Нүүр » №002, Багана, Нийгэм

Та ч бас агаарыг бохирдуулдаг

[1 May 2010 | Ес далан зургаа]

Улаанбаатарын агаарын бохирдолд бухимддаггүй нийслэлийн иргэн гэж үгүй. Энэ асуудал сөхөгдөх бүрт хүн бүр ямар нэг буруутан хайж, төр засаг, хотын удирдлага, гэр хорооллынхон, тэр бүү хэл хөрш айлын Дорж, Дулмааг зүхэж гардаг. Гэвч буруутныг тийм ч их холоос хайх шаардлагагүй болов уу. Учир нь Улаанбаатар хот бол бидний гэр. Бид бүгд энд амьдарч, агаарыг нь амьсгалж байгаа. Тийм ч учраас хотын асуудал бол бидний асуудал юм.

Уншигч та гэр хороололд амьдардаггүй байж болно, өдөр бүр нүүрс түлдэггүй байж болно. Гэхдээ та дулаан, цахилгаан ашигладаг нь лавтай, мөн тээврийн хэрэгслээр ч зорчдог байх. Тэгэхээр хотын агаарын бохирдолд таны ч хувь нэмэр бий.

Тухайлбал, та хэзээ хамгийн сүүлд машинаа үзлэгт оруулсан бэ? Машиныхаа техник үзүүлэлтийг тогтмол хянаж, тос масло, шүүлтүүрийг нь цаг тухайд нь солих маш чухал. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 хувь автомашины гаралтай байдаг. Үүний хэдэн хувийг таны машин ялгаруулж байгааг та мэдэх үү? Онцын шаардлагагүй тохиолдолд машинаа гаргахгүй байвал бүр ч сайн, Улаанбаатар маань ямар нэг их том хот биш дээ, нэг газраас нөгөөх рүү алхаад байж болно. Тэгээд ч замын түгжрэлд гацсан машин давхиж яваа машинаас хамаагүй илүү их утаа ялгаруулдаг гэнэ билээ. Иймд та түгжрэл ихтэй үед болж өгвөл хөдөлгөөнд оролцохгүй байвал хотын утаатай бодитоор тэмцэж байна гэсэн үг юм. Өглөө бүр ажил руугаа машинаар явахын оронд нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж болно, эсвэл маршрут гаргаад ажлынхантайгаа хамт явж болно – хамгийн гол нь санаачлагатай байх хэрэгтэй.

Эрхэм та эсвэл танай байгууллага нам даралтын уурын зуух ажиллуулдаггүй биз? Улаанбаатарын утааны 10 хувь уурын зуухны гаралтай. Уурын зуухны засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгэх, шүүлтүүр тавих гэх зэргээр ялгарах утааны хэмжээг нь бууруулах боломжтой гэнэ. Зуухаа янзлуулах цаг болсон юм биш биз?

Үргэлжлүүлье. Хэрэглэгч бүр дулаан, цахилгааныхаа төлбөрийг цаг тухайд нь төлж заншвал ДЦС-ууд илүү үр дүнтэй ажиллаж, техникийн шинэтгэл хийх хэмжээний хөрөнгө мөнгө хуримтлуулж, утааны ялгарлаа багасгах боломжтой болох юм. Бодит байдал дээр ДЦС гэж өрөнд баригдсан газар байдаг тул хөрөнгө оруулалт хийх байтугай хэвийн үйл ажиллагаа явуулах гэж сүйд болдог гэнэ билээ. Цахилгаан, дулааныхаа төлбөрийг цаг тухайд нь төлөх асуудал зөвхөн та биднээс шалтгаална.

Хотын утааны 14 хувийг шороон зам, барилгын тоос эзэлдэг гэх. Тоос татуулан давхих гэсэн хэллэг зөвхөн Монголд байдаг гэлтэй. Шороон замаас гадна ногоон байгууламжийн асуудал хурцаар тавигддаг. Хэн нэгэн нөхөр, ямар нэг байгууллага таны өмнөөс зүлэг ногоо тарихыг хүлээлгүй сайн дураараа ганц ч болов мод тарьж болохгүй гэж үү? Хэрэв та шинэ орон сууц худалдаж авахаар төлөвлөж байгаа бол барилгын компанид нь орчны тохижилт хийж, ногоон байгууламж байгуулах шаардлага тавих хэрэгтэй. Хэрэглэгч болгон ийм шаардлага тавьдаг болвол барилгын компаниуд ногоон байгууламжинд хөрөнгө оруулалт хийдэг болж, нэг л мэдэхэд хот маань нов ногоон болчихсон байх вий. Эдийн засгийн ашиг сонирхол хамгийн хүчтэй хөшүүрэг байдаг шүү дээ.

Хүн бүр амьдралын хэв маягаа өөрчилж, ухамсартай оршин суугч байж чадвал хотын утаа бага ч атугай татарч юуны магад. Нэг л өдөр гэр хороолол илбийн юм шиг алга болж, Улаанбаатарын агаар тунгалаг болно гэж мөрөөдөж суухын оронд ямар нэг бодитой алхам хийе. Хэрэв та бид санаачлагыг гартаа авахгүй юм бол бид өдөр ирэх тусам улам бүр хордсоор байх болно. Арван жилийн туршид угаарын хий амьсгалвал амьсгалын зам,  зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал хэд дахин нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, та өнөөдөр арга хэмжээ аваагүйн улмаас маргааш зовох болно. Арга хэмжээ авах уу, яах вэ?

Холбоотой нийтлэл:

Лондонгийн их утаа 1952 оны 12-р сард...
Агаарын бохирдол Өглөө сэрэхэд хоолой хатсан...
Хиншүү ханхлуулсан хөрөнгө оруулалт Сүүлийн гурван жилд агаарын бохирдлыг...
Агаар дахь ХОР Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн...
Агаарын бохирдлын эх үүсвэрүүд Аливаа гэмт хэргийг яллахын тулд...



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.