Нүүр » №003, Авдар, Эрүүл мэнд

Эрүүл хооллох амархан

[28 July 2010 | Kh.Uyanga]

Цаг цөвүүн болжээ. Идэж уухаа хүртэл мэргэжлийн хүнээр тусгайлан заалгах ёстой болсон байна. Эрүүл хооллолтын талаар лекц уншиж, өндөр үнэтэй семинар зохион байгуулдаг этгээдүүд органик хүнс, био бүтээгдэхүүн, цагаан  хоол, веган хувьсгал  гэх мэт ойлгомжгүй нэр томъёогоор зогсоо зайгүй бөмбөгдөж, төгс гэгээрсэн их багшаар түрий барин эрүүл амьдрах хүсэлтэй гэнэн хонгоруудыг мунхруулж орхино. Тэд ч бас төгс гэгээрч, дотроосоо гэрэлтмээр байгаа. Эцсийн бүлэгт “гэр бүлийн зөвлөх”, “стресс тайлах багш”, “санхүүгийн зөвлөх”-өөс гадна “зөв хооллолтын багш”-даа мөнгө төлөх хэрэг гарна… Эрүүл хооллоно гэдэг тийм хэцүү гэж үү?

Цагаан сарын үеэр бууз чимхэх ажил хүн болгоны толгойн өвчин болдог шүү дээ. Айлууд хэдэн зуун бууз хийснээрээ өрсөлдөх шахаж, өдөржин шөнөжин бууз чимхэн “Хаан хатан бууз”-ын тэргүүний ажилтан болох нь холгүй юм болж, хэсэгтээ л бужигналддаг. Би ч яахав, бууз чимхэх авьяасгүй гэх шалтгаанаар буузчингуудад онигоо ярьж өгөх хамгийн хэцүү ажилд томилогдоно. Бас ч гэж эрх мэдэлтэй, онигоо ярихын хажуугаар буузны стандарт хянагчаар давхар ажиллана. Эмээ минь буузны гурилд асар их ач холбогдол өгдөг байж билээ. “Ноднингийн бууз дэндүү хар байсан шүү, хорчийсон хар юм өгвөл хүмүүс муу хэлнэ шүү дээ” гэж ирээд л… Дээд гурил л авахгүй бол болохгүй. Гурил нь цагаан эсэхийг заавал шалгаж байж буузаа чимхэнэ. Эмээ хар талханд ч дургүй, “тэгтлээ ядарсан биш яалаа гэж хар талх идэх вэ” гэж загнадаг байж билээ.

Эрүүл хооллоё гэвэл аль болох боловсруулалт ихтэй хоол хүнснээс татгалзах хэрэгтэй гэдэг. Энэ утгаараа эмээгийн ад үзээд байдаг байсан хар талх шим тэжээл, эрүүл мэндийн хувьд бусдаасаа хавьгүй илүү болж таарлаа. Учир нь гурилыг үйлдвэрийн аргаар цайруулахын тулд хүчтэй химийн бодис ашигладаг ба цайруулаагүй гурил шаргал өнгөтэй байдаг юм байна. Будааны хувьд ч ялгаагүй. Будааны ихэнх шим тэжээл хальсанд нь байдаг ч, хүмүүс цагаан будаанд илүү дуртай болохоор хальсыг нь үйлдвэрийн аргаар салгаж авдаг гэнэ. Элсэн чихэр, сахарын хувьд бол бүр ярилтгүй. Бараг л тэр чигтээ химикат гэсэн үг.

Харвардын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар, тогтмол цагаан будаа иддэг хүмүүсийн хувьд чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг нь тогтоогджээ. Буруу хооллоно гэдэг ийм л аюултай. Харин бид хоол хүнсэндээ хир их анхаардаг билээ дээ. Хөрш айлдаа муу хэлүүлэхээс айгаад “дээдийн дээд” гурилд хамаг мөнгөө зарчихдаг хүмүүс шүү дээ. Дээр нь хөдөлгөөний дутагдал хэмээх асар том асуудал байна. Сар бүр улс үндэстнээрээ марафон гүйлт зохион байгуулж байдаг юм уу, яадаг юм. Ямар сайндаа сүүлийн жилүүдэд чихрийн шижин өвчин газар авч байх вэ.

Боловсруулалт багатай, байгалийн гаралтай хоол хүнс гэхээр жимс, ногоо л толгойд ордог. Гэтэл бид чинь саяхныг болтол төмс, лууван, манжин, сонгиноос цаашгүй байлаа шүү дээ. Хамгийн ногоолог хоол нь “ногоотой шөл”. Дээрх хэдэн ногоогоо шөлөнд хийгээд буцалгаж гарна даа. Бусдыг нь “нарийн ногоо” гэж нэрлэх буюу “ямар ямаа биш ногоо идэхгүй” гэж ярина. Одоо харьцангуй сонголт ихтэй болсон ч, нарийн ногоо, жимс жимсгэнэ ихэвчлэн урд зүгээс орж ирдэг. Өөрөөр хэлбэл, элдэв янзын бордо, химийн бодис ашигласан байх магадлал туйлын өндөр.

