Нүүр » №003, Авдар, Орон гэр

Ямбатны ягаан

[28 July 2010 | B.Nomungerel]

Дээхэн үед энэ байрыг “Ямбатны ягаан” гэж нэрлэдэг байж билээ. Үе үеийн сэхээтнүүд аж төрсөн буянтай газар. Зүлэг мод, сад талбай, гандсан гулсуур… цаг хугацаа огт яваагүй юм шиг. “Ес далан зургаа” сэтгүүл энэ түүхэн байранд амьдардаг нэгэн бүсгүйнд зочилсон юм. Тэр бол Ямбатны ягааны шинэ дүр төрх.

Тэднийх маш цэгцтэй, замбараатай. Ганцаараа амьдардаг болоод ч тэр үү, илүү дутуу зүйлгүй, саруулхан. Засвар хийхдээ байрныхаа зохион байгуулалтыг өөрчилж, үүдний хэсгийг нээж өгчээ. Барилгын материал, тавилга зэргээ бүгдийг нь Монголоос авсан гэсэн. Монгол хивс гоё харагдаж байгаа биз? Уран зургийн мольбертыг нь хараад “удахгүй гэр нь өөрийнх нь зурсан зургаар дүүрэх юм байна даа” гэж бодогдсон.

Тэр эрүүл амьдрахыг эрмэлздэг. Ойр зуур гарахдаа дугуйгаа унадаг гэнэ билээ. Ширээн дээрх модны мөчрийн учрыг асуухад нэгэн сонирхолтой түүх ярьж өгсөн юм. Нэг удаа явган аялалаар явж гэнэ л дээ, тэгэхдээ нэг модны мөчир олж аваад таяг хийжээ. Зам зуур түүнийгээ хаяж орхисон боловч буцах замд нь өнөөх мөчир нь тааралдаж гэнэ. Энэ явдлыг ихэд билэгшээсэн учир тэрхүү мөчрийг гэртээ авчирсан гэж ярьсан юм.

Тавиур дээр өрөөстэй ном, гэр бүлийн зураг… Аяга кофе уух зуураа Улаанбаатарыг тольдож суух нь жаргал биш гэж үү? Ямбатны ягаанд ингэж л амьдрах ёстой болов уу.

Зураг: Т.Алтанзагас

Холбоотой нийтлэл:

Амттай амьдралын нууц, №002 Хүн бүрт хобби бий. Зарим...
Амттай амьдралын нууц, №001 Дөлгөөн манай ангийн хамгийн ганган,...



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.