Нүүр » HeadlineBagana, №003, Багана, Улс төр

Тоглоомын дүрэм буюу сонгуулийн тухай хууль

[3 July 2010 | Б.Жаргалан]

Ардчилсан хувьсгалын хүчинд бид хаана яаж амьдрах, ямар боловсрол эзэмших, ямар ажил эрхлэх, ямар бараа худалдаж авах, ямар даргатай байх гээд л бүх зүйлд сонголт хийх эрхтэй болсон нь үнэн. Харин сүүлийн хорин жил бид өөрсдийн сонголтдоо захирагдан амьдрах арга ухаанд суралцаж байна. Хийсэн сонголтын минь үр дүн сайн ч байж болно, муу ч байж болно. Буруу сонголт хийх нь хүртэл хувь хүний асуудал учраас хүн бүр сонголтынхоо хариуцлагыг хүлээх ёстой.

Австрийн эдийн засагч, социологич Йозеф Шумпетер ардчиллыг “өрсөлдөөнт сонгууль бүхий төрийн тогтолцоо” гэж томьёолсон байдаг. Төрийн түшээдээ чөлөөт сонгуулийн зарчмаар сонгоно гэдэг бол ардчиллын үндсэн шалгуур юм. Өөрөөр хэлбэл, ардчилал бол сонголт. Харин бид ардчиллыг илүү өргөн хүрээнд төсөөлж, хангалуун сайхан амьдрал авчирна гэдэгт итгэж байсан. Гэтэл бүх зүйл тийм амар байсангүй. Баян хоосны ялгаа даамжирч, ажилгүйдэл, авилгал газар авч, ард түмэн сонгуулиас сонгуулийн хооронд амьдрах болов. Төр засаг сайн ажиллахгүй байна гэж хүн болгон ярьдаг ч, төрийн түшээдийг бид өөрсдөө л сонгож байгаа. Бид буруу сонголт хийгээд байна уу, аль эсвэл сонголтын маань өгөгдөл буруу байна уу?

Бидний сонгох, сонгогдох эрх Монгол улсын Сонгуулийн тухай хуулиар зохицуулагддаг. Тоглоомын дүрэм нь тийм. Сүүлийн үед энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал эрчимтэй яригдаж, зарим хүмүүс нийгмийн бузар булай бүхнийг сонгуулийн тогтолцоо руу чихэж, асуудлыг хэт хялбарчилж байна. Пропорциональ нь илүү сайн л гэнэ, мажоритар Монголд тохирдоггүй л гэнэ. Асуудлын мөн чанар “пропорциональ, мажоритар”-даа байна уу, үгүй юу?

Дэлхийн 199 улс орны 91 нь мажоритар, 72 нь пропорциональ хэлбэрээр сонгуулиа явуулдаг гэсэн 2004 оны судалгаа бий. Сонгуулийн тогтолцоо гэдэг бол сонгогчийн саналыг тоолж, парламентын суудал хуваарилах математик аргачлал юм. Мажоритар нь олонхийн саналын зарчмыг баримталдаг бол пропорциональ нь хувь тэнцүүлэх зармыг баримталдаг. Ердөө л энэ. Аль аль нь өөрийн гэсэн давуу тал болон сул талтай. Ямар хувилбарыг сонгох нь “Сонгууль ямар үүрэгтэй вэ”, “Засгийн газар яаж ажиллах ёстой вэ” зэрэг асуултад яаж хариулахаас шалтгаалах ба ардчилсан засаглалын талаарх суурь үзэл баримтлалд тулгуурлагдах учиртай. Товчхондоо, мажоритар сонгуулийг дэмжигчид “сонгуулиар олонхийн санал авсан нам засгийн эрхийг барих ёстой” гэж үздэг бол пропорциональ сонгуулийг дэмжигчид “сонгогч бүрийн санал парламент болон Засгийн газарт тусгалаа олох ёстой” гэдэгт итгэдэг. Энэ хоёр тогтолцооны онцлог шинж чанарыг дараах хүснэгтээр харуулав.

