Нүүр » №003, Ном, Тооно

Францын зохиолч Омерик: “Монгол чоно”

[6 August 2010 | Ес далан зургаа]

Улаанбаатар хот соёл урлагийн хувьд маш баялаг. Өдөр бүр ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулагдаж, ямар нэгэн үйл явдал болдог. Тэгвэл энэ оны 5-р сарын 7-9-ны өдрүүдэд “Франц – Монголын соёлын өдрүүд” нэртэй арга хэмжээ Дуурь бүжгийн эрдмийн театрт зохион байгуулагдсан юм. Тус наадмын хүрээнд номын баяр, кино өдөрлөг, гэрэл зураг, уран бичлэг, археологийн олдворын үзэсгэлэн гэх мэт олон төрлийн арга хэмжээ зохиогджээ. Мөн хоёр орны зохиолчид хуран чуулж, Монгол зохиолчдын ном зохиолыг Францын зах зээлд хэвлэн гаргах, сурталчлах асуудлаар санал солилцсон юм. Г.Аюурзана, хүүхдийн зохиолч О.Сундуй нарын бүтээл анхаарал татсан талаар Францын төлөөлөгчид ярьж байлаа.

Энэ үеэр “Ес далан зургаа” сэтгүүл “Le Loup mongol” буюу “Монгол чоно” номын зохиолч Омериктэй ярилцсан юм. Тэрбээр 1998 онд уг зохиолоороо Францын нэр хүнд бүхий Медисийн шагналыг хүртэж байжээ.

“Монгол чоно” зохиолынхоо талаар ярихгүй юу, Монголын түүхээс сэдэвлэсэн зохиол бичихийн тулд ямар судалгаа хийсэн бэ?

“Монголын нууц товчоо”-г Пол Пеллиогийн орчуулгаар уншиж, сайтар судалж билээ. Нууц товчоо надад үнэндээ тэнгэрийн хишиг шиг санагдсан. Зүйрлэвэл, нүв нүцгэн хүнд хувцас хайрлах мэт надад хэрэгтэй бүхнийг нэг бүрчлэн детальчилж өгсөн байсан. Дараа нь маш олон ном олж авсан, тэр дунд Сибирийн бөөгийн тухай ч ном байсан, тэднийгээ жил орчим судалсан. Харин дараа нь хоёр жилийн хугацаатай Монголд ирсэн, Хэнтий, Алтай, Чойбалсан, Архангай… Монголын тал нутгаар сайхан аялсан.

Та зохиолоо хүлэг баатар Боорчийн өнцгөөс бичжээ. Яагаад заавал Боорчи гэж?

Нэгдүгээрт, мөхөс би хэтэрхий том хүний, хаан хүний өнцгөөс бичиж боломгүй санагдсан. Хоёрдугаарт, Өрнөдөд Чингис хааныг сайн мэддэггүй, иймд багын андууд болох Боорчи, Тэмүүжин хоёрын харилцаан дээр тулгуурлан Чингис хааныг хувь хүн талаас нь харуулахыг зорьсон юм. Чингис хаан бол дайчин хүн байсан, харин Боорчи тэр хоёрын харилцаа түүнийг арай өөр талаас нь харуулах болов уу гэж бодогдсон. Цусан тангарагтай андуудын холбоо ямар байх вэ? Андынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй, хайр дурлалаа ч золиослоход бэлэн тийм сайхан нөхөрлөл. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, тухайн үеийн Монголчууд зэрлэг, хэрцгий гэж нэрлэгддэг ч, үнэн хэрэгтээ маш энэрэнгүй, ухаантай хүмүүс байсан. Боорчи их зөөлөн, хүнлэг зан араншинтай. Иймд түүгээр дамжуулан Монголчуудын тэр нинжин, зөөлөн чанарыг харуулахыг хичээсэн.

Таны зохиолыг Францчууд яаж хүлээж авсан бэ?

Аз таарч, зохиолыг минь уншигчид маш сайн хүлээж авсан. “Монгол чоно” ном хорь гаруй хэл дээр хэвлэгдсэн төдийгүй Монгол хэлнээ ч  орчуулагдсан байна лээ. Уншигчидтайгаа уулзахад, таны зохиолыг уншаад Монгол руу аялах сэдэл төрсөн гэх хүмүүс олонтаа таарч байсан.

Гадныхан Монголын тухай ном зохиолоос ямар нэг экзотик зүйл хайгаад байх шиг санагддаг.

Улс үндэстэн болгонд экзотик тал байдаг, экзотизмыг янз бүрээр ойлгож болно. Уран зохиол бол нэг төрлийн аялал юм. Тухайн улсад хөл тавилгүйгээр зохиол бүтээлээр дамжуулан зочилж болдог. Жишээ нь, Чинагийн Галсангийн зохиолыг уншсан Франц хүн Монголыг маш сайн мэдэрнэ шүү дээ.

Таныхаар, Монголчуудын хамгийн бахархам зан чанар юу вэ?

Монголчууд эрэлхэг, зоригтой, бас их сэргэлэн хүмүүс. Үхлээс хүртэл айдаггүй. “Үхэх төрөх үнэн” гэж ярьдаг шүү дээ.

Таныг анх Монголд ирснээс хойш манай улс хир өөрчлөгдсөн санагдав?

1992 онд ирж байснаас хойш итгэхийн аргагүй өөрчлөгджээ. Би нэг зүйлээс их айж байна, Монголчууд Чингисийн үед ямар эв нэгдэлтэй байлаа, одоо бас тийм байгаасай гэж хүсч байна. Хэн нэгэн Америк ч юм уу, хэн нэгэн Герман, хэн нэгэн Канад ирээд газар доорх тэр их баялгаас Монголчуудад хумсны толион чинээг үлдээчихээд ихэнхийг нь хуу хамаад явахыг харахыг хүсэхгүй байна.

Газрын зураг дээр Монгол улс үнэхээр том, уудам харагддаг. Хятадууд бусдад тийм амархан идэш өгөх ард түмэн биш, Оросууд ч ялгаагүй хүчирхэг улс, энэ хоёр том хөршийн дунд оршин тогтнох хэцүү шүү дээ. Гэхдээ Монголчууд хэдий цөөхөн хүн амтай ч, “Бид бол Монголчууд юм шүү” гэж дэлхийд дахин зарлан тунхаглах үлдээд байна.

Одоо ямар шинэ зохиол дээр ажиллаж байна?

Соломон хааны тухай бас нэгэн түүхэн роман бичиж байгаа.

Холбоотой нийтлэл:

Чингис Хааны тухай ном зохиол Эрэлхэг, хүчирхэг, дайчин хүмүүсийн намтар...
Махчин Монгол + шар айрагчин Монгол МАХЧИН МОНГОЛ Бид өөрсдийгөө махчин...
Үзэл суртлын зэвсэг Хуучин номоо янзалж байгаад “Монголын...



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.