Нүүр » №003, Багана, Эдийн засаг

Австралийн “онцгой ашгийн татвар”

[1 July 2010 | Z.Ochir]

Австрали улс гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай төстэй татварыг санаачилж, уул уурхайн компаниудын татварын хариуцлагыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Монгол, Австрали хоёрт ижил төстэй зүйл их бий. Хоёулаа хүн ам багатай, мөн асар том газар нутагтай. Хоёулаа малчин уламжлалтай, бэлчээрийн мал аж ахуйтай – нэг Монгол хүнд 7 хонь ноогддог бол нэг Австрали хүнд 4 хонь ноогддог. Тэд Монголчуудын нэгэн адил малын буян гэж юу болохыг мэднэ. Монгол, Австрали хоёрыг нэгтгэх бас нэг зүйл бий: манайх ч, тэднийх ч, асар их байгалийн баялагтай. Алт, мөнгө, зэс, нүүрс, уран, төмрийн хүдэр, цайр – манайд байдаг ашигт малтмалууд бүгд Австралид бий. Экспортын орлогынх нь 35 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг, үндсэн худалдан авагч нь БНХАУ. Бас л яг Монгол шиг.

Гэвч манай хоёр улсад ялгаатай зүйл ч олон бий. 2009 оны Хүний хөгжлийн индекст Австрали улс 2-т бичигдсэн бол Монгол хаа байсан 115-д оржээ. Монголын нэг хүнд ноогдох ДНБ (PPP) 3 481 ам.доллартай тэнцдэг бол Австралийн дундаж иргэнд 38 910 ам.доллар ноогдож байна. Эдийн засгийн хөгжлийн хувьд бид Австралиас дор хаяж 10 дахин хоцорч явна гэсэн үг. Тэр битгий хэл, дундаж Монгол эрэгтэй 64 насалж байхад дундаж Австрали эр 79 насалж байна. Аль ч үзүүлэлтийг харсан Австраличууд Монголчуудаас илүү хангалуун, илүү баталгаатай амьдарч байгаа юм.

Эдийн засгийн бүтэц, хүн ам, газар нутгийн хувьд төсөөтэй зүйл ихтэй учраас Австрали улс Монголчуудад их ойр санагддаг. Тийм ч учраас бид Австралиас суралцаж, тэдний жишгийг дагахыг эрмэлздэг. Тэгвэл Австраличуудад ч гэсэн Монголчуудаас суралцах зүйл байжээ.

2006 оны 5-р сарын 12-нд Улсын Их Хурал “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль”-ийг баталсан билээ. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар нэрээр Монголчуудад танил болсон энэ хуулийн хүчинд “Монгол улсыг хөгжүүлэх сан”-д 1.2 их наяд төгрөг төвлөрч, дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг санхүүжүүлсэн юм.

Түүхий эдийн салбар дэлхийн зах зээлийн ханш, түүний савлагаанаас ихээхэн хамааралтай байдаг. 1998-1999 онд зэсийн үнэ шалдаа бууж, Монгол улсын төсөв хүнд байдалд орж байсныг санаж байна уу? Аз болж сүүлийн жилүүдэд алт, зэс болон бусад ашигт малтмалын үнэ нэмэгдэх болсон. Харамсалтай нь үнийн өсөлтөөс Монголын ард түмэн хангалттай ашиг хүртэж чаддаггүй. Түүхий эдийн үнэ унахад Монголын ард түмэн хамгийн ихээр хохирдог атал үнэ өсөхөд юу ч олж долоодоггүй шударга бус тогтолцоотой.

Зах зээл дээрх үнийн өсөлт уул уурхайн компанийн үйл ажиллагаанаас шууд хамаардаггүй. Учир нь үнийн хэлбэлзэл бол тухайн ашигт малтмалын хомсдмол чанарыг илтгэх зах зээлийн хэмжүүр юм. Иймд нөхөн сэргээгддэггүй байгалийн баялгийн үнэлгээг бусад салбарынхтай адилтгаж болохгүй. Тийм ч учраас хууль санаачлагчид үнийн өсөлтөөс орж ирсэн гэнэтийн ашгийг өндөр хувиар татваржуулж, баялгийг тэгш хуваарилах зарчмыг баримталжээ.

