Агаарын бохирдол

Өглөө сэрэхэд хоолой хатсан байлаа. Шөнө цонхоо онгойлгоод унтчихсан биш шөнөжин утаагаар амьсгалж, угаартах шахжээ. Ядаж байхад толгой өвдөөстэй. Ажилд явах бэлтгэлээ базаагаад гэрээс гарахад утааны мөнөөх танил үнэр “Намайг санасан уу” гэлтэй хамар цоргионо. Энэ жилийн зуд зөвхөн малчдад ч бус хотынхонд хүртэл хүнд туссан гэлтэй. -40 хэмийн хүйтэнд арга буюу хамаг мөнгөө нүүрсэнд зарж, зуухаа галлаж суугаа гэр хорооллынхныг буруутгаад ч яах юм билээ. Нэг машин нүүрс бүтэн өвлийн туршид тэсдэг байсан бол энэ жил яалт ч үгүй хоёр машин нүүрс авсан гэж ярих эмээ маань бодогдоно… Ажил руугаа алхахын аргагүй болжээ. Юу ч харагдахгүй. Замын түгжрэлд гацсан машинуудын хаях утаанд толгой эргэж, нүд харанхуйлна. Болдогсон бол хөдөө гарч амьдрахсан…
Улаанбаатар хот Утаанбаатар болоод удаж байна. Арга ч үгүй биз, хотын минь билэг тэмдэг болсон Сүхбаатарын хөшөө хүртэл тортогт баригдчихсан хойно. Улаанбаатарын агаарын бохирдлын асуудлыг хэн хүнгүй ярьдаг, бичдэг. Харамсалтай нь ахиц гардаггүй. Агаарын чанарын асуудлыг эрхэлсэн хэд хэдэн мэргэжлийн байгууллага бий. Агаарын Чанарын Мэргэжлийн Улсын Алба, Нийслэлийн Агаарын Чанарын Алба, г.м. Агаарын тухай хууль хүртэл бий. Засгийн Газар жил бүр утаатай тэмцэх үйл хэрэгт олон арван тэрбум төгрөг зарцуулдаг. Даанч ахиц гардаггүй.
Удахгүй дулаарна. Тэр үед утаа мартагдана. Хэн хүнгүй зуны халуунд мансуурч, хөдөө гарч уушгиа цэнэглэнэ. Харин ирэх өвөл дахиад л угаартах шахна. 1952 онд Английн Лондон хотод агаарын бохирдлын улмаас тавхан хоногийн дотор 12 000 хүн нас барж, олон зуун мянган хүн өвчилсөн гэдэг. Тэд тэгэхэд л сэхээ авч, яаралтай арга хэмжээ авчээ. Бид гамшиг болохыг хүлээх ёстой гэж үү?
Улаанбаатар хотын агаарын чанар \зургийг дарж томруулна уу\.
Холбоотой нийтлэл:
- Агаарын бохирдлын эх үүсвэрүүд Аливаа гэмт хэргийг яллахын тулд...
- Лондонгийн их утаа 1952 оны 12-р сард...
- Хиншүү ханхлуулсан хөрөнгө оруулалт Сүүлийн гурван жилд агаарын бохирдлыг...
- Агаар дахь ХОР Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн...
- Та ч бас агаарыг бохирдуулдаг Улаанбаатарын агаарын бохирдолд бухимддаггүй нийслэлийн...


