Үзэл суртлын зэвсэг
Монголын соц.реалист яруу найргийн товчоон
Хуучин номоо янзалж байгаад “Монголын шилдэг яруу найраг” (1971), “Монголын шилдэг яруу найраг” (1981) гэсэн хоёр ном оллоо. Хэдэн хором хуудсыг нь эргүүлж суухад тухайн үеийн нийгэм, Монголын наян жилийн түүх нүдний өмнө зурайх шиг болов. Үзэл суртал үнэхээр хүчтэй байжээ. Зөвхөн гарчгийг нь л харахад – “Пионерийн дуу” (Д.Нацагдорж!), “Сүхбаатар ба СССР-ийн найрамдал” (С.Буяннэмэх!), “Ильич багш” (Ц.Дамдинсүрэн!), “Сарваатахи Ленин” (Б.Ренчин!)… эв хамт нийгэм, Октябрийн хувьсгал, найрамдал дружба, энхрий хайрт нам засаг…

1961 онд Монголын Зохиолчдын Эвлэл ардын хувьсгалын яруу алдарт дөчин жилийн ойд зориулан “Монголын шилдэг яруу найраг” номыг гаргажээ. Энэ нь цаашид уламжлал болж, 1971 оны ардын хувьсгалын тавин жилийн ой, 1981 оны ардын хувьсгалын жаран жилийн ойд зориулагдсан Монголын шилдэг яруу найргийн түүвэр гарснаар социализмын үед нийт гурван яруу найргийн дээж ном хэвлэгдсэн байна. 1981 оны “Монголын шилдэг яруу найраг” номын оршилд Д.Цэдэв гуай, “хувьсгал, нам, ард түмнийхээ түүхэн баатарлаг гавьяат үйлсийг дүрслэн харуулсан яруу найраг хэзээд мөнх юм” хэмээсэн нь тухайн үед яруу найргийн үнэлэмж ямар байсныг хэлээд өгнө.
Яруу найраг хэмээх эрхэм алдрыг зөвхөн үзэл суртлын хэмжүүрээр оноож, намын даалгавраар бичигдсэн албадмал, амьгүй шүлгийг шилдэг хэмээн өргөмжилж байсан нь тухайн үеийн нийгмийн талаар дэндүү ихийг өгүүлнэ. Үзэл суртлаас ангид, “империализм” ханхлуулсан шүлэг зохиол бичвэл шүүмжлүүлнэ, Чингисийн нэрийг дурдах төдийд шоронд сууж мэднэ…
Тэгвэл яруу найрагчдад ямар сэдэв үлдсэн бэ? “Монголын шилдэг яруу найраг” түүвэрт багтахын тулд Ленин багшийг магтан дуулсан хэдэн мөр татлахад хангалттай байжээ. Жишээ нь,
…Аугаа их Лениний Ая гавьяаг Алтан нарны гэрэлтэй Бид зүйрлэдэг Ариун тунгалаг дүрий нь Цог жавхланг Алиманхан сарны туяатай Бид зүйрлэдэг.
Ч.Лхамсүрэн (”Ленин” шүлгээс)
Амраг хайртыгаа л “алиманхан сарны туяатай” зүйрлэдэгсэн, харин Лхамсүрэнгийн хувьд Ленин багш амрагаас нь илүү хүндтэй. Тэр ч бас гайгүй, зарим нэг нь халзан нөхөрт хайрын захиа бичих хангалтгүй гэж үзээд хайрт багшдаа хөшөө босгохоор шийджээ.
… Эрхис гаригт хөшөө баривал Эрхэм Лениний даруухан дүрийг Холын гаригийн бүлээхэн чулуугаар Хамгийн түрүүнд урлана гэж бодном Тэнгэрт Лениний хөшөө босгох Тэр цаг дөхөж байна.
С.Базарсад (“Лениний хөшөө” шүлгээс, 1977 он)
Зүгээр ч нэг муу хөшөө биш, харь гаригийн үнэт металаар эрхис гаригт баригдах хөшөө юм шүү! Тэгвэл Ц.Гайтав,
Хэний ч өмнө Ленинтай ярьдаг гэж Хэлэх эрхтэйдээ бахархаж байдаг би. “Хүрэн зандан” “хаалгыг” нь нээгээд Хүндэт багшийн “тасалгаанд” нь орлоо.
