Нүүр » №003, Багана, Хэн юу гэв?

Хэн юу гэв №3

[1 July 2010 | Ес далан зургаа]

“Ес далан зургаа” сэтгүүлийн “Хэн юу гэв?” булан өдөр тутмын сонин хэвлэл, мэдээллийн вебсайтуудад нийтлэгдсэн ярилцлага, нийтлэлийг шүүрдэж, сонирхолтой ишлэлийг цуглуулдаг билээ. 2010 оны 5, 6-р сард хэн юу гэж хэлсэн бэ?

Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүдэд Оюутолгойн төсөв, зардал, бүтэц зохион байгуулалтын талаар хангалттай мэдээлэл ирүүлээгүй.

МУ-ын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, “Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн П.Цагаан (2010.06.24)

Манайд ер нь шок хэлбэрийн мэдээлэл маш хүчтэй нөлөө үзүүлдэг гэдэг индексийг тооцох явцад нь харагдсан.

Хэрэглэгчийн хүлээлтийн индекс гаргаж буй Санхүүгийн зах зээлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Баттулга (2010.06.25)

Монголд улстөрждөггүй салбар гэж байхгүй болсон юм биш үү.

Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж (2010.06.22)

Би хувьдаа Засгийн газрын зарим агентлаг, яамыг үнэхээр залхуу хүмүүс толгойлдог гэж боддог. Юм сэтгэдэггүй, нэг хэв маягт зууралдаад л компьютерийн ард суудаг хэдэн хүнээр толгойг нь түшүүлчихсэн.

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу (2010.06.26)

Хоолны амт гэдэг эхлээд харах, дараа нь дурлах, идэхээр зориглох, зажлах тэгээд залгих, шингээх гэсэн олон дамжлагатай шүү дээ. Улс төр гэдэг өөрийгөө бодсон хүмүүст их амттай юм шиг байгаа юм. Өрөөлийг гэдэг хүнд гашуун юм шиг байгаа юм.

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн (2010.06.10)

Монгол Улс малтай боловч, махгүй байх шиг. Товчхон хэлэхэд стандартын шаардлага хангасан мах алга.

ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд В.В.Самойленко (2010.06.26)

”25-р суваг” телевиз бол арилжааны телевиз. Сонгуулийн сурталчилгаанаас хэн ч зугтаж чаддаггүй юм байна лээ. Гэхдээ би үзэгчдээс юу ч нуулгүй энэ бол сурталчилгаа шүү, гэхдээ хэр итгэл даах хүн бэ гэдгийг нь бодитойгоор харуулахыг зорьсон.

Сэтгүүлч Г.Алтантүрүү (2010.06.18)

МИАТ-д ажиллаж байгаа хүмүүс Монголын хамгийн өндөр цалинг авдаг. Ё.Энхтөр л гэхэд албан бус мэдээллээр сард таван сая төгрөгийн цалинтай юм байна. [..] Гэтэл онцгой байдлаа ашиглаж, биднээс өөр хүн энд ажиллаж чадахгүй гэсэн байдлаар дарамталж сурсан нь ажиглагдаж байна.

ТӨХ-ны дарга Д.Сугар (2010.05.27)

Хорин жилийн дараа нөөц нь дуусахад “Эрдэнэт” компани үгүй болно гэсэн үг. [Бразилийн “Вале” мэт] жишгүүдийг судлан бирж дээр хувьцаа гаргаад явбал тэр мөнгөөрөө дараагийн төслүүдийг худалдаж авах, өөр улсад очоод уурхай гаргах, эсвэл Монголдоо дахин хайгуул хийгээд Оюутолгой шиг орд олоод ч юм уу үргэлжлээд явна шүү дээ. “Эрдэнэт”-ийн энэ ирээдүйг л харахгүй байх шиг санагддаг.

Монголын Олон Улсын Хөрөнгийн Корпорацийн Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ (2010.05.21)

“Монгол 999”- ийн хувьд төсөл дээр Засгийн газартайгаа хамтраад монголчууд бүгдээрээ оролцсон 2.7 сая гаруй хувьцаа эзэмшигчидтэй нэг компани болох зорилт тавьсан.

“Цагаан шонхор холдинг” ХХК-ийн захирал, “Монгол 999 үндэсний нэгдэл” ХК-ий ТУЗ-ийн гишүүн Ч.Энхтайван

[Тавантолгойн хувьд] хэрвээ Ерөнхий сайд С.Батболд Монголын ард түмнийг яг өөр шигээ лиценз эзэмшдэг дэлхийн хэмжээний баян болгох механизмыг гаргаад ирвэл дөрвөн мөчөө өргөөд ч болов дэмжинэ. Харин “Бороогоулд” шиг Монголын ард түмэнд нийт өмчийн хэдхэн хувийг нь өгөөд үлдсэн 90-ээд хувийг нь Канадын луйварчдад өгөх юм бол уучлаарай, бүх мөчөө хөдөлгөөд тэмцэх болно.

“Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав (2010.06.18)

Жингээ нэлээд хассан. 30 кг орчим. Намайг жижиг Сүхбат гэдэг биз дээ. Ард олон насных нь нэрийг зөв олоод өгчихдөг юм байна.

Монгол Улсын далай даян аварга А.Сүхбат (2010.06.25)

Холбоотой нийтлэл олдсонгүй.



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.