МАЖОРИТАР СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО

Тухайн тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялалт байгуулсанд тооцох ёстой гэсэн олонхийн зарчмыг баримталдаг. Тухайлбал, бусад бүх нэр дэвшигч 1-хан санал авсан тохиолдолд 2 санал авсан нэр дэвшигч сонгогддог. Олон мандаттай тойрогтой тохиолдолд нэр дэвшигчдийг авсан саналынх нь тоогоор эрэмбэлж, мандатын тоогоор суудал хуваарилна. Мажоритар сонгуулийн нөлөөнд улс төрийн орчинд хоёр намын тогтолцоо төлөвших магадлалтай гэж судлаачид үздэг.

ДАВУУ ТАЛ СУЛ ТАЛ
Аль нэг нам сонгуульд үнэмлэхүй ялж, дангаараа Засгийн газар байгуулах магадлалтай ба хүчтэй сөрөг хүчин бий болдог. Олонхийн зарчим нь суурь сайтай, томоохон улс төрийн намуудад давуу байдал олгодог ба тодорхой асуудлын хүрээнд нэгдсэн, жижиг намуудад халгаатай.
Улс төрийн нам, нэр дэвшигчтэй хариуцлага тооцох буюу мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй тохиолдолд дараагийн сонгуулиар шийтгэж, засгийн эрхийг сөрөг хүчинд шилжүүлэх бүрэн боломжтой. Сонгогчдын саналын багагүй хувь гээгддэг учраас санал хуваагдсаны улмаас дэмжлэг багатай нэр дэвшигч сонгогдох магадлалтай.
Газарзүйн төлөөлөл илэрхий учраас парламентын гишүүн, сонгогчид нягт уялдаа холбоотой хамтран ажиллах нөхцөл бүрэлддэг. Дов жалганы үзэл газар авч, парламентын гишүүд тойргийнхоо сонгогчдын нөлөөнд хэт автах магадлал ихэсдэг.
Хувь хүн болон улс төрийн намын фактор хоёулаа чухал үүрэгтэй байдаг тул хүчтэй бие даан нэр дэвшигчид сонгуульд ялалт байгуулах боломжтой. Олонхийн саналыг цуглуулахад чиглэсэн популист амлалт бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлэх шаардлагатай болдог.

ПРОПОРЦИОНАЛЬ СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО

Аль нэг нам эвсэл тойргийнхоо нийт сонгогчдын тодорхой хувийн саналыг авсан бол тус тойрогт ноогдох парламентын суудлын мөн хувийг авах ёстой гэсэн хувь тэнцүүлэх зарчмыг баримталдаг. Өөрөөр хэлбэл, 10 мандаттай тойргийн нийт сонгогчдын 50 хувийн саналыг авсан нам нийт мандатын 50 хувь буюу 5 мандат авах ёстой. Пропорциональ сонгуулийн нөлөөнд улс төрийн орчинд олон намын тогтолцоо төлөвших магадлалтай гэж судлаачид үздэг. 

ДАВУУ ТАЛ СУЛ ТАЛ
Дийлэнх сонгогчдын санал УИХ-д тусгалаа олдог буюу санал гээгдэх явдал бага. Аль нэг нам олонхийн суудал авах магадлал багасдаг тул эвслийн Засгийн Газар байгуулагдаж, жижиг намуудын шахалтанд орох магадлалтай.
Төр засгийн бодлого парламентад төлөөлөлтэй намуудын бодлогын нийлбэрээс урган гарч, өргөн цар хүрээг хамардаг. Том намууд цаг ямагт тодорхой тооны суудлаа хадгалж үлддэг ба сонгуулиас сонгуульд Засгийн газарт багтсаар байдаг тул улс төрийн намуудад хариуцлага тооцох боломж хомс.
Босго давсан жижиг намууд авсан саналынхаа хэмжээгээр парламентад төлөөлөлтэй болдог. Улс төрийн намуудын удирдлагад хэт их эрх мэдэл төвлөрдөг ба бие даан нэр дэвшигчдэд халгаатай.
Нэр дэвшигчид орон даяар сурталчилгаа хийх шаардлагатай байдаг тул нийтийн эрх ашиг хөндсөн мөрийн хөтөлбөр дэвшүүлэх нь элбэг. Парламентын гишүүн, сонгогч хоорондын уялдаа холбоо үлэмж багасдаг.

