Нүүр » №002, Багана, Хэн юу гэв?

Хэн юу гэв №2

[1 May 2010 | Ес далан зургаа]

“Ес далан зургаа” сэтгүүлийн “Хэн юу гэв?” булан өдөр тутмын сонин хэвлэл, мэдээллийн вебсайтуудад нийтлэгдсэн ярилцлага, нийтлэлийг шүүрдэж, сонирхолтой ишлэлийг цуглуулдаг билээ. 2010 оны 3, 4-р сард хэн юу гэж хэлсэн бэ?

“Монголоо шинэчилье” гэсэн ерөнхий уриан дор [байгуулагдсан] Ардчилсан хүчний холбоо […] гишүүнчлэлийн хувьд нээлттэй. […] МАХН-ын гишүүн ч элсч болно.

  • УИХ-ын гишүүн С.Эрдэнэ (2010.03.02)

Ерөнхийлөгчийн сонгуулийг манай намын удирдлагын цөөн тооны хүн, ялангуяа намын дарга Баяр зориуд санаатайгаар үгсэн хуйвалдаж, “өөрийн бөхийг биш өрөөлийн бөхийг зассаны” нэг ёсны баталгаа нь Чингэлтэй дүүрэгт болсон УИХ-ын нөхөн сонгууль болсон.

  • Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр (2010.03.10)

Монголчууд бид Оюутолгой орд дээр молигдуул[сан]. Тиймээс ард түмнийг хуурч, Оюутолгой орд газрыг ашиглах гэрээ байгуулсан эрх мэдэлтнүүдийн ажлыг үнэлж цэгнэхээс аргагүй.

  • Монгол Улсын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн (2010.03.10)

- Таныг зодог тайлсны дараагаар Японы сумогийн холбоо гадаадын бөхчүүдийн тоог цөөлөх шийдвэр гаргасан гэх боллоо. Энэ үнэн үү?

- Сонин хэвлэлд тэгж мэдээлсэн байсан. Үнэний талтай байхыг үгүйсгэхгүй. Гэвч өөрсдөө саваа бэлтгэчихээд тэрийгээ дүүрмэгц нь асгаж болохгүй.

  • Их аварга Д.Дагвадорж (2010.03.11)

[Өнөөдөр] “Монгол Ньюс” мэдээллийн төвд дэлхийн 141 орон нэгдэн олгодог “Чингис хааны морьтон баатар” цол, одонг Их аварга Д.Давгадоржид олгох [хэвлэлийн бага хурал] болно. Уг шагналыг Чингис хааны залгамжлагч хунтайж П.Давааням болон Ромын эзэнт гүрний төлөөлөгчид гардуулах талаар Чингис хааны дэлхийн академиас мэдээлнэ.

  • www.mongolnews.mn (2010.03.15)

Хүнийг ийм байдалд байхад би найз байгаагүй, танихгүй гэж би хэлэхгүй. Надад гэр бүлээрээ найзалдаг, нийгэмд тодорхой байр суурьтай хүмүүс байна. Зандка /Г.Занданшатар ГХ-ны сайд/, Зоригоо /Д.Зоригт/, Ж.Энхбаяр /УИХ-ын гишүүн/ гээд найзууд олон. […] Д.Сүрэнхор бид хоёр ийм дотно байгаагүй гэж хэлэх байна.

  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын /МХЕГ/ дарга Я.Содбаатар (2010.03.17)

Төрийн өндөр албан тушаалтан 268 хүн байдаг. Төрийн албан хаагч 140 мянга гаруй хүн байна. Төрийн өндөр албан тушаалтнуудын нийгэмд учруулж буй хохирол их ч дунд албан тушаалтнууд ч хэдэн зуун саяар нь хахууль авч байна.

  • Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа (2010.03.24)

Сүпер нэгдлийн онолыг нээчихлээ шүү дээ. Энэ онол маань нэг ч биш, бүр хэд хэдэн Нобелийн шагнал авах ёстой. Цаг нь болохоор надад өгнө. Одоохондоо энэ нээлтийнхээ талаар дэлхийд зарлаж амжаагүй байгаа.

  • Ч.Эрдэнэ (2010.03.24)

Санхүү эдийн засгийн хямралтай энэ үед хүүхдийн мөнгө олгохыг зогсоосон нь түргэдсэн алхам болжээ.

  • УИХ-ын дарга Д.Дэмбэрэл (2010.03.29)

Монголчууд бид харийн хүнд тархи толгойгоо даатгуулчихлаа. Бидэнд зориулсан эдийн засгийн онолууд ч байдаг. Жишээлбэл, байгалийн баялгийн хараал гэж ярьдаг.  Хараал идчихгүйн тулд баялгаа гадныхнаар ухуулья гэдэг санааг бидний тархинд суулгах зорилготой.

  • Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан (2010.03.29)

Энэ хоёр компани [Рио тинто, Айвенхоу майнз] чинь хоёулаа “public” компани, хөрөнгийн бирж дээр хувьцаа нь ил тод арилжагддаг. Бүх хүн мэдэж байдаг. Үүнийг хөндлөнгийн хэн нэгнээр хянуулах ямар ч шаардлага байхгүй. Ганцхан манайд л тийм ойлголттой.

