Нүүр » №002, Технологи, Тооно

iPad: Сайжруулсан iPod

[1 May 2010 | Z.Ochir]

“Хэрэв бурхан гэж байдаг бол түүнийг Стив Жобс гэдэг” хэмээх онигоог IT-чид ярих дуртай. Apple-г супер брэнд болгож чадсан түүнийг бурхантай зүйрлэх нь зүй ёсны хэрэг ч байж мэднэ. Тэр ямар нэг бүтээгдэхүүн хийвэл төгс хийж, тултал нь сурталчилж чаддаг. 2001 онд гаргасан iPod нь хөгжмийн зах зээлд хувьсгал авчирсан төдийгүй Apple-ын нэр хүндийг суг өсгөсөн билээ. Ямар сайндаа хүмүүс MP3 тоглуулагч гэхээр шууд iPod гэж ойлгодог болох вэ. iPod-ыг нь шүтэж дуусаагүй байтал iPhone гараад ирсэн. Тухайн үед манайхан хүртэл iPhone-г 800 ам.доллараар булаацалдан авч, бахархалтай нь аргагүй барьж явдаг байсан шүү дээ. Монголын үүрэн телефоны операторууд iPhone-д зориулсан үйлчилгээ үзүүлдэггүй хэдий ч одоо хэр маш олон хүмүүс iPhone-г ашигласаар байгаа. Apple ийм л хүчтэй.

Тэгвэл Apple-ын цоо шинэ бүтээгдэхүүн энэ оны 4-р сарын 2-нд худалдаанд гарлаа. Энэ бол iPad. iPad-ын тухай цуу яриа хэдэн сарын өмнөөс интернэтээр тархаж Apple-ын фанатуудын арааны шүлсийг асгаруулж байсан юм. Тийм ч учраас худалдаанд гарсан өдөр нь 300 мянган iPad буюу 150 сая ам.долларын бүтээгдэхүүн зарагджээ.

iPad-ыг компьютер гэж бодох уу, эсвэл илүү том, хамаагүй хүчтэй iPhone гэж ойлгох уу? Ерөнхий функцийн хувьд ч тэр, үнийн бодлогын хувьд ч тэр, Apple нэтбүүкийн зах зээлд өрсөлдөхийг зорьсон мэт. Нэтбүүк буюу интернэт хэсэхэд зориулагдсан хямд, хөнгөн, хялбарчилсан компьютерууд гурван жилийн өмнөөс худалдаанд гарч эхэлсэн билээ. ASUS Eee PC хэмээх анхны нэтбүүкийг зохион бүтээсэн Аsus-ын хувьд, тус зах зээлд Apple хэмээх аюултай том тоглогч орж ирсэн нь хүнд цохилт болох нь гарцаагүй (анхны MP3 тоглуулагчийг зохион бүтээсэн Audio Highway хэмээх компани тэгсгээд сураг алдарсан бэлээхэн жишээ байгаа тул арга ч үгүй биз).

Нэтбүүкээс ялгаатай тал нь гэвэл, iPad-д өөрийн гэсэн гар байхгүй, өөрөөр хэлбэл, iPhone-ын нэгэн адил, дэлгэцэн дээр гарч ирэх товчлуурыг ашиглан текстээ шивэх шаардлагатай. Мөн хулгана гэсэн ойлголт байхгүй – мэдрэгчтэй дэлгэцийг хуруугаараа удирдаж, хүссэн үйлдлээ хийнэ. Хэрэв та iPhone хэрэглэж заншаагүй бол, iPad-ын дэлгэцэнд дасахын тулд дор хаяж хэд хоног үзэж тарах болов уу (би хувьдаа iPhone-г ашиглах гэж хэд хэдэн удаа оролдсон боловч яалт ч үгүй товчлуураа үгүйлээд больсон юмдаг). Нэгэн найзын маань хэлснээр, iPad бол шидэт гампанз.

Тэгвэл тэр ямар ид шидтэй вэ? Өнгөц харахад, нэт хэсэх, и-мэйл шалгах, зураг, кино үзэх, ном сонин унших, хөгжим сонсох, тоглоом тоглоход зориулагдсан эд болтой. Өөрөөр хэлбэл, мэдээлэл хүлээж авах зориулалттай болохоос биш текст бичих, тоо бодох, зураг зурах, г.м. агуулгыг бий болгох үйлдэлд зориулагдаагүй мэт. Хэрэв та iPad-ыг офисын зориулалтаар ашиглахыг хүсвэл iWorks хэмээх Microsoft Office-той төстэйвтэр програм суулгаж болох ба тэр тохиолдолд Bluetooth гарыг нь худалдаж авах хэрэгтэй.

Зарим хүмүүс iBook хэмээх ном уншигч програмыг iPad-ын хамгийн том давуу тал гэж үзэж байна. 2007 онд Amazon.com Kindle хэмээх ном уншигч төхөөрөмжийг худалдаанд гаргаснаар e-book буюу электрон номын зах зээл жинхэнэ утгаараа хөгжиж эхэлсэн гэж хэлж болно. Даанч Kindle ном хадгалахаас өөр ид шидгүй, харин iPad дээр та кино ч үзнэ, ном ч уншина, и-мэйл ч бичнэ. Иймд iPad, Kindle-ийн зах зээлийг эзлэх магадлал өндөр байна. Түүнчлэн, Apple-ынхан iPad-ын хэрэглэгчдэд зориулсан iBookstore онлайн номын дэлгүүрийг нээсэн нь Amazon-ын үндсэн зах зээлд заналхийлж мэдэх юм. Судлаачдын үзэж буйгаар, Apple-ын iTunes дууны сан дижитал дуу хөгжмийн зах зээлд хувьсгал авчирсны нэгэн адил iBookstore дижитал номын зах зээлийг орвонгоор нь эргүүлж магадгүй гэнэ.

