Суусан газраасаа шороо aтгаx нь
Mонголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимжил бүр оны шилдэг энтерпренерыг шалгаруулах ёслол зохион байгуулдаг. Тэд “enterpreneur” хэмээх Англи үгийг орчуулаагүй нь учиртай биз. Энэ үгийг Монгол хэлнээ яаж буулгах вэ? Гүйлгээ ухаантай нөхөр, авхаалж самбаатай нэгэн, сүүхээтэй наймаачин, чадварлаг зохион байгуулагч, алсын хараатай бизнесмен, ухаалаг хөрөнгө оруулагч… маш өргөн цар хүрээтэй ойлголт гэлтэй.
Тэгвэл монголд жинхэнэ энтерпренер байна уу?
Cаяхныг хүртэл Монголд бизнес хийхамар байсан гэлтэй. Өндөр хөгжилтэй зах зээлд амжилт олсон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд л хангалттай байв. Импортлохын импортлоод, импортлох боломжгүйг нь Монголын нөхцөлд тааруулаад хусчихна. Хүмүүст ямар бүтээгдэхүүн, ямар үйлчилгээ шаардлагатай байдгийг барууныхан түрүүлээд бодоод олчихсон юм чинь, яадаг юм. Гэхдээ дууриамал бизнест амжилт олоход хүртэл авьяас хэрэгтэй. Өнгөн талын бүх зүйлийг нь хуулбарлалаа гэж бодоход менежментийн нарийн ухааныг хуулах хэцүү. Тиймч учраас манайд үйлчилгээ маш муу байдаг.
Өнөөдөр монголын ихэнх бизнес хүчээр шахуу явдаг гэхэд хилсдэхгүй. Угаасаа зах зээл нь бага, өрсөлдөөн бараг байхгүй болохоор үйлчилгээ нь муу байсан ч гэсэн оршин тогтносоор л байна. “Авбал ав, авахгүй бол боль” гэсэн аятай аашилна. Хэрэглэгчид нь хүртэл дээрэлхүүлээд сурчихсан, мөнгө төлөн байж дээрэлхүүлнэ. Харин компаниуд нь хүмүүсийг залхтал бүтээгдэхүүнээ сурталчилж, ямар нэгэн аргаар ой санамжинд нь суулгаж орхино. Нүдний өмнө байнга эрээлжлээд байдаг хэдэн нэрс өөрийн өрхгүй арай дотно санагдаж, дассан газрын даавуу зөөлөн гэгчээр өнөөх компанитайгаа зууралдсаар л байна. Чанарын талаар маргаад ч нэмэргүй.
Xэдхэн жилийн өмнө Монголын компаниуд аливаа бизнес хэд дахин нугалсан эсвэл ядаж 40-50 хувийн ашиг олох ёстой гэж ойлгодог байсан. Харин одоо зах зээл хөгжиж, хэрэглэгчид илүү өндөр шаардлага тавьдаг болж байна.
Байгууллагынхаа үйл ажиллагаанд дүгнэлт хийж, менежмент, технологио цаг тутам сайжруулж заншихгүй бол нэг л мэдэхэд Монголд олноороо оржирж буй гадны компаниуд бизнесийг тань булаах вий. Тэдэнд олон жилийн туршлага, мөн үйл ажиллагааны тогтсон горим бий. Наад зах нь хэрэглэгч гомдол чирэгдэл гаргалаа гэхэд асуудлыг яаж аятайхан шийдэх вэ гэдгийг мэднэ. Урьд нь тэд Монголын зах зээлийг тоодоггүй байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдөж байна.
Өөрөөр хэлбэл, өрсөлдөөн багатай орчинд үйл ажиллагаа явуулж байсан Монголын бизнес эрхлэгчдийн хувьд шинэ үе эхэлж байна. Зах зээлийн шинэ орчинд дасан зохицож, бизнесээ авч үлдэхийн тулд ухаан зарах хэрэгтэй болох нь. Үнэхээр амжилт олж, үйлчлүүлэгч татах бизнес хийхийн тулд гүйлгээ ухаан болон хөрвөх чадвар сайтай байх ёстой. Хамгийн бага өртгөөр хамгийн их ашиг олдог байх ёстой. Энэ бүхэнд мөнөөх entrepreneurship хэмээх ойлголт хамаарна.
Угаасаа ард иргэд нь шинэлэг санаа гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх чадвартай улс орон л хөгждөг гэнэ билээ. Монголын дурын нэг механик хөгийн муу Экселийг Бенз шиг болгож чаддаг гэж бодвол айх зүйлгүй юм шиг… Гэхдээ аливаа зүйлийг ийнхүү өөрийн болгож, “монголчлох” авьяасаа илүү өргөн цар хүрээтэй бизнест зарцуулахгүй бол зах зээл биднийг хүлээхгүй. Наад захын жишээ гэвэл, Монголын компаниуд судалгаа, шинжилгээнд бараг мөнгө зардаггүй байхад гадныхан жилд хэдэн шинэ патент авснаараа өрсөлддөг.
Дэлхийн тэрбумтнуудын гуравны хоёр нь өөрийн хүчээр баяжсан гэж бодвол тэгээс эхлээд тэрбумд хүрэх зам хүн болгоны өмнө нээлттэй мэт. Амжилттай бизнес эрхэлдэг хүмүүс аливаа асуудалд бүтээлчээр хандаж, ажилдаа чин үнэнчээр зүтгэж чаддаг. Тэд хэн нэгний гарыг харж, “надад боломж олгосонгүй” хэмээн сэтгэлээр унаж суугаагүй нь лавтай. Гэтэл бид яаж байна? “Төр засаг болохгүй байна”, “Мөнгө олдохгүй байна”, “Амьдрал шударга бус байна” хэмээн шалтаг тоочиж сууна.
Mонгол хүн бүр суусан газраасаа шороо атгаж, аливаа асуудлыг бүтээлч өнцгөөс хардаг болсон цагт Монгол Америк шиг болно. Эс тэгвээс хөгжлийн талаар яриад ч нэмэргүй болов уу. Mонголын энтерпренерүүд маш олон болох болтугай!
Холбоотой нийтлэл олдсонгүй.
Түлхүүр үгс: Монгол бизнес, Хөрөнгө оруулалт, Эдийн засаг