5 СОНГУУЛЬ, 5 ПАРЛАМЕНТ

1992 онд Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдснаас хойш УИХ-ын сонгууль 5 удаа зохион байгуулагджээ. Энэ богино хугацаанд бид сонгуулийн тогтолцоогоо хоёр удаа өөрчилсөн. 1992 оны томсгосон тойрог бүхий мажоритар сонгуулийн хүрээнд аймаг дүүргүүдийг нэг тойрог болгон, тойрог тус бүрээс 2-4 хүнийг сонгосон бол 1996, 2000, 2004 оны сонгуулиар Монгол улсыг 76 жижиг тойрогт хувааж, тойрог тус бүрээс 1 хүнийг УИХ-д сонгож байв. Улмаар 2008 онд буцаад томсгосон тойрог руу  шилжсэн билээ.

Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулаад улс төрчид болон улс төр судлаачид мажоритар тогтолцоо Монгол улсад тохирохгүй болохыг дуу нэгтэйгээр батлах болов. Тэднийхээр бол, пропорциональ руу шилжсэн тохиолдолд дов жалганы үзэл устаж, мөнгө тараах, мөрийн хөтөлбөрөө мөнгөний амлалтаар чимэх явдал арилах гэнэ. Сонгуулийн тухай хуулийг өөрчилснөөр 7-р сарын 1-ний гашуун туршлага буюу хэл ам, хээл хахууль дагуулсан сонгуулийн будлиан, сонгогчдын саналыг худалдаж авахыг санаархсан нэр дэвшигчид мартагдах юм байх.

Пропорциональ тогтолцоо руу шилжсэнээр Монголын улс төр цэвэршинэ гэдэгт итгэж суугаа гэнэн гэмээр сонгогч бидэнд тоо баримтад үндэслэсэн бодит судалгаа үзүүлэх улс төрч, нам эвсэл ховор байна. Иймд “Ес далан зургаа” сэтгүүл өнгөрсөн 5 сонгуулийн дүнд бичил анализ хийж үзсэн юм.

УИХ-д өргөн баригдсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёр хуулийн төсөл хоёулаа пропорциональ тогтолцоог санал болгож буй. Д.Лүндээжанцан нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд Монгол улсыг нэг тойрог болгож, улс даяар санал хураах ба сонгогчид зөвхөн нэг нэр дэвшигчид санал өгнө гэжээ. Түүнчлэн, сонгогчдын саналд 7 хувийн босго тогтоож, түүнийг даваагүй нам эвсэл, бие даан нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний мандат хуваарилахгүй гэсэн байна. Бид энэ хувилбарт түшиглэн өмнөх сонгуулиудын дүнг загварчилсан болно.

Өөрөөр хэлбэл, өмнөх таван удаагийн сонгууль улсын хэмжээнд 1 тойрогтой, 7 хувийн босготой пропорциональ хэлбэрээр явагдсан бол УИХ-д намууд хэдэн суудал авах байсан бэ гэдгийг харуулахыг зорив. Мэдээж хэрэг тухайн үед өөр хууль үйлчилж байсан болохоор намуудын мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийн жагсаалт зэрэг нь тухайн эрхзүйн орчиндоо тохирсон шийдэлтэй байсан, иймд загварчилсан дүнг шууд утгаар нь ойлгож болохгүй гэдгийг сануулъя.