Баталгаатайг нь бодсон ч тэр, уламжлал ёсоороо цагаан идээ, махаа идье гэвэл сүү, тараг нь олдохгүй, махных нь үнэ ханш тэнгэрт хадчихна. Нэг килограмм үхрийн мах 7000 төгрөг байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хөдөө мал нь мянга мянгаараа осгож үхээд байдаг, гэтэл хотынхон ганц хаа гуя авахын тулд хагас сарын цалингаа тавьж туух шаардлагатай болдог – сонин шүү. Америк тахианы гуя Монгол малын махнаас илүү хямд болсон гээд боддоо. Хаа байсан Америкаас орж ирсэн тахианы мах Архангайн үхрийн махнаас илүү хямд байна шүү дээ.

Америк тахиа гэснээс, өнгөрсөн жил “Food Inc” нэртэй кино гарч, нилээд шуугиан тарьсан билээ. Оскарын шагналын шилдэг баримтат киноны төрөлд хүртэл нэр дэвшсэн. Бидний идээд байгаа Америк тахианы гуя хэрхэн яаж боловсорч, бий болдгийг яруу тодоор үзүүлсэн гэж болно. Пин дүүрэн алхаж ч чадахаа байтлаа таргалсан тахианууд. Алхая гэвч зай байхгүй. Тэр киног үзсэнээс хойш тахиа идэж чадахаа байж билээ. Үндэстэн дамнасан корпорациуд ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд хүнсний үйлдвэрлэлийг жинхэнэ үйлдвэрийн зарчимд оруулж, махны зориулалттай малын генийн бүтцийг өөрчлөн хэт таргалуулж, богино хугацаанд зах зээлд нийлүүлэх зарчим баримталдаг ажээ. Бид фермын мал аж ахуй гэж ярьдаг ч, ийм болохыг хүсч байна гэж үү?

Өөрөөр хэлбэл, супермаркетаар зарагддаг ихэнх импортын хоол хүнс генийн өөрчлөлттэй, хэт их химийн бодистой, байгалийн бус зүйл болж таарлаа. Тэгэхээр яажшуухан зөв хооллож, эрүүл амьдрах вэ?

Нэгэнт бид бүгд мал дээр гарч, ногоо тарьж чадахгүйгээс хойш хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа маш хянуур хандах хэрэгтэй болж байна. Аль болох боловсруулалт багатай, шим тэжээл сайтай хоол хүнс сонгох нь чухал. Дээд гурилын оронд бүдүүн ширхэгтэй, хивэгтэй гурил, цагаан будааны оронд бор будаа эсвэл гурвалжин будаа, г.м. Түүнчлэн, хиймэл амтлагч, консервант агуулсан лаазалсан, нөөшилсөн бүтээгдэхүүнээс аль болох татгалзвал зохино. Хоол хүнс худалдаж авахдаа орцын мэдээллийг нь сайтар уншиж заншвал болж бүтэхгүй зүйл ходоодонд чинь орохгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зөв сонголт хийхийн тулд бичиг үсэгт тайлагдсан байхад л хангалттай, хэн нэгэн “төгс гэгээрсэн” хүний зааварчилгаа хэрэггүй л болов уу.

Юу идэхээс гадна хэзээ, яаж идэхээс маш их зүйл шалтгаална. Монголчууд эрт дээр үеэс “өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг нөхөртөө, оройны хоолоо дайсандаа өг” гэж сургадаг байжээ. Мөн идээ ундаагаа улиралдаа тохируулан хэрэглэж, дулааны улиралд цагаан идээ, өвөлдөө мах, махан бүтээгдэхүүн иддэг байжээ.

Түүнчлэн, хоолны порц гэж нэг чухал зүйл байна. Манай эмээ буузны гурилд хэт их ач холбогдол өгдөг байснаас бусдаар бол их зөв хооллодог байсан санагдана. Өөрөө нэг жижигхэн бор аягатай, ёстой л нөгөө “Ээжийн бор аяга” дуунд гардаг шиг. Тэр нь жижигхэн гэж жигтэйхэн. Хуурга ч хийсэн, шөл ч хийсэн, түүгээрээ л хооллоно. Цадталаа идэхийг цээрлэнэ. Эмээ минь маш өндөр насалсан ч хөнгөн шингэн хэвээр байсан юм даг… Мань мэт нь нас тогтсон үедээ түүн шиг харагдаж, түүн шиг амьдарч чадвал бурхны хишиг л гэсэн үг.

Холбоотой нийтлэл:

Аткинс бид хоёр буюу турахыг завдсан нь Саяхан хувцасны шүүгээгээ янзлах санаатай...



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.