Наадмыг “хувьчилъя”
Энэ жилийн наадам хөлбөмбөгийн дэлхийн аваргатай давхцаж байгаа. Нэг хэсэг хүмүүс сүмод орж, наадмаар хүртэл суваг булаацалдан NHK үздэг байсан бол энэ удаад эрийн гурван наадам Өмнөд Африкийн бүрээ бишгүүрийн чимээнд дарагдах шинжтэй. Яаж ч бодсон булчин нь зангирсан хөлбөмбөгчдийг харж баясах нь гүзээгээ унжуулсан бөхчүүдийг гөлөрч суухаас илүү таашаалтай байж таарна (жижиг Сүхбат барилдахаа больсныг ч хэлэх үү…)
Наадам бол Монголчуудын хувьд хамгийн том баяр төдийгүй жуулчдыг татах цорын ганц арга хэмжээ. Гэтэл зохион байгуулалт нь ямар байдаг билээ? Зурагтаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаан гарч байх юм. Хорооны дарга, шадар сайд М.Энхболд, “гадаад дотоодын вебсайтад баннер бэлдэж тавих хэрэгтэй” гэсэн чавганцын ажил яриад сууж байх жишээтэй. Уул шугамдаа зар сурталчилгааны ажлыг нэг сарын өмнөөс ярьж эхлэх биш бүтэн жилийн өмнө хийчихсэн баймаар. Тэр битгий хэл, маркетингийн асуудлыг хариуцсан бүхэл бүтэн баг ажиллах ёстой. Гэтэл яаруу сандруу сүржин нэртэй “хороо” байгуулаад, үндсэн ажлаа яая даа гэсэн хүмүүсийг энд тэндээс татаж чангааж авчраад хэдэн цагаар хуралдаж суух гэж.
Аливаа баяр наадам асар их хэрэглээг бий болгодог. Хүмүүс наадамд бэлдэж дээл хувцас хийлгэнэ, үзвэр үйлчилгээнд хамрагдана, хуушуур авч иднэ, айраг авч ууна. Жуулчид нь ч ялгаагүй, бэлэг дурсгалын зүйл худалдаж авна, үзвэр үзнэ, хоол унд иднэ, морь унана. Эсрэг талд нь наадмын үеэр хэдэн төгрөг олчих хүсэлтэй хэсэг бүлэг хүмүүс байх. Оёдог нэг нь оёно, дуулдаг нэг нь дуулна, хуушуур хийдэг нь хийнэ. Энгийн эрэлт нийлүүлэлтийн зарчим. Энэ бүх харилцааг сайтар зохион байгуулж чадвал эдийн засгийн эргэлт сайжирна.
Өнгөрсөн жил бэлдэж бэлдэж нэг юм стадион орж билээ. Уламжлал ёсоороо стадионыг гурав тойроод, хэд гурван хуушуур авч идэх санаатай яваад л байлаа. Хөл толгой нь олдохгүй стадионыг гайхан байж хэд тойрсны эцэст хуушуургүй хоцорч билээ. Хуушуур ч дүүрч гэж бодоход олигтой бэлэг дурсгалын зүйлтэй ганц ч лангуу олдоогүй. Хэдэн бөхчүүдийн зургийг томоор хэвлээд, урд нь хүмүүсийг жагсааж байгаад зургийг нь авч өгдөг хэдэн зурагчин л харагдана лээ. Аргагүйн эрхэнд ганзага хоосон харьсан юмдаг.
Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулахад “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо” 632 сая төгрөг зарцуулах гэнэ. Үүний 100 саяыг Засгийн нөөц сангаас, 198 саяыг нийслэлийн Засаг даргын төсвөөс гаргах ба наадмын орлогоос 248 сая төгрөгийг олно гэж тооцжээ. Наадмын орлого гэдэг нь хэдхэн жилийн өмнө бий болсон ангилал, урьд нь Засгийн газар наадам зохион байгуулах гэж навс шатдаг байж. Машины А, Б тасалбарыг хэдэн дарга нарт хуваарилдаг байсныг нийтэд худалдаж эхэлснээс авахуулаад тодорхой хэмжээний орлогын эх үүсвэртэй болсон ухаантай. Гэхдээ л хангалтгүй байна.
Хэрэв наадам зохион байгуулах ажлыг төр биш, хувийнхан хариуцвал хамаагүй илүү үр ашигтай ажиллаж мэдэх юм. Үйлчилгээ ч эрс сайжрах магадлалтай. Ядахдаа л ашигтай ажиллахын тулд ухаан зарж таарна шүү дээ. Наадмын нээлт хаалтыг Ерөнхийлөгч маань хийдгээрээ хийж, цол гуншингаа тараадгаараа тараадаг л юм байгаа биз. Харин аж ахуйн ажлыг хувийнхан хариуцвал хэн хэндээ өлзийтэй байх болов уу. Аль ч тохиолдолд хэрэглэгчид мөнгө төлж таарахаас хойш ялгаа юу байх вэ.
Хувийнхан гэхээр заавал ямар нэг давуу эрхтэй компани байх шаардлагагүй. Зохион байгуулах эрхийг наадмын төрөл зүйлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоонд шилжүүлж болох юм. Жишээлбэл, Үндэсний бөхийн холбоо, Морин спорт, уяачдын холбоо, Үндэсний сурын холбоо болон Аялал жуулчлалын холбоо нэгдээд байнгын үйл ажиллагаатай “Үндэсний их баяр наадмын холбоо”-г байгуулж болно. Тэд нэгдсэн журмаар мөнгө босгоод, мэргэжлийн хүмүүсийг хөлсөлж аваад жилд ганц тохиодог баяр наадмаа сүр жавхаатайгаар зохион байгуулж болмоор санагдах юм.
Дараа жилийн наадам даанчиг ойрхон байна даа…
Холбоотой нийтлэл олдсонгүй.

