Би БИД болсон нулимстай түүх
Хий үзэгдэл Европоор тэнэж явна. Коммунизмын хий үзэгдэл. Тэр хий үзэгдлийг үлдэн хөөх ариун авд папа хийгээд цагаан хаан, Меттерник хийгээд Гизо, Францын радикал хийгээд Германы цагдаа нар, хуучин Европын бүх хүч нэгджээ… Коммунист намын тунхагаас ишлэв.
Энэхүү ялгуусан тунхаглалын эхлэл мөрөөс эцсийн цэг хүртэл өгүүлбэр хөөх адал явдал хар, шар, цагаан, бор ямар ч нөхрийн зүрхийг дэврээж, ар нуруунд хүйт хөлс даах чадалтай. Үг үгээр дамнах үнэмшил, өгүүлбэр өгүүлбэрээр гүүрлэх итгэл, хуудас хуудсаар зузаарах хувьсгалч санаа номын хавтас хаагдсанаар хүн бүрийн тархинд YES командтай хадгалагдана. Эх болсон есөн зүйл хамаг амьтны тусын тулд, хажуу айлын Батаа, хамар хашааны Доржийн төлөө Уншигч Та хувьсгал хийхээс өөр сонголтгүй. Тэд хийсэн, харин шороо үмхсэн. Яг яав, юу болов.
Карл Маркс агуу сэтгэгч, сэнхрүүлэгч байсан гэдэг нь маргаангүй. Хэдий авч, хар өглөө зүүн хөл дээр боссон гайгаар, гольдролоороо мөлхөгч нийгмийг үндсээр нь тонгорч, нуруугаар газардуулахуйц ёр шүглэсэн санаа сэдэхгүй л болов уу. Мэдээж, тэдний нэрлэдгээр ангийн тэмцэл, ходоод өлсгөлөн, майхан бараадалт хаа сайгүй л нүднээ үзэгдэж, дэлхийг аврах Төлөвлөгөө А тархинд нь буусан биз. Сэтгэл гаргаж санаа сэдсэнийг нь алга ташин угтмаар ч хаана! юунд! алдав, сая саяар тоологдох хүмүүсийн амь нас, тэрбум тэрбумаар яригдах хүмүүсийн ядуурал юуны учиг вэ? Эсвэл би буруу асуув уу?
Германчуудыг магтан дуулах тэргүүн шалтгаан бол тэд юмыг хийвэл хийсэн шиг хийдэг. Толгой тархинд нь нэгэн санаа зуурдаар айлчлан ирнэ. Философи, улс төр, эдийн засаг зэрэг хальтарч болох бүхий л талаас тус санааг судалж, боть ботиор ном туурвина. “Бараа таваар” бүлгээр анхлан өөрийг чимэх “Капитал” зохиол шинжилгээ утгаар хир гүнзгий судлагдсан нь харагддаг. Эдийн засгийг томруулах шилээр дурандаж, эхлэл цэг юу болохыг олж тогтоон, түүнээс эх авч үндсэн асуултын хариултыг ийнхүү хайсан эдийн засагч түүний эринд байсангүй. Марксын эхлэл цэг бараа таваар байсан ба тэр нь л чухам алдаа байж.
Үнэн хэрэгтээ, нийгэм (эдийн засаг)–ийн шинжлэх ухааны матери нь хүн ба түүний сэтгэлгээ. Өөрөөр хэлбэл бараа таваар үндсэн судлагдахуун биш. Хувь хүний өдөр тутмын үйл хөдлөл, гаргах шийдвэр зэрэг нь эдийн засагт тавигдах анхны асуулт. Дэлхий хүнээр баян, тэрбум тэрбумаар тоологдох энэ зон олон дор бүрнээ толгой мэдэж аливаа шийдвэр гарган, одоог болтол амьдарсаар ирсэн, цаашид ч энэ зарчмаар амьдрах болно. Магадгүй, бодож сэтгэсний үр дүнд хийх үйлдэл нь хүн бүрийн маргааш тоос хөдөлгөх шалтгаан биз. Мэдээж бодож сэтгэх, үйл хөдлөл, шийдвэр гаргалт бүр өөрийн гэх учир шалтгаан буюу бензин түлштэй. Энэ бол ШУНАЛ. Хэдийгээр толь бичигт хар нэрээр бичигддэг авч бодит хэрэгтээ бурхнаас заяасан хишиг гэлтэй. Хүний шуналыг хөнөөснөөр коммунизм өөрөө унасан гэх дүгнэлт бидэнд ирэх шиг.
Маркс шуналыг ор тас мартсан гэж үү? Мартаагүй, харин буруу ойлгосон. Хийсвэр болон бодит аливаа хэрэгцээг хангаснаар шуналын асуудал шийдвэрлэгдэнэ гэж ойлгосон нь түүний алдаа. Тиймээс ч Маркс капитализмын Би гэх ойлголтыг Бид хэмээн өөрчилж түүнийг Коммунизм гэж нэрлэсэн. Тиймээ, Капитализм Би гэж цээж дэлддэг бол Коммунизм Бид хэмээн уулга алддаг.
Тунхаг бичиг шимтэн уншиж, зүрхээрээ хайрлаж байсан тэр хувьсгалын эрч хүч өдөр өнгөрөх тусам, жил улирах тутам алгуурхнаар бүдгэрнэ. Хажуу айлын Батаа чинийхтэй ижил шахуу өмд углана, ялгаатай нь түүнийх цэнхэр өнгөтэй. Хамар хашааны Дорж арай өөр өмд (дэлгүүрт байдаггүй) өмсөнө, учир болбоос авга нь сайд. Коммунизм анхны өдрөөсөө эхлэн итгэл үнэмшлээ гээж ирсэн. Мэдээж аливаа зүйл ядаж хоёр талтай байдаг. Маркс авгын хийсвэрлэж байсан шунал-үгүй, Бат ба Доржид элэгтэй хүмүүс энэ дэлхийгээр бишгүй бий. Түүний тод жишээ манай өвөө. Хэрэв Монгол улсын хүн ам манай өвөө адил сэтгэвэл коммунизм амжилт олохгүй гэх газаргүй. Гэвч энэ бол мөрөөдөл. Адаглаад өвөө бид хоёр өөр хүмүүс. Капитализм мандтугай.
Холбоотой нийтлэл:
- 80-аад оноос 80-аад он руу эргэн орсон миний түүх Бага байхдаа шинэ жилийг тэсэн...