Хэрэв та iPad-ынхаа ашигт үйлийн коэффициентыг нэмэгдүүлэхийг хүсвэл Apple App store-оос төрөл бүрийн application (app) буюу бичил програмыг татаж авах боломжтой. Түүнчлэн, бүрэн цэнэгтэй батерей нь бүхэл бүтэн 10 цагийн туршид барьдаг нь iPad-ын хамгийн том давуу тал байж болох юм.

Ямар ч байсан iPad олон нийтийн анхаарлыг эзэмдэж чадлаа. Стив Жобс iPod, iPhone дээр гаргасан амжилтаа давтах эсэх нь iPad-ын борлуулалтаас хамаарна. iPad хүмүүсийн хэрэглээг өөрчилж чадах уу? Эсвэл зүгээр зугаа төдий зүйл үү? Энэ асуулт тун удахгүй хариулагдах биз ээ.

Загвар Wi-Fi Wi-Fi + 3G
Дэлгэц 25 см, 1024 × 768 px
Процессор 1 GHz Apple A4
Санах ой 16-64 гигабайт
Wireless Wi-Fi (802.11a/b/g/n), Bluetooth 2.1+EDR
Үүрэн холбоо Байхгүй HSDPA (micro-SIM)
Үйлдлийн систем iPhone OS 3.2
Цэнэг Нэг цэнэгээр 10 цаг видео үзэх буюу 140 цаг аудио сонсож болно.
Жин 680 гр 730 гр
Хэмжээ 24.3 см × 19.0 см × 1.3 см
Үнэ $499 – $699 $629 – $829
Сул тал USB, SD card оролт, камер байхгүй. Flash контент уншдаггүй.

iPAD-ЫН APP БИЧИХ ҮҮ?

Apple корпорацийн App Store буюу iPhone, iPad-д зориулсан application, бичил програмын дэлгүүрт 150 мянга гаруй програм, тоглоомын сонголт бий. Шинээр худалдаанд гарч буй iPad-ын хувьд энэ нь маш том давуу тал болж байгаа юм. Учир нь iPhone-д зориулагдсан бүх бичил програм iPad дээр ямар ч асуудалгүй ажиллана.

Сүүлийн жилүүдэд гар утсанд зориулсан програмын зах зээл хурдтай хөгжиж байгаа. Үүнд 2008 оны 7-р сард нээлтээ хийсэн Apple App Store маш том түлхэц өгсөн гэж үздэг. Өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд хэрэглэгчид тус дэлгүүрээс 3 тэрбум програм татаж авсан ба тэдгээрийн 17 орчим хувь нь төлбөртэй програм байжээ. 2010 онд гар утасны програмын зах зээлийн эргэлт 7 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоо бий. Одоогоор Apple App Store энэхүү зах зээлийн 16 хувийг дангаараа эзэлж байгаа юм (Nielsen-гийн судалгаа).

iPhone, iPad-ын орчинд зориулагдсан, зохих шалгуурыг хангасан програм зохиох чадвартай хэн бүхэн Apple App Store-т бүтээлээ байршуулах боломжтой. Таны зохиосон програм үнэтэй ч байж болно, үнэ төлбөргүй ч байж болно. Сэдвийн хувьд ч чөлөөтэй – тоглоом зохионо уу, толь бичиг хийнэ үү – таны л сонголт, хамгийн гол нь програм хангамжаа хүмүүст хүргэх нь чухал юм. Хэрэв хэрэглэгчид таны програмыг худалдаж авбал танд орлогынх нь 70 хувь ирнэ, өөрөөр хэлбэл, та оюуны бүтээлээ үнэлэн мөнгө олж болох юм. Түүнчлэн, саяхан Apple корпораци iPhone, iPad-ын орчинд интерактив сурталчилгаа түгээх зориулалттай iAds системийг танилцуулсан ба програм зохиогчид түүний тусламжтайгаар програм хангамжиндаа сурталчилгаа байршуулан нэмэлт орлого олох боломжтой болжээ. Програмын орчинд тавигдсан зар сурталчилгааны орлогын 60 хувь зохиогчид нь очих юм.

Энэ нь програм хөгжүүлэгчдэд ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа юм. iPhone-ын програм зохион бүтээгээд саятан болсон түүх ч нэлээдгүй бий. Нэг зүйлийг сануулахад, таны програм сая сая хүмүүсийн бүтээлтэй өрсөлдөх болно. Хэрэглэгчдийн анхаарлыг татаж чадвал та маш богино хугацаанд хэдэн арван мянган програм зарах боломжтой ч, энэ нь маш өрсөлдөөнтэй салбар гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хэрэв та энэ зах зээлийг сонирхож байгаа бол Мэдээллийн технологийн үндэсний паркаас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Хөдөлгөөнт холбоонд суурилсан програм хангамжийн хөгжүүлэлт” сэдэвт уралдаанд оролцоорой. Уралдааны хүрээнд Google Android, iPhone-д суурилсан шилдэг програмыг шалгаруулах юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.onlinecontent.mn сайтаас авна уу.

Холбоотой нийтлэл олдсонгүй.



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.