Нүүр » №003, Кино, Тооно

Энэ зуны шинэ кино

[6 August 2010 | Ес далан зургаа]

Art house, auteur кино гоё л доо. Гэхдээ зун болохоор яагаад ч юм аль болох сүр дуулиантай, байлдаан шуугиантай, панаалтай кино үзэх хүсэл төрдөг юм. Асар үнэтэй машинууд сэг болтлоо мөргөлдөөд л, буун дуу хадаж, сум исгэрээд л, хар нүдний шилтэй гарууд хүн төрөлхтнийг авраад л… Холливудын blockbuster-аар бөмбөгдүүлэх нь хар халуунд тархи толгойгоо амраах хамгийн найдвартай арга. Тэгвэл энэ зун тийм кино хангалттай олон гарах шинжтэй.

Бид энэ дугаараараа 1980-аад оныг эргэн дурсахыг зорьсон. Тэгвэл Холливуд ч мөн адил 80-аад оныг санагалзжээ. 1983 оны “The Karate Kid” киноны шинэчилсэн найруулга саяхан нээлтээ хийсэн бол Роберт Родригез домогт “Predator”-ыг (198) үргэлжлүүлж байгаа сурагтай. Харин “Ес далан зургаа” сэтгүүл 80-аад оны action superstar-уудыг цуглуулж чадсан “The expendables”-ыг танилцуулж байна. Мөн найруулагч Кристофер Ноланы шинэ бүтээл, Том Крузын action comedy болон дэлхийн номер нэг хорлон сүйтгэгчийн талаар өгүүлэх хүүхэлдэйн кино… Зун болсныг мэдэгдье.

1. The expendables

Найруулагч: Сильвестр Сталлоун
Нээлт: 2010 оны 8-р сарын 13

1980, 1990-ээд оны кино гэхээр л зодоон цохион, алаан хядаантай супер action санаанд буудаг. Сильвестр ахын Рэмбо, амбан захирагч Арнольдын Терминатор, Дольф Лундгрений дөрвөлжин нүүр, Жет Лигийн шаолин стиль, Брюс Уиллисын “хатуу самар”, г.м., г.м. Тэгвэл энэ зун тэд бүгд нэгдэж, жинхэнэ супер action гэж юу болохыг үзүүлэх гэнэ дээ. Тэдэн дээр 1980-аад оны секс символ Мики Рүүрк, Жулиагийн ах Эрик Робертс, Жэйсон Статэм нар нэмэгджээ. Энэ бол “The Expendables”. Кино зохиолыг Сталлоун өөрөө бичсэн ба тэрбээр ерөнхий найруулагчаар нь ажиллаж байгаа юм байна (Оскарын шагналтай алдарт “Rocky” ч мөн түүний зохиол юм).

Хорин жилийн өмнөх action-ыг дурсая гэвэл энэ киног заавал үзээрэй. Сталлоун тухайн үеийн бүх шилдэг action superstar-уудыг нэгтгэхийг зорьсон боловч харамсалтай нь Жон Клод Вандамм кинонд тоглохоос татгалзжээ. Мөн Стивен Сигал үнэд орсон юм байх (мань хүн бодвол Чингис хааны дүрд биеэ бэлдээд завгүй байгаа биз). Бусдаар бол 1990-ээд оны эхэн үед айл амьтны приставкыг зээлэн байж киног нь үздэг байсан нөхдүүд бүгд байх шиг.

2. Inception

Найруулагч: Кристофер Нолан
Дүрүүдэд: Леонардо ДиКаприо, Кен Ватанабе, Жозеф Гордон-Левит, Эллен Пэйж, Марион Котияр
Нээлт: 2010 оны 7-р сарын 16

2008 онд Кристофер Ноланы Батмэн буюу “The dark knight” (“Хар хүлэг баатар”) супер баатруудтай киноны хамаг рекордыг эвдэж, нэг тэрбум гаруй ам.долларын орлого олсон билээ. Тэгвэл Нолан Батмэны цувралаа түр завсарлаж, нэгэн цоо шинэ зохиол дээр ажиллажээ. Өмнө нь удаа дараалан Кристиан Бэйлтэй хамтарсан тэрбээр энэ удаад Леонардо ДиКаприог сонгосон байна.