Шинэ Үндсэн хууль батлагдсны дараах анхны сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Тэд нийт сонгогчдын 56.9%-ийн итгэлийг хүлээсэн хирнээ УИХ-ын 76 суудлын 92.1%-ийг авсан нь мажоритар сонгууль маш олон иргэдийн саналыг хөсөр хаядаг гэсэн шүүмжлэлийн тодорхой жишээ. 1992 онд МоАН, МҮДН, НН нар эвсэл байгуулан сонгуульд оролцсон хэдий ч, МСДН болон бусад намууд бие даан өрсөлдсөн нь сонгогчдын саналыг хуваажээ. Учир нь олон намын тогтолцоонд дөнгөж шилжиж байсан энэ үед иргэд улс төрийн хүчнүүдийг “МАХН ба бусад” гэсэн өнцгөөс харж байв. Хэрэв 1992 оны сонгууль 7 хувийн босготой, пропорциональ хэлбэрээр явагдсан бол МАХН 51, МоАН, МҮДН, НН-ын эвсэл 16, МСДН 9 суудал авах байжээ. Өөрөөр хэлбэл, МАХН Засгийн газар байгуулах хэмжээний төлөөлөлтэй болох байсан ч, 25 гишүүнтэй хүчтэй сөрөг хүчин бий болох байлаа. Харин бие даан нэр дэвшигч сонгогдох боломжгүй болох байжээ.

1996 оны сонгуульд ардчиллын төлөөх томоохон намууд эвсэл байгуулан оролцсон нь үр дүнгээ өгсөн юм. “Ардчилсан Холбоо” эвсэл УИХ-д 50 суудал авснаар Засгийн газар байгуулах эрхтэй болов. Энэ удаад мажоритар тогтолцооны гажуудлыг МАХН амссан ба тухайн үед пропорциональ аргачлал мөрдөгдөж байсан бол МАХН-д 10 илүү суудал ноогдох байжээ. “АХ” эвсэлд багтсан намууд 1992 оны сонгуулиас суралцаж, эвсэл байгуулан сонгуульд оролцсон боловч дотоод зөрчлийнхөө улмаас Засгийн газраа удаа дараалан огцруулсан нь улмаар 2000 оны сонгуулийн дүнд нөлөөлсөн гэлтэй. Анх удаа Засгийн эрх барьж буй хэдхэн жилийн түүхтэй “АХ” эвслийн намуудад улс төрийн туршлага, сахилга бат, нэгдсэн бодлого дутагдаж байсан нь илт байв.

2000 онд 1992 оны гашуун туршлага давтагдсан юм. Дөрвөн жилийн туршид сөрөг хүчний үүргийг гүйцэтгэсэн МАХН энэ удаад Засгийн эрхийг буцааж авсан төдийгүй, сөрөг хүчингүй парламентыг байгуулж дөнгөв. Энэ нь “АХ” эвсэл задарсантай холбоотой. 1996 онд “АХ” эвсэлд багтаж байсан МСДН сонгуульд бие даан оролцсон төдийгүй С.Зориг агсны дүү С.Оюун Иргэний Зориг Намыг, Б.Эрдэнэбат “Эх орон – МАШСН”-ыг байгуулан сонгогчдын саналыг хуваасан нь МАХН-д ялалт авчирсан юм. Түүнчлэн, “Эх орон – МАШСН” хэмээх цоо шинэ нам анх удаа сонгуульд оролцсон хирнээ ард иргэдийн 11%-ийн саналыг авсан нь хөрөнгө мөнгө зарсан сонгуулийн сурталчилгаа ямар үр дүнтэй байдгийг харуулсан гэж хэлж болно. Хэрэв тухайн үед пропорциональ тогтолцоотой байсан бол 73 тойрогт өрсөлдсөн Б.Эрдэнэбатын нам УИХ-д 10 суудалтай болох байлаа.