Ц.Гайтав (”Ленинтай би ярьдаг” шүлгээс)
гэж онгирчээ. 1924 онд талийгаач болсон хүнтэй чухам яаж ярьдаг вэ гэж гайхаж байна уу? Шүлгийг нь үргэлжлүүлэн уншвал, “хүрэн зандан хаалга” нь номых нь хавтас, “тасалгаа” нь Лениний сургаал болж таарна. Ядмагхан зүйрлэл л дээ, гэхдээ Ленин багшийн ном зохиолыг алдаршуулсан болохоор шилдэг яруу найргийн цоморлигт багтах нь ойлгомжтой. Ц.Дамдинсүрэн гуай ч яаж дутах вэ, Лениний музейг үзсэнээрээ далимдуулан Ильичийн гавьяаг ийнхүү сурталчилжээ.
… Гайхамшигт Лениний их хэрэг Ганц музейд яаж багтах вэ Даян дэлхийд түгж тарсан юм. Дайчин тэмцлийн жолоо болсон юм.
Ц.Дамдинсүрэн (“Лениний музейд” шүлгээс, 1955 он)
Тэгвэл Б.Имашхаан,
Эрин үеийн замд залж Эгэл түмнээ араасаа дагуулж Барьсан малгайгаа өмсөх завгүй Багш Ленин алхаж явна…
Б. Имашхаан (”Ленин” шүлгээс)
хэмээн даруухан загнасан байна. Малгайгаа гартаа атгасан Лениний зурагт хуудас харагдах шиг… Малгай нь хүртэл ийнхүү шүлэг найрагт мөнхөрч байхад хүрмийг нь магтан дуулахад буруу юу байх вэ.
Суут Ильичийн хүрэм Сугандаа нөхөөстэй байх гэж үү…
Т.Очирхүү (“Ильичийн хуучин хүрэм” шүлгээс, 1978 он)
Тухайн үеийнхэн бурханд “чи битгий хуц” гэж хэлж зүрхлээгүй ч, Ленин багшийг бурхан буддагаас илүүд үздэг байжээ.
… Ленин Бурхнаас илүү Буддагаас илүү Сургаал гаргаагүй билүү?…
Ш.Сүрэнжав (”Ильичийн хөшөө яагаад энгийн байна вэ?” шүлгээс)
“Монголын шилдэг яруу найраг” түүвэрт багтсан шүлэг найраглалын тэн хагас нь ийнхүү Ильичийг магтан дуулсан байх юм. Лениний талаар хэлэх зүйл дууслаа гэхэд (гэхдээ малгай, хүрмийнх нь талаар шүлэглэж болсон юм чинь өмд, оймс гээд сэдэв мундахгүй байлгүй), ардын хувьсгал гэсэн сайхан сэдэв байна.
Хувьсгал ээж хоёроо залуу байхад Хувьтай би хорвоод төржээ
Б.Бэгзсүрэн (“Би хувьтай хүн” шүлгээс, 1970 он)
Яагаад бид жаргалтай вэ? Ялгуулсан хувьсгалтай Яг нас чацуу учраас Яриагүй бид жаргалтай!…
Л.Хуушаан (”Яагаад бид жаргалтай вэ шүлгээс”)
Хэрэв Ленин хийгээд хувьсгалын талаар хангалттай бичсэн бол Орос ах нарыг дурсаж болно. Жишээ нь,
Орос ах нарыгаа би Орчлонгийн түм дотроос танина Тэр болгонд заяадаггүй Тэнгэрлэг сайхан хийморь Тэдэнд минь бий…
Д.Банзрагч (“Орос ах” шүлгээс, 1979 он)
Аз хийморь нь гийж, алтан Москвад хөл тавьсан найрагчид “улаан од” хэмээх үгсийг хаа нэгтээ хавчуулахад л болох нь тэр.
…Урд минь Улаан од Кремлийн орд! Урд минь Улаан талбай Кремлийн хана!
Д.Пүрэвдорж (“Ленин зүрхэнд бат оршиж байна”, 1965 он)
Аян замын тэмдэглэл хүртэл хувьсгалч бахархлаар чимэглэгдэх учиртай. Алтан Москвад анх хөл тавьсан хүн хамгийн түрүүнд юу үзэх ёстой гээч? Д.Сэнгээгээс үлгэр авна уу:
Галт тэрэгнээс би дөнгөж буугаад Гагцхүү Улаан талбай руу яаран ирлээ
Д.Сэнгээ (“Улаан талбайд” шүлгээс)
Ангийн тэмцлийг ялан дийлсний хэрэг юу билээ, зөвхөн шүлэг бичдэг сэхээтнүүд л Москвад очдог гэсэн сэтгэгдэл төрүүлж болохгүй. Эгэл жирийн малчин ард хүртэл Улаан талбайд зугаалж болдог юм шүү гэдгийг яруу тодоор дүрслэх даалгавар Д.Нямаа гуайд ирсэн бололтой.
