Нүүр » №003, Ном, Тооно

Чингис Хааны тухай ном зохиол

[6 August 2010 | Ес далан зургаа]

Эрэлхэг, хүчирхэг, дайчин хүмүүсийн намтар түүх ямагт гүйлгээтэй байдаг шүү дээ. Чингис хаанаас илүү эрэлхэг, илүү хүчирхэг, илүү дайчин хэн байх вэ. Тийм ч учраас үе үеийн зохиолчид Их Монгол улсыг байгуулан дэлхийн талыг эзэлж явсан Тэмүүжин хүүгийн талаар маш олон түүхэн зохиол, роман тууж туурвижээ.

Энэ удаад “Ес далан зургаа” сэтгүүл зарим нэг гадаадын зохиолчдын түүхэн романыг онцлон танилцуулж байна. Зохиолчид болсон хойноо уран сайхны хэтрүүлэг ашиглан түүхэн үйл явдалд давс хачир нэмсэн байх талтай ч, эдгээр зохиолууд таныг уйдаахгүй болов уу.

Омерик, “Монгол чоно” (Homéric, “Le Loup mongol”)

“Ес далан зургаа” сэтгүүлийн зочин Омерикын бүтээлд Чингис хааны хүлэг баатар Боорчийн дурсамж амилна. Идэр залуудаа Тэмүүжинтэй нөхөрлөж, анд нөхрийн андгай тангараг өргөсөн үнэнч Боорчи Их Монгол улсын эзэн хааны түүхийг өгүүлэх ажгуу. Зохиолч зөөлөн зан араншин, нинжин сэтгэлтэй Боорчигоор дамжуулан Чингис хааныг хувь хүн талаас нь харуулахыг зорьжээ.

 

Исай Калашников, “Хэрцгий зуун” (Исай Калашников, “Жестокий век”)

Чингис хааны талаар Орос хэл дээр хэд хэдэн томоохон түүхэн зохиол хэвлэгдэн гарснаас Василий Яны “Нашествие монголов” гурамсан роман болон Исай Калашниковын “Жестокий век” нилээд амжилт олсон гэх. Буриадад төрж өссөн Калашниковын бүтээл Яны зохиолыг бодвол Монголчуудад илүү ойр байдаг. Түүнчлэн, Киргизийн их зохиолч Чингиз Айтматовын “Белое облако Чингисхана” туужийг мартаж болохгүй. Энэ дашрамд сонирхуулахад, Орос, Киргизийн уран бүтээлчид Айтматовын зохиолоор уран сайхны кино хийсэн нь 6-р сарын эхээр Бишкект нээлтээ хийжээ.

 

Харольд Ламб, “Чингис хаан: Хүн төрөлхтний эзэн хаан” (Harold Lamb, “Genghis Khan: Emperor of All Men”)

Шинэ мянгантай золгосноос хойш Чингис хааны тухай олон арван ном зохиол хэвлэгдэн гарч, хэд хэдэн уран сайхны кино хийгдсэн билээ. 2004 онд Жэк Уэтэрфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан”, 2005 онд Жон Маны “Чингис хаан” ном багагүй шуугиан тарьсан. Эдгээр зохиолууд төрөл жанрын хувьд popular history буюу поп түүх төрөлд хамрагдана. 1927 оны “Чингис хаан: Хүн төрөлхтний эзэн хаан” бол энэ төрлийн анхны зохиол гэж хэлж болох юм. Зохиолч Харольд Ламб Монголчуудын цэрэг байлдааны тактикт түлхүү анхаарчээ.

 

Ясүши Иноүэ, “Бөртэ чоно” (Inoue Yasushi, Aoki okami)

1959-1960 онд Японы Bungei Shinju сэтгүүлд цувралаар нийтлэгдсэн “Хөх чоно” зохиол хэвлэгдсэн даруйдаа бестселлер болсон юм. 2007 оны гарсан “Бөртэ чоно” киноны зохиолыг Ясүши Иноүэгийн зохиолоос сэдэвлэжээ. Монголчууд уг зохиолыг төдийлөн сайн хүлээж аваагүй ч, Ясүшигийн бүтээл Япончуудад маш сайн хүрсэн гэдэг.

 

Кон Иггүлден, “Их талын чоно” (Conn Iggulden, “Wolf of the Plains”)

Кон Иггүлден хэмээх Англи зохиолч Чингис хааны намтраас сэдэвлэсэн цуврал зохиол бичжээ. Тэрбээр өмнө нь Юлий Цезарийн тухай цуврал зохиол бичсэн юм байна. “Conqueror” цувралын анхны зохиол болох “Их талын чоно” роман Тэмүүжингийн бага ахуй наснаас эхлээд Чингис хаанд өргөмжлөгдөх хүртэлх түүхийг өгүүлдэг.

Холбоотой нийтлэл:

Францын зохиолч Омерик: “Монгол чоно” Улаанбаатар хот соёл урлагийн хувьд...
Үзэл суртлын зэвсэг Хуучин номоо янзалж байгаад “Монголын...
Монголын их хатдын нууц товчоо 2009 оны 10-р сард “Өнөөгийн...
Тоглоомын дүрэм буюу сонгуулийн тухай хууль Ардчилсан хувьсгалын хүчинд бид хаана...



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.