Нүүр » №003, Дүрслэх урлаг, Тооно

Ардын зураач Б.ЧОГСОМ: “Матар” сэтгүүлд шүүмжлүүлж гарвал том асуудал болдог байлаа.

[25 July 2010 | Ес далан зургаа]

Монгол улсын ардын зураач, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Франц улсын Ардын зураач, Урлаг судлалын ухааны магистр, хүндэт профессор Б.Чогсом гуайтай уран бүтээл, нийгмийн талаар цөөн хором ярилцлаа. Тэрбээр “ЗанадуАРТ” галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргаад байсан юм.

Аливаа уран бүтээлчид уран бүтээлийн зорилго гэж байдаг. Таны хувьд?

Миний хувьд хэний ч шахалт хавчлагагүйгээр өөрийн эзэмшсэн арга барилын хүрээнд эх орныхоо түүх соёл, аж амьдралыг урлаг, уран сайхантайгаар харуулахаар зорин ажилласаар ирсэн билээ. Мөн энэхүү бүтээлүүдээ дэлхийн урлагийн түүхийг түшиглэн хийдэг юм. Хойно оюутан байхдаа орос, франц хэл үзэн 1950 оноос хойшхи урлагийг судлан эрдэм мэдлэгээ тэлэн, түүнийгээ уран бүтээлдээ тусгадаг байлаа.

Таныг урлагийн түүхийн томоохон ном орчуулж байсан гэж дуулсан?

Тиймээ, урлагийн 8 боть ном орчуулж байлаа. Дэвтэр дээр гараараа нямбай бичиж орчуулсан юм. Тухайн үед худалдаж авах уран бүтээлчид хэд билээ, шаардлагагүй гээд хэвлээгүй, дараа нь хэд хэдэн хүн гарын авлага болон ашиглаж байгаад алга болгочихсон. Тухайн үед хувилж авна гэж байдаггүй байсан нь харамсалтай.

Таны уран бүтээлийн жилүүд социализмын үетэй холбоотой байдаг. Хир шүүмжлэл хүлээж байв?

1917 оноос хойш социалист хувьсгал, 1945 оноос эхлэн соц. систем байх үед миний 3 бүтээл шүүмжлэлд өртөж байлаа. 1966 оны “Хорго” бүтээл минь өнгө, зохиомж зэргийн хувьд өөр, ер бусын хэмээгдэж бүгд хурлаар хэлэлцэн хөрөнгөтний урлаг оруулж ирж байна гэж яригдаж байсан бол 1967 онд зурсан “Говь”-ийг үзэсгэлэнд ч оролцуулаагүй. Гэвч санамсаргүй тохиолдлоор галерейд тавигдаж байсан. Харин “Чулуучин” хэмээх 1968 оны бүтээлийн тухайд үзэл суртлын хувьд шүүмжлэгдсэн. Энд би ажлаа хийж буй чулуучин залууг толгойгоо сониноор боосноор дүрсэлсэн юм. Тэнд “Н” үсэг гарсан байсныг “ҮНЭН” сониноор боосон гэж шүүмжлүүлж байлаа. Би уг нь зүгээр л зурчихсан юм. Тэр үед орон даяараа үзэл суртлын асуудалд өртөж байсан л даа.

Тэгвэл таны бүтээл хэзээнээс олонд хүлээн зөвшөөрөгдсөн бэ?

Н.Цүлтэм гуай Европ руу үзэсгэлэнд бүтээлүүдээс минь явуулан тэнд гадныхнаас сайн дүгнэлт, сайшаал хүртэж, мөн сүүлд хүмүүсийн ойлгоц өөрчлөгдөн, гадагшаа явж юм үзсэн хүмүүс сэтгэгдлээ бичин үлдээж эхэлснээр хүлээн зөвшөөрч эхэлсэн дээ. “Энэ Б.Чогсом бас зөв л юм хийж байж” гээд л…

Тэр их шүүмжлэл таны зоригийг мохоогоогүй гэж үү?

