Хулгай хийсээр байх уу?
Хэд хоногийн өмнө төрийн албанд ажилладаг найзынхаа ажил дээр очсон юм. Ажлынхантайгаа Starcraft тоглож байсан найзыгаа хүлээх зуураа CD, DVD-ны цуглуулгыг нь эргүүлж суув. Билл Гэйтс ахын бүтээлээс авахуулаад Adobe, Corel гэх мэт өдөржин бичиг цаастай зууралддаг хүнд ямар хэрэг болдог нь тодорхой бус пират програмууд маш олон байлаа. Нөхрийн компьютерийг харвал нилээд хэдэн лицензгүй програм суулгасан байж таарав.
Хангалттай боловсролтой, ухамсартай, төрийн байгууллагад хариуцлагатай алба хашдаг найз маань ийм олон хууль бус програм ашиглаж байхад бусад нь яах вэ дээ гэсэн шүү юм бодогдов. Арга ч үгүй биз, олон мянган ам.доллараар програм худалдаж авах хөрөнгө мөнгө нь хаана байна, аягүй л бол байгууллага нь компьютер авч өгсөн нь их юм гэж бодох уу эсвэл…
Дэлхий дахинд ашиглагдаж буй нийт програм хангамжийн 43 хувь нь хууль бус байдаг ба Ази, Номхон далайн бүсэд энэ үзүүлэлт 59 хувьтай байгаа юм (Business Software Alliance-ын тооцоо). Гуншаа Орос орчуулгатай хулхи кино үзэж, ганзагаар орж ирсэн NIEK пүүз өмсөж өссөн бидэнд програм хангамж худалдаж авна гэсэн ойлголт бараг байхгүй гэж хэлж болно. Ямар сайндаа улсын байгууллагууд нь хүртэл лицензгүй програм ашиглаж байх вэ.
Технологи хөгжихийн хирээр төр засгийн байгууллага болон банк санхүү, дэд бүтцийн компаниудын сүлжээ цахим халдлагад өртөх нь ихэсч байгаа билээ. Програм хангамжийг лицензгүйгээр ашиглахын тулд crack хайж, элдэв warez сайтаас keygen татаж авах хэрэгтэй болдог. Энэ нь тухайн компьютерын аюулгүй байдлыг алдагдуулж, төрөл бүрийн вируст боломж олгоно. Антивирус нь хүртэл хулгайнх болохоор яалтай ч билээ. Дэлхийн гуравдугаар дайн цахим ертөнцөд өрнөнө гэж ярьсаар байтал манай батлан хамгаалах, тагнуулын байгууллагууд хүртэл хулхи програм ашиглан юу ч болоогүй юм шиг сууж байдаг…
Хааяа нэг сахилгагүй хакер жаал ганц нэг вебсайтыг маань шоглож хаядгийг эс тооцвол манай улс цахим халдлагад нэг их өртөөд байдаггүй нь яамай. Дэд бүтэц сайжирч, цахим гүйлгээ ихсэх тусам хакеруудын аюул нэмэгдэх болно. Аргаа барсан хүний зангаар, “яагаачгүй байхад хий дэмий санаа зовоод яах вэ” гэж бодъё. Гэвч хулгайн програм хангамжийг үл ойшоох нь оюуны өмчийн асуудлыг уландаа гишгэж буй явдал гэдгийг мартаж болохгүй. Бид хэзээ нэгэн цагт мэдээллийн технологийн салбарт хүч үзэж, энэ нь манай улсын экспортыг нэмэгдүүлнэ гэж мөрөөдөн баясдаг. Дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц програм хангамж зохион бүтээх програмистууд нь эхлээд дотоодын зах зээл дээрээ бараа бүтээгдэхүүнээ борлуулж, олон улсад гарах туршлага хуримтлуулж баймаар. Дотоодын хэрэглэгчид нь хэдэн мянган ам.долларын програмыг үнэгүй ашиглаад сурчихсан, програм хангамжинд мөнгө зарна гэсэн ойлголтгүй байхад мэдээллийн технологийнхон яаж хөгжих вэ дээ.
