Монголын төр хүчтэй байх ёстой
Зурагтаар “Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө” гэсэн уриатай нэвтрүүлэг гарч байна. УИХ-ын гишүүн, улаан хувьсгалч, дээхэн үеийн төрийн зүтгэлтэн, МУИС-ийн оюутан г.м. манай өнөөгийн нийгмийн дажгүй өргөн төлөөлөл зэрэгцэж суугаад санал бодлоо солилцож байх юм. Тэд цаг гаруй ярилцсаны эцэст “бодоод бодоод бодын шийр дөрөв” гэгчээр хамаг асуудал Монголын төрд байна хэмээн дуу нэгтэй санал нийлснээр нэвтрүүлэг өндөрлөв. “Төр ажлаа хийж чадахгүй байна”, “төр авилгалд идэгдэж байна”, “төрөөс дэмжихгүй байна”, “төр зохицуулахгүй байна”. Эдгээр үгс хүн бүхний амнаас гардаг маань мэгзэм мэт болжээ. Төр түшилцэж явсан ахмад сайдаас авахуулаад отор хийж яваа говийн малчин хүртэл үүнийг л хэлдэг. Газар нутгаа гадныханд ухуулж дуусч байгаа хөдөөгийнхөн, ажил хайн доншуучлах хотын залуус, юуг, хаагуур, хичнээнийг, хэзээ ачаад явсныг сонин дээрээс л олж мэдэх орон нутгийн удирдлагууд… Энэ мэтээр Монголчууд бид бүгд төрөөс хамаарч, хамгийн гол нь үл хамаарч амьдарч байна. Бүхэл бүтэн бүс нутгийг тэтгэж байсан гол нуур нүдэн дээр нь ширгэж алга болоход нутгийн ардууд төрдөө биш олон улсын байгууллагуудад хандан тусламж дэмжлэг хүсч, эрхээ хамгаалуулж байна. Харин Монгол төрийн төлөөлөл байх учиртай төрийн албан хаагч, хууль тогтоогчид нь ямар нэг асуудал гарахад санхүү хүрэлцэхгүй байна хэмээн хээв нэг суух.
Монголын засаг төр гэдэг бол бидний нэгэн үндэстэн, нэгэн соёл иргэншил байх тулгуур багана, мянга мянган жилийн бахархалт түүхтэй тусгаар тогтнолын баталгаа байх ёстой. Харин сүүлийн үед манай төр засгийн тогтолцоо, оршин тогтнох суурь, үйл ажиллагаа явуулах зарчимд маш их өөрчлөлт гарч, тэгэх тусмаа асар их доголдол үүссэн нь хэнд ч ойлгомжтой болжээ. Монголчууд бид бүхний хамтын эрх ашгийн илэрхийлэл байх ёстой төр маань, бидний эрх ашгийг төлөөлж чадахгүй байгаа нь биднийг төрөөс зугтаж амьдрахад хүргэж байна. Бүх нийтийн эрх ашигт захирагдахаа больсон хэсэг бүлэглэлүүд үүсэн бий болж, тэр эрх ашгийг сөрөх үйлдлийг зөнгөөрөө хийж байна. Бусдын эрх ашгийн төлөөлөл болсон байгууллагуудын нөлөөнд автаж байна. Энэ бүхэн цаашид үргэлжлэх юм бол Монголчууд бид үндэстний хэмжээнд оршин тогтнож чадахгүйд хүрч мэдэх юм.
Сүүлийн хорин жил төр жижиг байх ёстой, аливаа асуудалд төр оролцох ёсгүй, төр хамгийн муу менежер гэх санаа нийгэмд хүчтэй тархаж, туйлын үнэн мэт ойлгогдох болжээ. Барууны, хөгжилтэй, зах зээлийн тогтолцоотой орнууд төрдөө тэгж ханддаг уу гэвэл үгүй. Хамгийн хүчтэй, хамгийн баян төр баруунд л байдаг. Тэндхийн төр нийгэм, эдийн засаг, гадаад харилцааны бүх төрлийн асуудлыг зохицуулдаг ба хэрэгтэй үед нь зах зээлийг зөнд нь хаяж, хянаж тохируулах үед нь засаж залруулж байдаг. Зэрлэг биш соёлтой капитализм – боолын нийгэм биш нийгмийн тэгш байдал зөвхөн төрийн оролцоотой бий болж, баталгааждаг билээ.

