80-аад оноос 80-аад он руу эргэн орсон миний түүх
Бага байхдаа шинэ жилийг тэсэн ядан хүлээдэг байж билээ. Ах эгч нар бөөнөөрөө манайд ирнэ… идэж ууна, дуулж бүжиглэнэ. Зурагтаар шинэ жилийн нэвтрүүлэг гарахыг тэсэн ядан хүлээж, Монгол, Орос, бүгдийг нь үзнэ. Заримдаа Орос сувгаар гадаад хамтлагууд гарч биднийг баярлуулдаг байв. Би ч их жоохон байж, ээж аавын нүдийг хариулж байгаад хагас хундага шампанск хулгайгаар уучихаад инээд алдаад л бүжиглээд байсан гэдэг. Одоо бодоход, миний багадаа хийдэг байсан бүжгийн хөдөлгөөн явж явж муу аеробикийн дасгал байсан юм билээ.
Тэр үед Итали дуучид их моодонд орж байсан. Toto Cutugno, Pupo, Al Bano & Romina Power нарын дуунуудыг хэлийг нь мэдэхгүй ч хүн болгон дагаж дуулдаг байсан санагдана. Мөн Германы Modern Talking, Sandra нар их алдартай байсан үе. Манай ээжийн бага дүү тухайн үеийн жинхэнэ хипстер байсан юм. Брейк бүжгийн хамтлагтай, үс засалт, хувцас хунар нь тэр үедээ л панк. Миний хувьд бол түүнээс илүү күүл хүн байхгүй, хурдан том болж, ингэж хувцаслаж, ингэж гангарах юмсан гэж мөрөөддөг байв. Тэр зузаан гэгч нь порлонон мөртэй пиджак, бананан өмд, лакан гутал, хуруугүй савхин бээлийгээр гангарна. Эгчид нэг дэвтэр байсан юм. Kiss, Europe, Motley Crue, Bon Jovi гэх мэт glam rock хамтлагуудын зурагтай, их содон дэвтэр байж билээ. Тэр зургуудыг нь их дуурайлгаж зурдаг байлаа.
Тэр үед (би хаанаасаа ч олж үзсэн юм) Sabrina гэж нэг хүүхний хөхөө гаргах шахсан видео клип (жич: садар самууныг сурталчилсан хэмээн олон оронд хоригдож байсан) жинхэнэ од болж байж билээ. Дээр нь Bananarama гэж гурван хүүхэн улаан чөтгөрийн бие барьсан гялгар хувцастай дуулж байхыг хараад (Venus гэдэг дуу) миний зүрх зогсох шахсан юм. Нохойтой дөрвөн танкчин, Баригдашгүй өшөө авагчид гэх мэт байлдаантай киноноос өөр юм огт үзээгүй толгойд жинхэнэ хувьсгал болсон гэж хэлж болно. Яг юу гэдгийг нь хараахан ойлгоогүй ч, дотор нэг л юм өөр болсныг мэдэрч байлаа.
Удалгүй Берлины хана нурав. Scorpions хамтлагийн шүгэлдэж эхэлдэг дуу (Wind of Change) хаа сайгүй сонсогдох болов. Нас ч арай ахисных, дуу хөгжимд донтож эхэллээ. New Kids on the Block, Vanilla Ice, Whitney Houston, Madonna нарыг мэдэхгүй бол хүн биш. Bravo, Popcorn сэтгүүлтэй бол чи бурхан. Манай эгч лав найзуудаасаа нилээд хэдэн сэтгүүл голруулсан юмдаг. Плакатуудаар нь өрөөгөө чимнэ. Клипүүдийг нь дуурайж бүжиглэнэ. Тэр үед эгчийн ангийн нэг банди (эгчийг найрах гэсэн дээ болов уу) эгчид нэг кассет өгсөн нь Виктор Цой гэгч залуугийн Кино хамтлагийн цомог байсан юм. Урьд нь хэзээ ч сонсож байгаагүй содон хөгжим байлаа. Хамгийн гол нь, би дууны үгийг нь ойлгож байв. Ази царайтайдаа ч тэр үү, нэг л дотно, дуунууд нь зүрхийг минь сугалаад хаячих шиг болно. Үүнээс хойш би дуу хөгжимд өөрөөр хандах болж, рок хамтлагуудыг илүүд сонирхон Guns’n’Roses, Aerosmith нарыг сонсох болов. MTV-гээс хуулсан клиптэй видео кассетуудыг найзууд дундаа гар дамжуулан үздэг байлаа.
Моод Монголоор дуусдаг гэгчээр эргэн тойрны хүмүүс 80-аад оны Rick Astley, Wham, Kylie Minogue, Bangles нарыг сонссоор… Тэгж байтал манайх Польш улс руу нүүв. Тэнд сургуульд суралцах болсноор гадаад найзуудтай болж эхэллээ. Тэр үеийн долдугаар ангийн хүүхдүүд 2Unlimited, Ace of Base, Dr Alban нарыг сонсдог байсан юм. Юм үзээгүй би яаж дутах вэ, кассетуудыг нь захаас авдаг л байлаа.
