд Аливаа гэмт хэргийг яллахын тулд...
Та ч бас агаарыг бохирдуулдаг Улаанбаатарын агаарын бохирдолд бухимддаггүй нийслэлийн...



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.