Гэтэл барууныхан өөрсдийн хэзээ ч мөрдөж байгаагүй (магадгүй хэзээ ч мөрдөхгүй) чөлөөт худалдаа, юунд ч оролцдоггүй төрийн онолыг хөгжлийн эрэмбээрээ хоцорч яваа улсуудад тулгасан хэвээр. Тэдэнд “гуравдагч ертөнцийн” засаг төрийг ийнхүү “гар дороо” байлгах нь ашигтай. Төрийн оролцоо хяналтыг үгүй хийгээд, хувийнханд тавьж өгсөн салбарууд баруунд ч дампуурч, сүүлдээ төрийн зохицуулалтыг хүсэмжлэх явдал гардаг. Хамгийн том жишээ бол 2008 оны, үнэндээ дэлхийн ч биш, Америкийн санхүүгийн хямрал болж байна. Том л бол үр ашиггүй, зах зээл биш л бол байгалийн жам ёсонд үл нийцнэ гэсэн ойлголт үеэ илээж байгаа энэ үед Монголчууд бид энэ үзэл бодолд улам гүнзгийрэн автах болсон нь бидний хоцрогдсоных уу?
Төр ер нь ямар хэмжээтэй байх ёстой вэ? Аль ч улсын төр иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг төлөөлж байх ёстой. Улс орон бүрт энэ нь өөр утга агуулгатай. Түүх, газар зүйн бодит хязгаарлалтын улмаас улс орон, ард түмэн бүр бүх нийтийнхээ эрх ашгийг өөрийнхөөрөө л хамгаалах тавилантай байдаг. Хоёр сая хагас хүн амтай манай орны хувьд Хятадын хэмжээний төр засгийн аппараттай байх нь утгагүй. Гэвч Баруун Европын дайны нутаг дэвсгэртэй, асар их байгалийн баялагтай, бүх талаар нь хааж боогоод байх чадвартай хоёр аварга хөрштэй орны төр жижиг арлын орныхоос огт өөр байх ёстой нь ойлгомжтой! Монголд яагаад гадаадын туршлага тэр бүр шингэдэггүй, яагаад бидний өвөг дээдэс хүчтэй үедээ хүчирхэг төртэй байсны шалтгаан нь энэ. Эцэг өвгөдийн их өвийг, энэ эх орноо бид хойч үедээ бүрэн бүтэн үлдээхийн тулд харж хандаж, хамгаалах ёстой. Хаана хэн Монголын шороог хөндөж байна, хаана хэн юу хийж амьдарч, хаанахын хэнтэй харьцаж байна гэдгийг хэнээс ч сайн мэдэж, хэнбугайд ч шаардлага тавьж байх хэрэгтэй. Ингэж чадахгүй байгаа болохоор өнөөдөр гадаадынхан ч бай, ухамсаргүй зарим эх орон нэгтнүүд маань ч бай, дураараа туйлах болжээ. Үр дүнд нь нийт Монголчууд л хохироод үлдэнэ. Энд хяналт, зохицуулалтгүйн улмаас үүссэн авилга, баян хоосны ялгаа гэх мэт нийгмийн чанартай асуудлуудыг дурьдаад ч хэрэггүй биз ээ.