2000 оны сонгуульд үнэмлэхүй ялагдсан МҮАН, МСДН нарын таван нам 2000 оны 12-р сарын 6-нд нэгдсэн хурал хийж, Ардчилсан намыг байгуулав. Өмнөх сонгуулиудад санал хуваагдсаны улмаас ялагдаж байсан ардчиллын төлөөх намууд ийнхүү нэгдэж чадсан нь 2004 оны сонгуульд амжилттай оролцох боломжийг нь бүрдүүлсэн юм. Сонгуулийн өмнөхөн Ардчилсан нам, “Эх орон-МАШСН”-тай эвслийн гэрээ байгуулсан нь санал хуваагдах явдлыг зогсоосон боловч эвслийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь Ардчилсан намын гишүүдийн нэр дэвших боломжийг хязгаарласан билээ. Тийм ч учраас зарим гишүүд нь бие даан нэр дэвшиж, улмаар Р.Амаржаргал, Я.Санжмятав, Д.Одхүү нарын гурван бие даагч УИХ-д сонгогдсон юм. Хэрэв тэд “Эх орон – Ардчилал” эвслээс нэр дэвшсэн бол тус эвсэл УИХ-д 39 суудалтай олонх болох байлаа. Эцсийн бүлэгт УИХ-д тэнцүү суудал авсан МАХН, “Эх орон – Ардчилал” эвсэл хоёр эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээр хийж, тохиролцоонд хүрсэн билээ. Хэрэв тухайн үед одоогийн яригдаж буй хууль үйлчилж байсан бол бие даан нэр дэвшигчид сонгогдох боломжгүй болж, МАХН нийт 40 суудал авах байлаа. Түүнчлэн, 2004 оны сонгуульд “Эх орон-Ардчилал” эвсэл “Хүүхэд бүрт 10 000 төгрөг олгох” заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгаж, МАХН “Шинэ гэр бүлд 500 000 төгрөг олгоно” хэмээн хариу барьснаар мөнгөний амлалтын уралдаан эхэлсэн юм. Энэ удаад сонгогчдын санал гээгдэх явдал харьцангуй бага байсан нь цөөн нам сонгуульд өрсөлдсөнтэй холбоотой.

2004 оны сонгуульд харьцангуй цөөн буюу 7 нам эвсэл сонгуульд өрсөлдсөн бол 2008 онд энэ тоо 12 болон нэмэгджээ. Иргэний хөдөлгөөнийхөн нам байгуулж, Ногоон намтай хамтран “Иргэний эвсэл” нэрээр сонгуульд өрсөлдсөн нь шинэ зүйл байлаа. Гэвч олон нам өрсөлдөх үед Ардчилсан намын санал хуваагдаж, МАХН-ын хувьд таатай нөхцөл бүрддэг үзэгдэл энэ удаад давтагдсангүй. Сонгогчид улс төрийн хүчнүүдийг “МАХН ба бусад” гэж дүгнэдэг байсан бол улс төрийн намуудын төлөвшлийн явцад “МАХН, Ардчилсан нам ба бусад” гэсэн хандлага бий болсон нь харагдаж байна.

Олон мандаттай томсгосон тойргийн харгайгаар нэр дэвшигчид бусад намуудын нэр дэвшигчидтэй төдийгүй нам дотроо өрсөлдөж байсан нь томсгосон тойргийн сул талыг харуулсан юм. Сонгогч тус бүр 2-4 нэр дэвшигчийг дугуйлах эрхтэй байсан нь шинээр байгуулагдсан жижиг намууд болон бие даан нэр дэвшигчдэд боломж олгосон хэдий ч, тэдний төлөөллөөс ердөө 3 нэр дэвшигч сонгогджээ. Тухайн үед одооны яригдаж байгаа пропорциональ тогтолцоо үйлчилж байсан бол МАХН, Ардчилсан нам хоёр сонгогчдын саналыг 40:36 харьцаатайгаар хувааж авах байлаа. Энэ хоёр нам нэг нэгтэйгээ өрсөн Эрдэнийн хувь, Эх орны хишиг хөтөлбөрүүдийг зарлаж, их хэмжээний мөнгөн амлалтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан нь сонгуулийн дунд нөлөөлсөн гэлтэй. Сонгогчдод мөнгө тараасан, санал худалдаж авсан, сонгуулийн булхай газар авсан гэх асуудал даамжирч, улмаар 7-р сарын 1-ний эмгэнэлт үйл явдлыг дагуулсан билээ.

ХУУЛЬ ЯМАР НӨЛӨӨТЭЙ ВЭ?

