Нүүр » №002, Багана, Нийгэм

Хаити: 220 000, Чили: 342

[1 May 2010 | Ес далан зургаа]

Сүүлийн үед энд тэндгүй газар хөдөлсөн гэх мэдээлэл чих дэлсэх боллоо. Хэдхэн сарын өмнө Улаанбаатарт хүртэл чичирхийлэл мэдрэгдсэн нь “хаа байсан Хаити, Чили бидэнд ямар хамаа байна” гэсэн шиг хээв нэг суухын аргагүй болгож орхив. Ямар сайндаа дэлхийн бөмбөрцгийн эсрэг талд болсон үйл явдал манайд давтагдвал яах вэ гэсэн асуултанд нойр хулжиж, “2012” киноны үйл явдал нүдэнд харагдаж эхлэх вэ.

2010 оны 1-р сарын 12-нд Хаитид 7.0 магнитудын газар хөдлөлт болсны улмаас 220 мянган хүн амиа алдсан бол 2010 оны 2-р сарын 27-нд Чилид болсон 8.8 магнитудын газар хөдлөлт ердөө гурван зуу гаруй хүний аминд хүрчээ. Чили улсад хэдэн зуун хүн нас барсан нь гамшиг мөн боловч Хаитигийн хохиролтой харьцуулахад юу ч биш гэлтэй. Чили дэх газар хөдлөлтийн хүч Хаитигийнхаас 500 дахин их байсан хэдий ч, хэдэн зуу дахин бага хор уршиг учруулсан нь юутай холбоотой вэ?

Асуудлын мөн чанар Хаити, Чилийн дэд бүтцийн чанар, барилгын стандарттай холбоотой гэж үзэх мэргэжилтнүүд олон байна. Хаитигийн газар хөдлөлт олон хүний аминд хүрсэн нь маш олон байшин барилга, байгууламж нурж унасантай холбоотой гэнэ. Чанар муутай, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга ихтэй Хаити ийнхүү гамшигт нэрвэгдсэн бол барилгын хатуу стандарттай, чанар сайтай барилгатай Чили харьцангуй бага хохирол амссан гэсэн тайлбарыг тэд өгч байна. Тэгэхээр “газар хөдлөлт хүн алдаггүй, чанар муутай барилга хүн алдаг” болж таарлаа.

Чили бол Өмнөд Америкийн хамгийн баян улс орнуудын нэг юм. 2009 оны байдлаар нэг хүнд ноогдох ДНБ \дотоодын нийт бүтээгдэхүүн\ нь 8 853 ам.доллартай тэнцэж байсан бол дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болох Хаитигийн нэг хүнд ноогдох ДНБ ердөө 772 ам.доллар. Эдийн засгийн үзүүлэлт, амьжиргааны түвшний хувьд Чили давуу тал ихтэй төдийгүй засаглалын хувьд илүү нээлттэй, авилгалд идэгдээгүй гэх. “Транспэренси Интернэшнл” ТББ-ын гаргадаг “Авилгын Индекс” судалгааны 2009 оны тайланд Чили 25-р байранд жагссан бол Хаити 180 улсаас 168-р байранд оржээ \харьцуулбал, Монгол улс 120-р байранд ордог\. Гэхдээ Чили үргэлж ийм байгаагүй. Улс төрийн тогтворгүй байдал, байгалийн баялгаас хэт хараат эдийн засаг гэх зэрэг бэрхшээлтэй асуудлуудаа тодорхой хэмжээнд шийдвэрлэж чадсан тул Чили өдгөө хөгжингүй улс орнуудын тоонд орох болсон юм.

Өөрөөр хэлбэл, Чили илүү бэлтгэлтэй байжээ. Барилгын стандарт сайтай, түүнийгээ ягштал мөрдүүлэх төрийн тогтолцоо, эдийн засгийн нөөц бололцоотой байсны хүчинд илүү бага хохирол амссан байна. Түүнчлэн, гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, байнгын бэлтгэлтэй аврах анги, мэдээллийн солилцооны тогтолцоо зэрэг үзүүлэлтүүд чухал үүрэгтэй байжээ.

Хаити, Чили хоёр хоёулаа газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Тийм ч учраас Чилийн Засгийн газар сүүлийн жилүүдэд газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламж барих бодлого баримталж, хяналт шалгалтын нарийн тогтолцоог бүрдүүлж чаджээ. Гэтэл Хаитид барилгын стандарт гэх зүйл байхгүй төдийгүй барилгын салбар нь авилгалын сүлжээнд баригдсан гэдэг. Төр захиргааных нь ихэнх байшин барилга газар хөдлөлтөд нурсан нь Хаитигийн барилгууд ямар чанартай болохыг илтгэх буйзаа.

Мэдээж хэрэг энэ хоёр тохиолдлыг шууд харьцуулж болохгүй. Учир нь газар хөдлөлт болгон өөр байдаг. Тухайлбал, Чилийн газар хөдлөлтийн дотоод голомт газрын гадаргуугаас 34 км-ийн гүнд, хот суурин газраас харьцангуй хол буюу Concepcion хэмээх сая гаруй оршин суугчтай томоохон хотоос 115 км-ийн зайтай байсан нь хохирлын хэмжээг хязгаарласан нь дамжиггүй. Гэтэл Хаитигийн газар хөдлөлтийн голомт ердөө 13 км-ийн гүнд байсан ба тус улсын нийслэл Порт-о-Принстэй хил залгаа газар тохиожээ. Гэсэн хэдий ч, тухайн улсын чадавхи, бэлэн байдлаас маш олон зүйл хамаардаг болохыг энэ хоёр жишээ харууллаа. Байгалийн хүчин зүйлийн өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөс ч гэлээ гэнэтийн гамшгаас урьдчилан сэргийлснээр түүнийг хохирол багатай даван туулах боломж ямагт байдаг ажээ. Энэ бүхнээс бид ямар сургамж авах ёстой вэ гэдэг асуултыг уншигч танд үлдээе.

Холбоотой нийтлэл:

Газар хөдлөлт: магнитуд vs балл Барилгын компаниуд “Манай барилга газар...
Газар хөдлөлт гэж юу вэ? Хэн нэгэн шидтэн нь “Өнөөдөр...
Газар хөдөлвөл яах вэ? Газар хөдөлсөн тохиолдолд ямар арга...
Та ч бас агаарыг бохирдуулдаг Улаанбаатарын агаарын бохирдолд бухимддаггүй нийслэлийн...
Агаарын бохирдол Өглөө сэрэхэд хоолой хатсан...



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.