Бид яагаад ийм байдалд орчихов оо? Өнөөдөр Монголын төрд үүргээ биелүүлэх ямар ч чадавх алга. Манай одоогийн төрийн засаг захиргааны бүтэц маш цомхон, бас дээр нь хэтэрхий үр ашиггүй байна. “Төсөв томроод байна, эргээд социалист орон болох нь, та минь” гэсэн шүүмжлэл байнга гардаг боловч үнэндээ тэр төсвийн дийлэнх нь төрийн үйлчилгээний шинж чанартай байдаг буюу боловсрол, эрүүл мэнд зэрэгт зарцуулагддаг. Харин тэр зарцуулалтыг хянах ёстой засаг захиргааны аппарат нь үргэлжийн мөнх жижигдсэн, санхүүжилт дутагдсан байдалтай. Үлгэрлэвэл, тиранозавр үлэг гүрвэлийн урд хоёр савар шиг зохимжгүй бяцхан. Манай жижигхэн төрийн өрөвдөлтэй байдал хэн хүний нүдэнд илхэн. Морь унасан ганц байгаль хамгаалагчид Дани улсын дайтай газрыг хариуцуулчихна. Хэдэн зуун тэрбумын тендерийг сарын гурван зуун мянган төгрөгийн цалинтай хүнд даатгачихаад шударга байх эсэхийг нь өөрөөр нь хянуулдаг марзан ч гэмээр эмгэнэлтэй тогтолцоотой. Цагийн 3 тэнхлэгийг хамарсан өргөн уудам орны бүх ашигт малтмалыг 50 хүрэхгүй ажилтантай ганц яам хариуцаж байх жишээтэй. Төрийн аппарат нь хүн хүчний хувьд ч, чадавхийн хувьд ч дотоодынхоо хэдэн компанийг хангалттай хянах чадваргүй, тэднийхээ сүлжээнд атгуулчихсан хэрнээ асар том хөрөнгө оруулалтын гэрээг бие даан зохицуулах үүрэг хүлээж сууна.
Аль ч төрийн чадавх эрх зүйн орчны чанар, албан хаагчдынх нь чадвараас хамаардаг. Чадварлаг албан хаагчид л сайн хууль боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлнэ. Монголчууд бид бүх нөөцөө шавхан байж залуу үедээ чадах ядахаараа боловсрол эзэмшүүлдэг билээ. Гэтэл тэдгээр чадварлаг хүмүүс нь гадаад руу гараад явчихдаг, харин нутагтаа ирсэн хэдийг нь гадаадын байгууллага, төслүүд үнэ цохиод авчихдаг. Төрд хэн ажиллаж байна вэ? Тэр битгий хэл, өнөөдөр манай улсын хуулийн төслүүдийг хэн хаана боловсруулж, яаж батлуулаад байдаг нь будлиантай. Ихэнх хууль тогтоомж нь аль нэг компани, ямар нэг олон улсын байгууллагаас гарч ирсэн санал байдаг гэхэд хилсдэхгүй. Эрх ашгийн зөрчилтэй хууль нийгэмд яаж нөлөөлөх нь ойлгомжтой.
Монголчууд бид эх орны маань эдийн засаг, хүн ам эрс тэлэх он жилүүдтэй золгох гэж байна. Хэрвээ бид нийтийнхээ эрх ашгийг хамгийн шилдэг хүмүүсээрээ хамгаалуулж, тэднийхээ тууштай ажиллах нөхцлийг бүрдүүлж, хангалттай цар хүрээтэй, өндөр түвшний зохион байгуулалт, сахилга баттай төр засгийг хүлээн зөвшөөрөхгүй бол Монгол орны өргөн уудам нутагт эрх ашгаа биднээс илүү хүчтэй хамгаалж чадах өрсөлдөгчид захаасаа аваад мундахгүй. Төрөө буюу нийт ард түмнийхээ эрх ашгийг тэлэн томсгож, чадваржуулах цаг нэгэнт иржээ. Монголын төр том байсан ч яадаг юм, том эрх ашигтай ард түмэн байгаа юм!
- Н.Мөнхбат
Холбоотой нийтлэл:
- Монголын чансаа Монголчууд бид нэг нэгэндээ цаасан...
- Хулгай хийсээр байх уу? Хэд хоногийн өмнө төрийн албанд...
- Монголын балетын шинэ үе Бид Холливудын кино, Солонгос сериалын...
- Ашигтай зарга 10 лан Хоёр сарын өмнө болсон явдал....