Шүүмжлэл хүлээж, бүтээлүүдээ үзэсгэлэнд тавьж чадахгүй үе байсан ч өөрийнхөө дураар бүтээлээ хийсээр л байсан. Түүнээс надад тэр үед уран бүтээлээ өөрчлөх, өөр санаа тусгах асуудал гарч байгаагүй. Миний бүтээлүүд байгаль, эх орныхоо түүх, байгаа байдлыг тусган харуулдгаараа түүхийн нэгэн баримт болно гэж боддог. Гурван жил дараалж сонинд бичиж байсан санагдана, нөгөө л шүүмжлэлийн талаар. Намын тайлан хурал болоход шүү дээ. 1968 онд 68-р тогтоол гарч хөрөнгөтний урлагийг оруулж болохгүй гэж байсан нь урлагийн бүх төрлийг хяналтад оруулж, энэ нь 20 жил үргэлжилсэн. Сэхээтний төөрөгдөл гэж бас болж байлаа. Ажлаас олон хүнийг халсан, өөр аймагт шилжүүлж байсан зэрэг хямралтай үе хаа нэг байдаг байлаа. Гэхдээ өнөөдөр ч яг адилхан, социализм, капитализм… манжууд ч тэр. Хүн өөрөө л хөгжиж байвал аль ч нийгэмд энэ бүхэн шийдэгдэх л болно. Гол нь хүнийг шунал гэдэг хамгийн аюул л төөрөгдүүлээд байгаа юм.

Та гадаад явдлын яамны чухал ажлаа яагаад орхисон юм бэ?

Гадаад явдлын яаманд ажиллаж байхдаа өөрөө өргөдлөө өгч гараад түүнээс хойш урлагийн төлөө явсан. Мэдээж шууд гаргахгүй 6 сар болж байж гаргаж байлаа. Үнэн урлагийн төлөө л явсан болохоор энэ бүхэндээ би харамсдаггүй ээ. Багаасаа л урлагт ээлтэй, урлагийн төлөө явсан, одоо ч бас урлангаа сайхан янзалж байгаад бүтээлээ хийнэ гэж бодож байна. Залуучууд та нар ч жил алгасахгүй бүтээлээ хийдэг байх хэрэгтэй шүү.

Та Архангай аймгийн талаар олон бүтээл хийсэн байх юм. “Тайхар” бүтээл таны уран бүтээлд ихэд нөлөөлсөн гэж ярьсан. Энэ талаар?

Би чинь Говийн хүн шүү дээ. Анх 9 настайдаа энэ чулууг харж байлаа. Сүүлд багш байхдаа оюутнуудтай дадлагаар олон удаа очсон, мөн олон талаас нь судалгаа хийсэн. Энд чинь одоо л ухамсаргүй хүмүүс юм бичсэнээс уг нь зосон зураг, тангад бичиг хүртэл байлаа. Би эрдэмтдэд хуулж өгч байсан юм. “Тайхар” бүтээлээ 1957 онд хийхдээ зохиомжоо яаж хайх, илэрхийлэх уран зургийн арга барилаа олох, яаж бодит боловч тод томруун монументальный харагдуулах, уран сайхан ямар байх вэ, хэмжээгээ хүртэл өргөнтэй нь харьцуулан олж, ямар материал ашиглах вэ гээд л хамгийн анх удаа ийм их анхаарал тавьж үзсэн бүтээл болсон юм. Би эндээс л бүтээл бүртэйгээ яаж харьцах том туршлага хуримтлуулсан хүн дээ. Өмнө нь бол зүгээр зураад байдаг байсан. “Тайхар” бүтээлээ нилээн олон удаа хуулж зурсан шүү. Гадны улсуудаас санал ирээд л…

Зураач Б.Чогсом гэж хаа ч харуулж чаддаг энэ арга барилаа хэдийнээс олсон бэ. Таны судалбар зургууд сүүл үеийн бүтээлүүдээс тань их өөр санагдлаа.

1956 оноос хойш юм даа. Энд нэг зүйл хэлэхэд би чинь нутагтаа 3 жилийн оройн сургууль, мөн 3 жилийн зургийн сургууль төгссөн хүн, хойно оюутан байхдаа ч тэр ихэнх цагаа бие дааж сурахад зориулсан. Энэ нь юунд ч шахагдахгүй, өөрийн хүсэл сонирхлын дагуу чөлөөтэй хийдэг байсан нь нэг талаараа их сайн хэрэг болсон гэж боддог юм.

Тэгвэл зургийн материалаа хаанаас авдаг байв?

Би одоо ч орос будгаа хэрэглэдэг. Энийгээ гадагш томилолтоор явахдаа авна. Урчуудын эвлэлийн шугамаар ирдэг будгуудыг үйлдвэрүүдэд өгдөг байсан болохоор хувь уран бүтээлчид өөрсдөө л олдог байсан. Би одоо ч сүүл үеийн бэлэн зотон хэрэглэдэггүй, өөрөө бүгдийг нь бэлддэг.

Та өнөөх шүүмжлэл хүлээдэг “ҮНЭН” сонины газрын “Матар” сэтгүүлд ажиллаж байсан гэсэн?