Холливудын нэр хүндтэй найруулагчдын тоонд орох болсон Нолан дөнгөж 40 настай. Тэр сэтгэлзүйн триллерт гаршсан нэгэн. Анхны студио кино болох “Мементо” нь оюун ухаандаа шинэ дурсамж хадгалах чадваргүй буюу ой тогтоолтгүй болсон Леонард Шелбигийн талаар өгүүлсэн билээ. Тэгвэл ДиКаприогийн дүр бол 21-р зууны хулгайч. Тэр хүмүүсийн зүүдний ертөнцөд нэвтэрч, оюун ухаанаас нь мэдээлэл хулгайлдаг. Харин түүний сүүлчийн даалгавар нь мэдээлэл хулгайлах бус, хүний оюун ухаанд шинэ мэдээлэл суулгах байна.

3. Despicable me

Найруулагч: Пьер Коффин, Крис Рено
Дүрүүдэд дуу оруулсан: Стив Карел, Рассел Брэнд, Кэн Жион
Нээлт: 2010 оны 7-р сарын 9

Хүүхэлдэйн кино гэхээр Үнсгэлжин маягийн үлгэрийн ертөнц санаанд ордог байсан нь саяхан. Гэвч animation хэмээх жанр хүүхдийн гэсэн тодотголоос аль хэдийн ангижирсан гэлтэй. Жишээ нь, 2008 оны “Wall-E” гайхалтай хайр дурлалын түүх байсан бол “Waltz with Bashir” аймшигт дайныг дүрсэлсэн билээ. Учир нь томчууд хүртэл хүүхэлдэйгээр тоглох нь бий.

Харин “Despicable me” хэмээх хүүхэлдэйг хүүхдүүдтэйгээ үзэхэд гэмгүй гэсэн шүү. Цагийн сайханд дэлхийн номер 1 хорлон сүйтгэгч хэмээгдэж байсан Грү хэцүүхэн байдалд ороод байлаа. Түүний өрсөлдөгч Вектор Египетын пирамидыг амжилттайгаар хулгайлснаар дэлхийн номер 1 хорлон сүйтгэгчээр тодорч орхив. Нэр хүндээ хамгаалахын тулд ямар нэг онцгой зүйл хийх хэрэгтэй байлаа. Иймд тэр тэнгэр дэх сарыг хулгайлах төлөвлөгөө боловсруулж, хамаг байдгаа хийх боловч гурван өнчин охинтой учирснаар бүх зүйл орвонгоороо эргэж орхино. Учир нь тэдэнд аав хэрэгтэй болж таарна.

4. Knight and day

Найруулагч: Жеймс Мангоулд
Дүрүүдэд: Том Круз, Камерон Диаз, Магги Грэйс, Питер Саарсгард, Марк Блюкас
Нээлт: 2010 оны 6-р сарын 23

Том Крузын карьер наяад онд мандаж эхэлсэн: “Risky business” (1983), “Top gun” (1986), “Rain man” (1988). 1990-ээд онд “Jerry Maguire”, “Magnolia” зэрэг кинонд тоглохын зэрэгцээ “Mission Impossible”-ын Ethan Hunt-ын дүрийг бүтээснээр action superstar имааж бүрдүүлсэн. Тэгвэл тэр энэ жил бас нэг action кинонд тогложээ. Гэхдээ энэ удаад илүү инээдтэй. Том Круз, Камерон Диаз хоёр нийлбэл супер action comedy болдог гэнэ дээ.

Зохиолын хувьд, бодвол Том Круз хар шил зүүн күүл царайлж, муу залуусыг мотоциклоор хөөж, хүүхэн найрангаа дэлхийг аврах байлгүй. Харин Камерон Диаз бүдэрч унах, бүтэлгүй царайлах гэх мэтээр хачир нэмэх бололтой. Том Крузын action кино ямагт асар панаалтай байдаг ч, мань нөхөр нилээд үнэмшилтэй жүжиглэдэг шиг санагддаг юм. Ямар ч байсан гүйхийг нь хараад өмнөөс нь хол өвдөж эхэлдэг юм даа.

Холбоотой нийтлэл:

Үзүүштэй таван шинэ кино Айсуй өвлийн хасах гучин хэмийн...
Монголын балетын шинэ үе Бид Холливудын кино, Солонгос сериалын...



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.