Хүрээт гуай Улаан талбайд Хүрч ирсэн зогсож байна. Зүүдэлсэн юм шиг итгэж ядан Зүг зүг тийшээ харж байна. … Тийм холоос Улаан талбайд Тэмээчин хүн ирчихсэн явдаг Чимэгтэй яруу цагны нь дуу Чихэн дээр яг уянгалж байдаг Хүний зам урт юм гэж Хүрээт гуай энд бишрэн бодов…
Д.Нямаа (”Хүрээт гуай улаан талбайд” шүлгээс)
Алтан Москва холддог юм аа гэхэд мөнгөн Туул минь байна. Улаанбаатарын талаар бичихдээ Москвагийн нэрийг овжноор оруулж чадвал шилдэг яруу найргийн түүвэрт багтах нь дамжиггүй.
…Москва хот ахтай Мөнгөн Туул эмжээртэй Мөнх жаргал бадраатай Миний хайрт Улаанбаатар…
Ц.Гайтав (”Улаанбаатар” шүлгээс)
Яруу найрагчид орос ах нартаа хайр зарлаж суух үеэр олон нийтийн дунд үндэсний үзэл цухалзаж, харийнхныг нүд үзүүрлэх явдал мэр сэр гарсан бололтой. Үүнтэй тэмцэх хэцүүхэн даалгавар Ц.Гайтав, Д.Даржаа нарт ноогджээ.
…Хайр сэтгэлтэй Зөвлөлтийн хүмүүсийн дунд явахад Харь гэдэг хачин үг оргож алга болоод Гэр гэдэг ойр үг ургаж цэцэглэх юм…
Ц.Гайтав (“Зөвлөлтийн хүмүүсийн дунд явахад” шүлгээс)
…Хүний нутаг гүний газрыг харь гэх үү? … Хаа тэртээ Москвад би очлоо Халуун элгэн садны адил угтлаа, харь алга байлаа.
Д.Даржаа (”Харь” шүлгээс)
“Монголын шилдэг яруу найраг” түүвэрт яруу найрагчдын товч намтар нийтлэгдсэн байх. Хаана, хэзээ төрснийг нь (мэдээж хэрэг ихэнх нь малчны гэрт төрсөн болж таарна) дурдахаас гадна хэдэн онд МАХН-д элссэнийг нь онцолжээ. Мэдээж хэрэг дийлэнх нь намын гишүүн. Тэд арга буюу энхрий хайрт хувьсгалт намаа шүлэг зохиолоороо үрд мөнх алдаршуулах нь гарцаагүй.
…Олон биднийг үүрд гийгүүлж Орой дээр минь үргэлж манддаг Хосгүй нэг нар хорвоод байх юм Хотол олон нам гэж нэрлэх юм…
Д.Гомбожав (”Нар” шүлгээс)
Зөрөг биш дардан харгуй намынхаа замналыг Зүг минь чиг минь гэж хардаг учраас Зөвийг таниулагч намынхаа сургаалыг Зүрх минь сэтгэл минь гэж боддог учраас…
Ц.Цэдэнжав (“Намаан дуулнам” шүлгээс, 1966 он)
…Нам тандаа Баярлалаа, баярлалаа! Ардын төлөө Ардаас төрсөн Аугаа их манай нам…
Ч.Чимид (”Нам тандаа баярлалаа” шүлгээс)
Нас биеэн зориулах нэгэн ачтан бий Нарнаас илүүд нэрлэх ганцхан ачтан бий! Нам! Монгол Ардын Хувьсгалт нам! Нар болсон Мөнхийн алдарт манай нам!