Манай ангид уртдуу үстэй, байнга хар цамц өмсдөг, бусдаасаа эрс ялгарсан хоёр хүүхэд байсан юм – metalheads (хүнд хөгжим сонсдог хүмүүсийг “төмөр толгойт” гэж дууддаг болохыг мэдэж авав). Тэд зураг зурдгийг минь хаанаас ч юм олж мэдээд надаас мангас, шулам гэх мэт хачин зүйл зураад өгөөч гэж гуйх болов. Бизнес сэтгэлгээ сууж эхэлсэн байсныг хэлэх үү, хариуд нь унших дуртай комиксуудаа авахуулна. Нэг удаа Iron Maiden гэдэг хамтлагийн кассетыг авчраад хавтсан дээрх мангасыг нь зураад өгөөч гэхэд нь би “Тэгвэл энэ кассетаа түр зээлчих” гэж тохиролцов. Ингэж метал хөгжимтэй анх танилцаж билээ. Guns’n’Roses, Aerosmith, Bon Jovi нарын уур амьсгалаас шал ондоо, харгис зүйлийн талаар дуулдаг Metallica, Megadeth, Slayer нарт дурлав.
Тэгж байтал Nirvana хэмээх хамтлаг их гоё гэсэн сураг гарч, дуунуудыг нь олж сонстол ёстой нэг алгадаад авах шиг боллоо. Хүнд бол хүнд, уянгалаг бол уянгалаг, ууртай хирнээ бас зугаатай, хөгжим бас ийм байж болдог оо? Nirvana-г дагаад grunge, punk урсгалд ухаангүй болтлоо дурлан, уранхай өмд, кетээр гангардаг болов. Гэтэл Kurt Cobain амиа хорлочихлоо. Миний гашуудсаныг яана. Нутаг буцаж ирээд үнэнчээр гранждаж, сонирхол нэгтэй найз нөхөд цуглуулж, улмаар бүр илүү хүнд хөгжимд орсоор, нэг мэдэхэд death, black, doom, gothic, grind гээд сонсдоггүй, мэддэггүй метал хамтлаг гэж байхгүй болов. Хажуугаар нь Marilyn Manson, Korn, Deftones зэрэг хамтлагууд байлдан дагуулж эхэллээ. Nu Metal үе. Marilyn Manson-оос болж Goth болон хувирч, хар хувцас өмсөж, хумсаа хараар будан, бөгж, зүүлтээр гангарч, ойр хавийн хүмүүсээ айлгаж эхлэв. Тухайн үед хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүрт байсан Алтай ахын метал хөгжмийн лангуунд хамаг мөнгөө үрдэг байлаа.
Удалгүй гадаадад суралцах боломж олдож, Австрали улсыг зорив. Готик урсгалд нэвчсэн нөхөр тэнд очоод нөгөө олж чаддаггүй байсан бүх хамтлагуудынхаа цомгийг олж авлаа. Улмаар готик урсгал Marilyn Manson-оор эхлээгүй, харин 80-аад оноос гаралтайг ойлгож, тэр үеийг илүү нарийвчлан судлах болсноор олон сонирхолтой зүйл олж мэдсэн юм.
Товчхондоо бол: Iggy Pop, MC5, Patti Smith нар панк урсгалыг үүсгэж, Sex Pistols Англид дэлгэрүүлж, дараа нь Joy Division хамтлаг буй болж, дагаад The Cure, Siouxie and the Banshees, Bauhaus, Sisters of Mercy, Christian Death зэрэг хамтлагууд гарч ирэн готик урсгалын үндсийг тавьжээ. Цаашлаад готик урсгалаас New Romantic, Synth Pop урсгалууд үндсээ авсан болж таарав. Сонсоод байх тусам, аль бага байхад ах эгч нарын маань сонсдог байсан Depeche Mode, Eurythmics, New Order хамтлагууд бүр хачин гоё санагдаад ирж билээ.
Мөн тухайн үед их таалагддаг байсан Massive Attack хамтлагийн “Teardrop” дууг дуулсан Elizabeth Fraser гэдэг хүүхэн 80-аад онд Cocteau Twins гэдэг үнэн гоё хамтлагтай байсныг олж мэдэх жишээний – намайг эргээд 80-аад он руу татсан зүйлс нэмэгдсээр байлаа. Соёл Эрдэнэ хамтлагийн дээр үеийн зургуудыг харахад нилээд готик талдаа байсан санагдаж, тэдний дуунуудыг дахин сонсож эхлэв. Орчин үеийн электро поп хамтлагуудын хөгжим ч гэсэн 80-аад оны хөгжмийн уур амьсгалыг санагдуулдаг.
Нэг мэдэхэд би тэр олон жилийн өмнө зурагтны урд бүжиглэж байсан үедээ буцаад оччихсон байх юм. Харин энэ удаад аеробикийн дасгал хийхгүй юм шүү.
Холбоотой нийтлэл:
- 80-аад оны ICONIC дуунууд Энэ жагсаалтад 1980-аад онд зохиогдсон...
- Би БИД болсон нулимстай түүх Хий үзэгдэл Европоор тэнэж явна....
- RECYCLE: 70-80-аад оныг эргэн дурсахуй Хүн төрөлхтөн жилд 140 сая...