Өмнөх сонгуулиудын дүнг харахад санал хуваагдах явдал сонгуулийн үр дүнд хүчтэй нөлөө үзүүлж байсан нь харагдаж байна. Энэ нь намуудыг эвсэж нэгдэхэд хүргэж, мажоритар сонгууль хоёр намын тогтолцоо руу түлхдэг гэсэн онолын гаргалгааг баталж байгаа юм. 1992 – 2004 онд ардчиллын төлөөх гэгддэг намууд МАХН-ын эсрэг хүчээ хавсран нэгдсэн үедээ сонгуульд амжилт үзүүлж байсан бол задарсан үедээ ялагдаж байв. Тухайлбал, 1992 оны сонгуульд ялагдсан намууд 1996 онд “Ардчилсан Холбоо” эвслийг байгуулан засгийн эрхийг авсан бол эвсэл задарсны улмаас 2000 оны сонгуульд МАХН-д очсон. Эдгээр намууд 2004 оны сонгуулиар алдаагаа залруулж, “Эх орон – Ардчилал” эвслийг байгуулснаар сонгуульд амжилттай оролцож, улмаар Засгийн эрх барих эвслийн бүрэлдэхүүнд багтсан билээ.

Харин 2008 оны сонгууль арай өөр түүхтэй байлаа. Ардчилсан нам сонгуульд бие даан оролцсон боловч санал хуваагдах явдал нэг их ажиглагдсангүй. 1992, 2000 оны сонгуулийн нэгэн адил Ардчилсан нам дотор задрал явагдаж, урьд өмнө эвсэж байсан намууд болон нэр бүхий гишүүд нь салж явсан ч, энэ нь Ардчилсан намын саналд сөрөг нөлөө үзүүлээгүй юм. Олон жилийн туршлага хуримтлуулсан Ардчилсан нам харьцангуй тогтворжиж, сонгуульд тогтмол амжилт үзүүлэх буюу МАХН-тай ан ман өрсөлдөх түвшинд хүрсэн гэж дүгнэж болохоор байна. Өөрөөр хэлбэл, мажоритар тогтолцооны нөлөөнд хоёр хүчтэй нам бүрэлдэн буй болох улс төрийн нөхцөл бүрджээ.

Пропорциональ тогтолцооны загварчилсан дүнг харахад, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй тохиолдолд жижиг намууд босго хувийг давж, УИХ-д төлөөлөлтэй болно гэдэг боломжгүй шахуу зүйл мэт харагдаж байна. Босго хувь 7 биш 5 байсан ч гэсэн, түүнийг давах жижиг нам алга. Энэ дүгнэлтийг сөрөх цорын ганц үзэгдэл бол 2000 оны сонгуульд сонгогчдын 11%-ийн саналыг авсан “Эх орон – МАШСН” юм. Тухайн үед асар их мөнгө хаяж улс орон даяар сурталчилгаа явуулсан “Эх орон – МАШСН” парламентад 10 суудалтай болох нөхцлийг хангажээ. Пропорциональ сонгууль жижиг намуудад давуу тал олгодог нь хэн нэгэн мөнгөтэй этгээд бие дааж нам байгуулаад хүчтэй сурталчилгаа явуулснаар парламентад бүлэг байгуулах хэмжээний төлөөлөлтэй болж орхивол яах вэ гэсэн болгоомжлолыг дагуулж байгаа юм.

Сант марал сангийн 2010 оны 4-р сарын Улс төрийн барометрын судалгааг харахад, сонгогчид жижиг намуудыг төдийлөн дэмжихгүй байна. МАХН, АН хоёрт итгэл үзүүлэх сонгогчдын тоо төсөөтэй байгаа бол жижиг намууд рейтинг муутай байгаа юм. Түүнчлэн, сонгогчдын нилээд өндөр хувь бие даан нэр дэвшигчдэд саналаа өгнө гэсэн нь анхаарал татаж байна. Монголын сонгогчид бие даагчдыг жижиг намуудаас илүүд үзэж байгаа нь хувь хүний факторыг чухалчилдаг болохыг илтгэнэ. Гэтэл пропорциональ тогтолцоо намын хүчин зүйлд илүү их ач холбогдол өгдөг. Өөрөөр хэлбэл, сонгогчдын хүсэл хуулийн төслийн үзэл баримтлалтай зөрчилдөж байж болох юм.