“Компьютер форматлана, програм суулгана” гэсэн зар хаа сайгүй харагддаг. Зарын эзэнд хандснаар арав хорин мянган төгрөгөөр хэдэн сая төгрөгийн өртөг бүхий програм хангамжийг суулгачихна. Нэгэнт өндөр үнэтэй програм хангамжийг мөнгийг нь төлөөд худалдаж авч чадахгүйгээс хойш арга буюу хулхи програм хэрэглэдэг хэмээн өөрсдийн хууль бус үйлдлийг зөвтгөнө.
Гэтэл дундаж хэрэглэгчийн ихэнх хэрэгцээг хангаж чадах open source буюу нээлттэй програмууд хангалттай бий. Наад зах нь Windows-ыг орлох чадалтай Linux эхтэй маш олон үйлдлийн систем байна – Ubuntu, Debian, Fedora, г.м. – бүгд үнэгүй. Linux үнэгүйгээс гадна маш олон давуу талтай. Тухайлбал, вирус зохиогчид ихэвчлэн Windows үйлдлийн системд зориулж вирус бичдэг болохоор Linux-ийн орчинд вирус бараг байдаггүй, өөрөөр хэлбэл, антивируст мөнгө зарах шаардлага байхгүй. Түүнчлэн, эх код нь нээлттэй учраас хэрэглэгчид түүнийг нь өөрийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх боломжтой.
Microsoft Office-ын оронд OpenOffice.org, Photoshop-ын оронд GIMP, Illustrator-ын оронд Inkscape, WinRar-ын оронд 7 Zip-ыг ашиглаж болохгүй гэж үү? Хулгай хийлгүйгээр хэрэгцээгээ хангах боломж хангалттай байна. Сонголт байсаар байтал сайн дураараа хулгай хийсээр байх уу? Ядаж төрийн байгууллагууд нь нээлттэй програм хангамж руу шилжиж, үлгэр дууриалал үзүүлж болно шүү дээ. Дэлхийн нилээд олон улс ийм арга хэмжээ авсан. Бид дахиад л хоцрох уу?

Мэдээлэл, Шуудан, Харилцаа холбоо, Технологийн Газрын мэдээгээр, 2009 онд манай улсад 189 500 компьютер тоологджээ. Хэрэглэгч болгон дээрх програмуудыг суулгадаг гэж бодвол улсын хэмжээнд 428 сая ам.долларын өртөг бүхий програм хангамж ашиглагддаг гэсэн тооцоо гарах юм. Мэдээж хүн бүр Photoshop, Acrobat ашиглахгүй. Наад захын хэрэгцээ гэдэг утгаар нь зөвхөн үйлдлийн систем (Windows 7), офисын програм (Microsoft Office) болон антивирусын үнийг бодвол нэг компьютерт нийт 740 ам.долларын програм хангамж шаардлагатай. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд ойролцоогоор 140 сая ам.долларын програм ашиглагддаг гэсэн бүдүүн баараг тооцоо хийж болох юм. Тэдний ердөө 30 хувь нь лицензтэй эсвэл нээлттэй програм байдаг гэж тооцвол Монголчууд бид нийт 98 сая ам.доллартай тэнцэх програм хангамжийг хууль бусаар ашиглаж байна гэсэн тоо гарч байна.
Монголын кибер довтолгоотой тэмцэх төвийн мэдээлж буйгаар, Монголын хэрэглэгчдийн цахим шуудангийн урсгалын 80 гаруй хувийг спам эзэлдэг байна.
Тагнуулын ерөнхий газраас мэдээлснээр, өнгөрсөн онд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 369 цахим хуудас гадаадын хакеруудын халдлагад өртжээ.
Холбоотой нийтлэл:
- Монголын төр хүчтэй байх ёстой Зурагтаар “Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө”...
- Хийсвэр мөнгөн тэмдэгт Тусгаар тогтносон улс болгон өөрийн...

