Нүүр » №002, Багана, Тоо

Махчин Монгол + шар айрагчин Монгол

[1 May 2010 | Ес далан зургаа]

МАХЧИН МОНГОЛ

Бид өөрсдийгөө махчин Монгол хэмээдэг боловч Монголчууд нэг хүнд ноогдох махны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэх нь битгий хэл эхний аравт ч ордоггүй юм байна. World Resource Institute-ын судалгаагаар, Даничууд дэлхийн хамгийн махсаг хүмүүс болж таарав. Тэд жилд 145.9 кг буюу хоногт 400 грамм мах иддэг гэнэ. Харин Монголчууд бид дунджаар жилд 91.2 кг буюу хоногт 250 грамм мах иддэг болохыг Монгол Үндэсний Статистикийн Хороо баталж байна. Монголчуудын махны хэрэглээг хот, хөдөөгөөр нь авч үзвэл, хөдөөгийнхөн жилд 109.2 кг (хоногт 300 грамм), хотынхон жилд 78 кг (хоногт 210 грамм) махан бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэдэг байна. Судалгаанаас харахад, Карибийнхан хүртэл Монголчуудаас илүү махсаг болтой юм. Малчид маань Бахамын арал руу мах экспортлох арга сүвэгчлээсэй билээ.

ПИВОЧИН МОНГОЛ

Далай лам үнэхээр “Архиа бага ууж, айргаа их уу” гэж айлдсан уу, эсвэл үүнийг хошин шогийнхон зохиосон уу? Юутай ч, энэ зөвлөгөөг Монголчууд маш сайн дагаж байгаа, айраг гэдгийг шар айргаар сольсныг эс тооцвол шүү дээ. 2005 онд бид 7.9 орчим литр шар айраг үйлдвэрлэж, 7.8 сая литр шар айраг импортлож байсан бол 2008 онд 19.9 сая литрийг үйлдвэрлэж, 20.5 сая литрийг импортложээ. 2008 онд манай улсын нэг хүнд ноогдох шар айргийн хэрэглээ жилд 15.1 литр байсан нь өмнөх жилүүдтэй харьцуулбал үлэмж өссөн үзүүлэлт юм. Гэхдээ бид Чехуудын хажууд огт амсдаггүй хүмүүс. Учир нь дундаж Чех нөхөр жилд 150 орчим литр шар айраг уудаг байна. Чехийн анхны шар айргийн үйлдвэр 1118 онд байгуулагдсан гэдэг. Есөн зуун жил шар айраг уусан арвин туршлагатай Чехууд шар айргийн хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэх нь арга ч үгүй биз.

Холбоотой нийтлэл:

Монгол сүү юу, Monmilk үү? Хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар...



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.