Гэнэтийн ашгийн татвар Монгол улсын нутаг дэвсгэрт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эдийн засгийн хөшүүргийг бий болгох давхар зорилготой байв. Зэс хайлуулах үйлдвэр байгуулах нь Монгол улсад үйлдвэрлэл хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах байлаа. Энэ бүхнийг хөрөнгө оруулагчид эсэргүүцэж, Монгол шиг ийм татвартай улс орон дэлхийд хаана ч байхгүй гэдгийг барин тавин нотолж байсан юм. Тэд удаа дараалан Австралийн жишээг дурдаж, “Австрали шиг бай л даа” гэцгээж байв.

Тэгвэл 2010 оны 5-р сард буюу дөрвөн жилийн дараа Австралийн Засгийн газар RESOURCE SUPER PROFITS TAX буюу баялгийн онцгой ашгийн татварыг санаачилжээ. Энэ нь гэнэтийн ашгийн татвартай ижил төстэй санаачлага юм. Үнэ болон ашгийн хэлбэлзэл ихтэй уул уурхайн салбарын татварын тогтолцоог тухайн салбарын ашиг орлоготой нь уяж өгөх ёстой гэсэн үндэслэлтэй. Шинэ хууль 2012 оны 6-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Хуулийн танилцуулгын оршилд, “Австралийн нутаг дэвсгэр дэх байгалийн баялаг бол Австраличуудын өмч мөн” гэжээ. Мөн “өнөөгийн татварын тогтолцоо Австраличуудын эрх ашигт бүрэн дүүрэн нийцэхгүй байгаа тул татварын шинэтгэл хийх зайлшгүй шаардлага тулгарсан” гэсэн байна. Эцэст нь, уул уурхайн компаниудын илүүдэл ашгийн 40 хувийг татваржуулах саналыг дэвшүүлжээ.

Өнөөг хүртэл Австралийн Засгийн газар уул уурхайн компаниудаас роялти буюу нөөц ашигласны төлбөр суутгаж ирсэн. Роялтигийн хувьд, түүхий эдийн үнэ огцом өсөхөд татварын орлого үнийн өсөлтийн хувь хэмжээгээр нэмэгддэггүй сул талтай. Австралид үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын орлого сүүлийн жилүүдэд огцом өссөн ч, төлсөн татварын хэмжээ нь төдий чинээ нэмэгдээгүй байна (Хүснэгт 1). Нөөц ашигласны төлбөрийн оронд онцгой ашгийн татварыг ноогдуулах нь төсвийн орлогыг зах зээлийн үнийн өсөлттэй уяж өгөх давуу талтай гэдгийг хууль санаачлагчид онцолж байгаа юм.

Аргачлалын хувьд, уул уурхайн компанийн орлого, зардлыг тооцоолох замаар татвар ноогдуулах ашгийн хэмжээг тодорхойлно. Өөрөөр хэлбэл компанийн нийт орлогоос хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал болон өмнөх жилийн алдагдлыг хасах юм. Бас нэг хасагдуулга бий. Энэ нь тайлант жилд элэгдэлд ороогүй үндсэн хөрөнгөд хүү тооцсон мөнгөн дүн байна. Хүүний хэмжээ 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын хүүтэй тэнцэнэ (өнөөдрийн хувьд уг бонд 6 хувийн хүүтэй байгаа). Энэ нь Засгийн газраас уул уурхайн компаниудад олгож байгаа татварын урамшуулал аж.

Холбоотой нийтлэл:

Түүхий Эдийн Үнийн Чиг Хандлага 2000 оны эхэнд дэлхийн...



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.