Өнгөрсөн хугацаанд бид бага ч атугай улс төрийн туршлага хуримтлуулжээ. Улс төрийн намууд богино хугацаанд төлөвшдөггүй учраас Монголын улс төр өнөөг хүртэл алдаа оноотой, асуудалтай хэвээр байна. Гэхдээ бид тоглоомын дүрмээ тоглох болгондоо өөрчлөөд байвал төлөвших үйл явц улам бүр удааширч, улс төрийн тогтворгүй байдал үргэлжилсээр байх болно. Ямар тогтолцоо сонгох нь сонин биш, нэгэнт хийсэн сонголтоо хамгаалах нь чухал байгаа юм. Улс төрийн намууд нь ч тэр, сонгогчид нь ч тэр, улс төрийн туршлагаа зузаатгаж, тоглоомын дүрмээ ягштал баримталж сурмаар байна. Эс тэгвээс, пропорциональ нь байна уу, мажоритар нь байна уу – ямар ч ялгаа гарахгүй л болов уу.

МӨНГӨ ХЭЗЭЭД ХҮЧТЭЙ

Пропорциональ тогтолцоогоор сонгуулиа явуулбал нэр дэвшигчид мөнгө тарааж, сонгогчдын саналыг худалдаж авах явдал багасна гэж ярьдаг. Тоо бодож үзье. 2008 оны УИХ-ын сонгуульд 1,179,448 сонгогч санал өгсөн байна. Тэгвэл 2012 оны сонгуулиар 1.2 сая сонгогч санал өгнө гэж бодъё. УИХ-д өргөн баригдсан сонгуулийн тухай хуулийн төсөлд 7% босгыг давсан бие даан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно гэсэн заалт бий. 1.2 сая саналын 7% нь 84 мянган санал юм. Өөрөөр хэлбэл, 84 мянган хүний санал авсан нэр дэвшигч автоматаар сонгогдоно гэсэн үг. Энэ нь ойролцоогоор 2-3 аймаг, дүүргийн сонгуулийн насанд хүрсэн иргэдийн тоо. Өөрөөр хэлбэл, сонгогдохыг хүссэн нэр дэвшигч дор хаяж 2-3 аймаг, дүүрэгтэй тулж ажиллах шаардлагатай бөгөөд бат араанд нь хийе гэвэл 4-6 аймаг дүүргийн сонгогчдын “найрах” хэрэгтэй болно.

Ойрын үед уул уурхайн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгдэж, Монголын эдийн засгийн багтаамж жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна. 2008 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч дунджаар 23 мянган санал авсан билээ. Баячууд нь баяжиж, ядуус нь ядуурсаар байгаа тохиолдолд эрх мэдлээ бэхжүүлэх хүсэлтэй хүмүүсийн хувьд, 84 мянган хүний саналыг худалдаж авах нь 23 мянган хүний саналыг худалдаж авахаас нэг их ялгагдахгүй болов уу. Яаж ч бодсон, сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр мөнгө тараах явдал арилна гэдэгт итгэхэд бэрх. Санал худалдаж авахдаа тулбал худалдаад л авчихна, гагцхүү мөнгөний хэмжээ нь л нэмэгдэнэ. Нэг саналыг 50 000 төгрөгөөр үнэлбэл 84 мянга сонгогчид мөнгө тараахад 4.2 тэрбум төгрөг шаардагдана гэсэн үг. Оюу Толгой, Таван Толгойн тэрбумуудын хажууд жижиг мөнгө гэлтэй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр мөнгөний сонгууль улам бүр газар авах юм биш биз?

СОНГУУЛИЙН ИРЦ

Сонгуулийн ирц жилээс жилд буурч байгаа ч, хүн амын насжилт ихсэж байгаагийн улмаас сонгуулийн насанд хүрсэн иргэдийн тоо болон санал өгсөн сонгогчдын тоо нэмэгдсээр байгаа юм.

ЗАЛУУС ХААЧИХ ВЭ?

Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь төрийн тогтолцоог сайжруулахаас илүүтэй өнөөгийн “намын лидерүүдийг” 2012 оны сонгуульд авч гарах арга мэх байж болох талтай. МАХН нь ч бай, АН нь ч бай, 1990 оноос хойш улс төр хийсэн, хэд хэдэн сонгуульд ялсан хэдий ч нэр нүүрээ барж дууссан, ирэх сонгуулиар тойргоосоо гарах нь өнгөрсөн “лидер” олонтой. Тойргоосоо гарч чадахгүй ч намын жагсаалтад дээгүүр бичигдэх магадлалтай, улс даяар танигдсан хуучин гишүүдийн хувьд, сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь суудлаа авч үлдэх цорын ганц боломж байж болох юм. Тийм ч учраас тэд намын жагсаалтаар санал хураах пропорциональ сонгуулийг хоёр гараараа дэмжиж байгаа.

Улс төрийн барометрын судалгааг харахад, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй ч, урьд нь хариуцлагатай алба хашиж байсан хүмүүс “Топ 10 улс төрч” ангилалд тогтмол багтсаар байдаг. Үүнтэй нэгэн адил, улс орон даяар санал хураалт явуулбал асар олон нэр дэвшигчийн дунд балмагдсан сонгогч нэр нь танил сонсогдох эсвэл зурагтаар байнга гардаг цөөн хэдэн хүмүүсийг дугуйлж орхино. Өөрөөр хэлбэл, улс төрийн амьдралд шинэ салхи оруулах магадлалтай залуусын төлөөлөл ор тас орхигдож мэдэх юм. Энэ нь хуучин хуультайгаа зууралдаж сууснаас ч илүү хор уршигтай байж болох. Иргэд өөрсдийн сонгосон гишүүд болон намуудтай хариуцлага тооцож, дахин итгэл хүлээлгэх эсэхээ сонгуулиар шийддэг. Энэ янзаараа бол 2012 оны сонгууль арай өөр замаар явах гээд байх шиг.

ҮНДСЭН ХУУЛЬ

Монгол улсын Үндсэн хуульд, “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу сонгогчид УИХ-ын гишүүнээ ШУУД сонгох ёстой. Өөрөөр хэлбэл, сонгогч нам эвслийн төлөө санал өгөх бус, хэн нэгэн нэр дэвшигчийн нэрийг дугуйлах ба энэ нь сонгогч, УИХ-ын гишүүний төлөөллийн зарчмыг хамгийн ойлгомжтойгоор томьёолсон хувилбар юм. Сонгуулийн тухай хуулийг шинэчилж, пропорциональ руу шилжих болсон тохиолдолд зайлшгүй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй болно.

5 ПАРЛАМЕНТ, 10 ГАРУЙ ЗАСГИЙН ГАЗАР

Байгууллагууд ажлын байрны зар өгөхдөө “тогтвор суурьшилтай ажиллах” гэсэн шалгуур дэвшүүлдэгтэй адил бид ч бас Засгийн газраасаа тогтвор суурьшилтай ажиллахыг шаардах эрхтэй. Учир нь улс төрийн тогтвортой байдал Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаалдаг ба тогтвортой Засгийн газар л ирээдүй өөд чиглэсэн хөгжлийн бодлого боловсруулах чадамжтай байна. Гэтэл сүүлийн 18 жилийн хугацаанд УИХ-ын бүрэлдэхүүн 5 удаа өөрчлөгдөхөд Монгол улс 10 өөр Ерөнхий сайдын нүүрийг үзжээ. Аль нэг нам сонгуульд ялалт байгуулаагүй тохиолдолд эвслийн засгийн газар байгуулагдаж, улс төрийн зөвшилцөл нэрийдлээр суудал наймаалцах явдал газар авдгийг 2004 оны сонгуулийн дараах үйл явдал харуулсан. Иймд сонгуулийн тогтолцоо төр засгийн үйл ажиллагааг тогтвортой байлгахад чиглэгдэх нь хамгаас чухал юм.

Холбоотой нийтлэл олдсонгүй.



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.