Нүүр » №003, Зочин, Хоймор

Нянгар цаг хугацаагаар аялсан нь

[28 July 2010 | B.Nomungerel]

Нянгар хаданд гарсныг санаж байна уу? Хамаг эд хөрөнгөө ганц муу гялгар уутанд хийж аваад хот газрыг бараадсан Нянгар нэг л мэдэхэд “Би Монгол улсын Ерөнхий сайд Нянгар байна!” хэмээн сүр бадрааж суудаг. Жүжигчин Г.Ган-Очир Нянгарын дүрийг бүтээхдээ хими цэвэрлэгээний ажилтнаас Ерөнхий сайд хүртэл суга дэвшиж, өнөөгийн нийгмийн нэгээхэн хэсгийг тод томруунаар харуулж чадсан. Тэгвэл “Ес далан зургаа” сэтгүүл түүнд энэ удаад соц. үеийн нийтлэг дүр төрх, түгээмэл баатаруудын дүрд хувирах саналыг тавьсан юм. Г.Ган-Очир доктор Нянгарыг амилуулсан шиг ээ гучин жилийн өмнөх гол дүрүүдийг амьлуулж, бидэнд нэгийг бодогдуулсан билээ.

Энэ жил ардчилсан хувьсгалын хорин жилийн ой тохиож байгаа. Хорин жилийн дотор Монголын нийгэм асар их өөрчлөгдсөн. Ердөө хорьхон жилийн өмнө бид ардчилсан сонгуульгүй, чөлөөт хэвлэлгүй, гадаад паспортгүй, машин тэрэггүй, тэр битгий хэл, 00-ийн цаасгүй амьдарч байсан шүү дээ. Харин одоо сонгуульд нэр дэвшигчид сонгогчдыг сэнхрүүлэх гэж үнэгүй 00-ийн цаас тараах болж. Амархан ч юм аа даа. Гэхдээ хүн бол мартамтгай амьтан. Хорин жилийн өмнөх үйл явдлыг байтугай хоёр хоногийн өмнөх үйлдлээ дорхноо мартчихдаг. “Бүү март, мартвал сөнөнө” гэж хэн хэллээ?

Тийм ч учраас бид хорин жилийн тэртээх Монголыг эргэн дурсахыг хүссэн юм. Тухайн үед сайн нь ч байсан, саар нь ч байсан. “Хэзээд бэлхэн” хэмээн тангараг өргөх балчир жаал, “ширхэг тамхины төлөө шилийн хулгайчтай алалцахад” бэлэн хулигаан, нам засгийн даалгаврыг чандлан биелүүлэгч… Энэ жагсаалт цааш хөвөрнө. Илгээлтийн эзэн, эвлэлийн гишүүн, нэгдлийн малчин… Энэ бүхэн өнөөгийн нийгмээс дэндүү хол сонсогдовч, эдгээр дүрүүд өнөө хир амьдарсаар байгаа юм. Албан тушаалынх нь нэр өөрчлөгдөж, албан тасалгаан дахь Сүхбаатарын хөрөг Чингисийн зургаар солигдсон төдий.

Гудамж талбай, дэлгүүр хоршоо, байшин сав, дүрэм журмыг өөрчлөх амархаан. Харин хүний сэтгэхүйг өөрчлөхөд маш их цаг хугацаа шаардагддаг юм байна. Өнгөц харахад бид асар хурдтай өөрчлөгдөж буй мэт боловч сэтгэхүйн шинэчлэл дэндүү удаашралтай байгаа гэлтэй. Тийм ч учраас бид өмнөх үеэ эргэн дурсаж, харьцуулалт хийж байх ёстой билээ.

Ийнхүү “цаг хугацаагаар аялсан” жүжигчин Г.Ган-очир маш олон талын авьяастай. “Boom town” хамтлагийг үүсгэн байгуулж, дажгүй бүжигчин гэдгээ харуулж чадсан тэрбээр нэг үе “Өнгөт инээд” энтертэйнментын хошин шогийн үзүүлбэрүүдэд хачир нэмж явсан. Өнгөрсөн жил Universe Best Songs төслийн хүрээнд хийгдсэн “Зүрхэнд гэрэлтэх од” кинонд дүр бүтээхийн зэрэгцээ бүжгийг нь дэглэсэн гэж байгаа. Тун удахгүй UBS телевизтэй хамтран бүжгийн сэдэвтэй ТВ шоу хийх төлөвлөгөөтэй байгаа сурагтай. Мөн мэдээж хэрэг шинэ кинонд тоглоно. Г.Ган-Очирт талархахын ялдамд, уран бүтээлд нь амжилт хүсье!

Жүжигчин: СТА Г.Ган-Очир
Зурагчин: Т.Мөнхдэлгэр
Зохион байгуулагч: Х.Хоснаран, Б.Номунгэрэл

Холбоотой нийтлэл олдсонгүй.



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.