Д.Бямбаа (”Ашид мандсан нар” шүлгээс)
Монгол Ардын Хувьсгалт Намдаа Өргөн Дуулъяа
А.Самбалхүндэв (”Түмэн түрлэг” дууны дээж)
Нам гэдэг ийм л хүчтэй. МАХН сонгуулиар уриа лоозон зохиох гэж зовж, гадаадын өндөр үнэтэй PR-чин хөлсөлж байхын оронд энэ гурван номыг нягталж үзвэл зохино. Нэг зүйлийг анзаарвал, тухайн үеийн найрагчид бүх зүйлийг нар сартай зүйрлэдэг байжээ. Нам – нар, хувьсгал – нар, Ленин – нар… Хэдэн жилийн өмнө “Болор цом”-ыг сонирхож билээ. Ихэнх оролцогчид нь “сүү шиг цагаан” гэсэн зүйрлэл хэлж байсан санагдана. Моод гээч үзэгдэл яруу найрагт хүртэл байдаг бололтой. Бас нэгэн нарыг танилцуулбал,
“Үнэн” үгсийн дотор нар нь юм. “Үнэн” үйл хэргийн туг нь юм “Үнэн” шударга бусыг яллагч нь юм “Үнэн” худал хуурмагийг ниргэгч нь юм “Үнэн” ялан дийлэхийн тавилан юм.
Д.Даржаа (”Үнэн” шүлгээс)
Жанжин Сүхбаатарын үүсгэн байгуулсан намын төв хэвлэлийг магтахгүй бол өөр юуг магтах вэ? Зарим нэг хэт идэвхтэй яруу найрагчид уншигчиддаа эдийн засгийн хичээл орох нь холгүй юм болж байх юм.
…Гэрэлт социализмын Өргөн далайд Сэлэн явах замд Гэдрэг татсан Хувийн өмч Бул чулуу шиг Суут намын Урагшлах замд Бэрхшээл болж Суурьтай бодож Буурьтай шийдэх Ухаан шаардлаа…
Ц.Гайтав (“Намдаа өргөх үг” шүлгээс)
Малчдад мал маллахыг заах шүлэгч ч байна.
…Түг түмэн мал сүргээ Төрөл бүрд нь оторлон таргалуулъя Төр улсдаа алдар цуутай Тэргүүн малчин болцгооё…
Ч.Жигмид (“Малаа отроор таргалуулъя”, 1964 он)
Орос ах нарын хүчин чармайлтаар эх орон даяар өрнөж буй аугаа их социалист бүтээн байгуулалтыг орхигдуулж хэрхэвч болохгүй.
…Тэнд 1964 онд манай хайгуулчид очсон юм Тэр уурхайн судсыг Ээбум инженер барьсан юм Тэнд орос нөхөд нь инженер Осокин очсон юм Марков очсон юм Олон Осокин Марков очсон юм. Тэр уурхайн цусны эргэлтийг тэд 100 жил 400000000 тоннын цохилттой гэсэн Тэнд одоо хот барьж, уурхай нээж байна Тэнд 1921 оны найрамдал үргэлжилж байна. Тэр газрыг Багануур гэдэг юм…
М.Цэдэндорж (“Сэрэхүй” шүлгээс, 1978 он)
Одооны яруу найрагчид,
… Тэндхийн лицензийг 2000 онд “Айванхоу майнз” Тэрбум төгрөг төлж авсан юм Тэнд Канад нөхөд нь хорт Боб Фрийдланд очсон юм. Олон олон Фрийдланд очсон юм. Тэр уурхайн цусны эргэлтийг тэд 30 жил 100000000000 ам.долларын цохилттой гэсэн Тэнд одоо майхан зоож, уурхай нээж байна. Тэнд Канад эзэд тэрбумтан болж байна. Тэнд Монгол залуус 180 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна.
гэх маягаар шүлэглэвэл таарна.
—
Хатуу хавтастай, алтан шармал дардастай, зузаан гэгч нь боть… Өвөө эмээ, аав ээжийн минь төрж өссөн нийгмийн дүр төрх. Үзэл суртлын энэ их дарамтад амьдарсан хүмүүс ямар байх вэ? Мэдээж энэ бүхэнтэй тэмцэж, зохиол бүтээлээ үзэл суртлын зэвсэг болгохыг хүсээгүй зохиолчид байсан. Зарим нь аргагүй эрхэнд Ленин багш, нам засгийг магтан дуулсан. Зарим нь үнэхээр чин сэтгэлээсээ итгэж, ирдэж явсан. Тэр их итгэл үнэмшил 1990 онд ор тас алга болсон гэж бодохоор тухайн үеийнхэн ямар хэцүү замыг туулсан нь ойлгогдоно. Тэдний оюун санааны хоосрол, итгэл үнэмшлийн вакуум одоо хир дүүрээгүй байгаа. Түүнийг хэн дүүргэх вэ?
Холбоотой нийтлэл:
- Францын зохиолч Омерик: “Монгол чоно” Улаанбаатар хот соёл урлагийн хувьд...
- Чингис Хааны тухай ном зохиол Эрэлхэг, хүчирхэг, дайчин хүмүүсийн намтар...

