500 мянгын үнэ цэнэ
Хаврын урь орж, улс төрийн амьдрал идэвхжиж эхэллээ. Ерөнхий сайд С.Батболд иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох асуудлыг сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд шийдвэрлэнэ гэж амалсан боловч “цусан тангараг өргөсөн” ард түмний холбооныхон тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа юм. Засгийн газрын мэдэгдсэнээр, энэхүү 1.5 сая төгрөгийг тэтгэвэрийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны төлбөрийн эрх, бэлэн мөнгө гэсэн хэлбэрээр иргэдэд тараах аж. Эхний ээлжинд “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт дунджаар 500 000 төгрөгийг үе шаттайгаар, бэлнээр олгохоор төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулаад, 2010 оны 4-р сарын 15-наас эхлэн Монгол улсын Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт 70 000 төгрөг бэлнээр олгож эхлээд байгаа юм.
Монгол улсын иргэн бүрт олгох 500 000 төгрөг бидэнд ямар үнэ цэнэтэйгээр олдож байна вэ? Энэ талаар “Ес далан зургаа” сэтгүүл бичил судалгаа хийлээ.
Монголын улсын хүн ам: 2 751 628 хүн[1]
Иргэн бүрт 500 мянган төгрөг олгоход шаардагдах нийт хөрөнгө: 1 375 814 000 000 ₮ (1 их наяд 376 тэрбум төгрөг)
Ам.доллараар: $ 993 367 509[2]
Энэ мөнгөөр:
45 860 айл буюу Улаанбаатарын гэр хороололд амьдарч буй 154 600 айл өрхийн 30 хувийг тохилог орон сууцаар хангах боломжтой (хоёр өрөө сууцыг 30 сая төгрөгөөр барина гэж тооцов).
1 719 768 таван ханатай гэр худалдаж авна (нэг гэр дунджаар 800 мянган төгрөгийн үнэтэй).
4 586 км засмал зам буюу Улаанбаатараас Москва хүрэх зам тавих боломжтой (нэг километр засмал зам дунджаар 300 сая төгрөгийн өртөгтэй).
55 сая хонь худалдаж авна (нэг хонь дунджаар 25 000 төгрөгийн үнэтэй).
293 475 683 кг үхрийн цул мах авна (1 кг махны үнэ: 4 688 төгрөг). Монгол улсын иргэн бүр жилд 91.2[3] кг мах хэрэглэдэг гэж үзвэл энэ нь Монголын нийт хүн амын нэг жил хоёр сарын хэрэглээтэй тэнцэх юм.
4 869 хүүхдийг Харвардын их сургуульд суралцуулна. Нэг хүүхдийн дөрвөн жилийн сургалтын төлбөр: 204 000 ам.доллар[4].
1 198 272 Аpple iPad зөөврийн компьютер худалдаж авна (үнэ: 829 ам.доллар).
15 283 Toyota LandCruiser 200 авна.
Энэ мөнгө нь Монгол улсын төсвийн орлого зарлагын дараах үзүүлэлттэй тэнцэнэ:
6 жил 5 сарын Монгол улсын ерөнхий боловсролын төсөв. 2010 онд ерөнхий боловсролын сургуульд улсын хэмжээнд 535 623 хүүхэд суралцах ба үүнд 215 тэрбум[5] төсөвлөгджээ.
6 жил 10 сарын Монгол улсын эрүүл мэндийн төсөв. 2010 оны Эрүүл мэндийн сайдын багцын урсгал зардалд 201 тэрбум төгрөг төсөвлөгджээ.
3 жил 10 сарын аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн орлогын албан татварын орлого. 2009 онд Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, хувь хүмүүс улсын төсөвт 355 тэрбум төгрөгийн орлогын албан татвар тушаажээ.
126 158 тонн буюу Эрдэнэт үйлдвэрийн нэг жил орчмын экспорттой тэнцэх цэвэр зэсийн борлуулалтын орлого. 2010 оны 4-р сарын 15-нд Лондонгийн Металлын Бирж дээр нэг тонн зэс 7 874 ам.долларын[6] ханштай байсан юм.
Түүнчлэн, энэ мөнгөөр Оюу Толгой төслийг хэрэгжүүлж буй “Айвенхоу Майнз” хувьцаат компанийн Нью Йоркийн Хөрөнгө Бирж дээр арилжиж буй нийт хувьцааны 12%-ийг худалдаж авах боломжтой. Тус компани дээрх бирж дээр 441.2 сая хувьцаа гаргасан бөгөөд нэгж хувьцаа нь 18.66 ам.долларын ханштай байсан юм[7].
[1] www.nso.mn, Монгол улсын Үндэсний статистикийн хорооны албан ёсны вебсайт (2010.04.12) [2] www.mongolbank.mn, Монголбанкны албан ёсны ханш: 1 385₮ (2010.04.12) [3] Монгол улсын Үндэсний статистикийн хороо, Монгол улсын статистикийн эмхтгэл (2008 он) [4] http://www.harvard.edu, Харвардын Их сургуулийн албан ёсны вебсайт (2010.04.12) [5] Монгол улсын Засгийн газар, Монгол улсын 2010-2012 оны Төсвийн төсөл (2009.09.30) [6] http://www.lme.com/copper.asp, Лондонгийн металлын биржийн албан ёсны вебсайт (2010.04.12) [7] http://www.ivanhoemines.com, Айванхоу майнз хувьцаат компанийн албан ёсны вебсайт (2010.04.12)Та “Хүний хөгжлийн сан”-гаас олгож эхэлсэн 500 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй хадгаламжийн дансанд байршуулбал 10 жилийн дараа 2 616 918 төгрөгтэй болох юм. Хэрэв энэ хугацаанд инфляцийн түвшин дунджаар 10 хувьтай байх юм бол таны хуримтлуулсан мөнгө худалдан авах чадварын хувьд өнөөдрийн 1 079 463 төгрөгтэй тэнцэнэ.
Холбоотой нийтлэл олдсонгүй.
Түлхүүр үгс: Мөнгө, Тоо, Улс төр, Эдийн засаг