“Айвенхоу майнз” Торонтогийн бирж дээр бүртгэлтэй компани. […] Оюутолгойг эзэмшихдээ BVI-д (British Virgin Islands) бүртгэлтэй компани байгуулаад орчихсон. Энэ компани манай АМХЭГ-т өргөдөл өгөөд лицензээ авсан. Манай хуулиар хөрөнгө оруулалтын гэрээг лиценз эзэмшигчтэй хийх ёстой. Гэтэл олон улсын ихэнх том компани татвараас зугатахын тулд татваргүй бүсэд жишиг компаниа бүртгүүлээд тэндээсээ үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас бид тэр компанитай л гэрээ байгуулах ёстой.

  • УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт (2010.03.30)

Тавантолгой улсад 100 хувь байгаа. Гэтэл Оюутолгойн орд чинь хувь хүнд, “Айвенхоу майнз”- д 100 хувь байсан зүйлээс бид 34 хувийг нь авч байгаа.

  • УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт (2010.03.30)

Ард иргэдээ олигархуудын дарлал, мөлжлөгөөс, Монгол улс үндэстнээ сүйрэл мөхлөөс, эх болсон газар шороогоо сүйтгэлээс аврах, худалдагдсан газар шороогоо эргүүлэн авах тэмцэлд бие сэтгэл оюун ухаанаа бүрэн зориулан эрслэн шийдсэн бид тэнгэр заяат монгол түмэн, эцэг дээдсийнхээ гэгээн сүнсний өмнө бүлээн цусаараа андгайлан тангараглая!

  • Амлалтаа нэхэх ард түмний холбоо (2010.04.02)

Хэрэв [хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхгүй] бол УИХ-аас ямаа бүрийн зовлонг асуудаг ардын нэхэл тасрахгүй.

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж (2010.04.05)

Нэг зүйлийг ойлго, “Рио Тинто” энэ тэр чинь бол Монголд авлига өгдөг компани биш. Хөрөнгийн бирж дээр бүх үйл ажиллагаа нь ил тод явдаг, public компани. Хятадын компани бол манайд авлига өгч магадгүй.

  • УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг (2010.04.06)

Хятадын шүүх “Рио Тинто”-гийн [ерөнхий] менежер Стерн Хуг хээл хахууль, үйлдвэрлэлийн тагнуулын [хэрэгт буруутган] 10 жил хорих ял оноолоо.

news.gogo.mn (2010.03.30)

С.Баяр даргатай жил гаруй хамтарч ажилласан. Монголын төлөө гэсэн сэтгэл зүтгэлтэй, ёстой л мундаг хүн гэж ойлгосон. Ойлгосон ч биш, мэдэрсэн гэж болно. […] Гаргаж байгаа шийдвэр, хийж байгаа үйлдлүүдийг нь харахад үнэхээр л том тоглогч л юм билээ. Орос, Хятад, Япон, бүгдийг нь гаргаж тавьж байгаад л тоглодог юм билээ. Манайд тийм хүн байхгүй. Бидний толгой дутаж байна.

  • УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг (2010.04.06)

Н.Энхбаярын гол зорилго бол Энхбаярын эрх мэдэл, албан тушаал л  бололтой юм. Энэ л түүний хувьд гол бодол, гол зорилго нь байсаар ирсэн, одоо ч хэвээр байгаа.

  • УИХ-ын гишүүн, МАХН-ын дарга С.Баяр (2010.04.07)

Сү.Батболд “yes” гэх талдаа байдаг. Гэхдээ улс төр хатуу. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байх ёстой. Дандаа “yes” биш хааяа “no” гэж хэлэх үе гарна шүү.

  • УИХ-ын гишүүн, МАХН-ын дарга С.Баяр (2010.04.08)

Манайд бол ардчилсан нийгмийн аль муу муухай нь л түрүүлж орж ирээд байна. Үндэснийхээ хөрөнгөтнүүд, ажил олгогчдыг үргэлж элдвээр муу хэлдэг. […] Эсвэл буцаад хувийн өмчийг нийгэмчилж, социализм, коммунизм руугаа ороод, дарга нар бүгдийг шийддэг болох хэрэгтэй.

  • Б. “Буян” Жаргалсайхан (2010.04.12)

Гэзэг бол  мэдээллийн долгионыг өөрөөрөө дамжуулж, тархи, зүрх сэтгэл, бодол ухаанд зөн мэдрэмж нэмэгдүүлдэг.

  • Дуучин С.Жавхлан (2010.04.13)

Би өнөөдөр Монголд чөлөөт хэвлэл байгаа гэдэгт итгэдэггүй.

  • УИХ-ын гишүүн Ц.Нямдорж (2010.04.09)

Холбоотой нийтлэл:

Хэн юу гэв №3 “Ес далан зургаа” сэтгүүлийн “Хэн...



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.