Тиймээ, шог зураг зурдаг байлаа. Үнэн бодит мэдээлэл дээр тулгуурлаад л шүүмжилж ч байлаа, сайшааж ч байлаа. Тэр үед энэ сэтгүүл дээр шүүмжлүүлж гарсан байвал томоохон асуудал болдог байлаа шүү дээ. Зурсан зургуудаас хараад бараг ойлгох байх аа. Архинд живж буй хүний талаар 59, 60 онд шүүмжлээд л зурж байсан, нөгөөх маань одоо ч байж л байна. Нийгэм гэж сонин юм шүү.

Б.ЧОГСОМ ГУАЙН “МАТАР” СЭТГҮҮЛ ХЭВЛҮҮЛЖ БАЙСАН БҮТЭЭЛҮҮД

 

АРДЫН ЗУРААЧ Б.ЧОГСОМ

Монгол улсын ардын зураач, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Франц улсын Ардын зураач, Урлаг судлалын ухааны магистр, хүндэт профессор Олхонууд овогт Бадамжавын Чогсом нь 1930 Говь-Алтай аймгийн Тайшир сумд төрсөн. Тэрээр 1942-1945 онд Зураг урлалын газрын дэргэдэх зургийн 3 жилийн оройн сургууль, 1946-1948 онд мөн газрын дэргэдэх зургийн 3 жилийн сургуулийг төгсжээ. Мөн 1949-1950 онд МУИС, 1950-1957 онд Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг тус тус төгссөн ч урлагаасаа алхам ч хөндийрөөгүйгээр үл барам улмаар 1967 онд УБДС-ийн уран зургийн ангийг диплом гарджээ.

Б.Чогсом гуай 1948-1949 онд зургийн сургуульд багш, 1957-1959 онд Гадаад явдлын яам, 1959-1960 онд Үнэн сонины газар “Матар” сэтгүүлийн зураачаар, 1960-1961 онд Монголын уран бүтээлчдийн холбоонд гадаад харилцааны референтээр, 1961-1972 УБДС, ХБДС-ийн уран зургийн багшаар, 1972-1974 онд МУЭХ-нд зураач, урлаг судлаач, эрхлэгчээр, 1974-1981 онд МУИС-ийн архитектурын ангид уран зургийн багшаар, 1981-1984 онд МУЭХ-нд бие даасан уран бүтээлчээр тус тус ажиллажээ.

1984-2005 онд УБДС, СУИС, ПТИС, Монгени сургуулиудад уран зураг, хар зураг, урлагийн түүх, технологи, өнгө судлал, баримлын багшаар ажиллаж байсан Б.Чогсом гуай эх орондоо болон Англи, Болгар, Польш, Чехословак, Турк, Югослав, Япон, Герман, Финлянд, Орос, Литва, Вьетнам, Солонгос, Хятад, Норвеги, Бельги, Франц улсуудад уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан. Түүний уйгагүй хөдөлмөр болон уран бүтээлийг 1961-1991 онуудад Ардын хувьсгалын 40, 50, 60, 70 жилийн ойн медаль, 1982 онд МУЭХ-ны тэргүүний ажилтан цол, Ардын хувьсгалын гавшгайч 60 жил, 1984 онд Ардын хувьсгалын “VII таван жилийн гавшгайч”, 1986 онд МУЭХ-ны нэрэмжит шагнал, Алтан гадас одон, 1991 онд Сүхбаатарын одон, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль, 2002 онд Монгол улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, 2003 онд МЗССАкадемийн “Хүндэт академич” цол, 2003 онд Бүгд Найрамдах Франц улсын “Франц ба Дэлхийн Урлаг Утга зохиолын Хүндэт Одон” буюу Францын Ардын зураач, Монголын түүхэнд мөнхрөх гавьяатай тэнгэрлэг эрчүүд өргөмжлөл, 2005 онд Боловсролын “Хүндэт Профессор” цол, АНУ-ын хүн судлалын институтын 2005 оны “Шилдэг хүн”, 2005 онд Олон улсын TASMTC “Ардын зураач багш” цол, алтан медаль, 2006 онд Их монгол улсын 800 жил, АНУ-ын “The world medal of freedom” медаль, 2007 онд Монгол улсын Ардын зураач, 2008 онд “Найрамдлын Алтан Од” одонгоор тус тус шагнасан байна.

Ярилцсан: С.Зэсээ

Холбоотой нийтлэл:

Зураач Д.Батзориг: “Зүгээр л энгийн байя” Саяхны нэгэн амралтын өдөр зураач...



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.