Хоггүй хот
Би сайн хөрш байхыг хичээдэг. Даанч доод давхрынхаа айлын орцонд гаргаж тавьсан хогны уутанд өглөө бүр тээглэж унадаг болохоор хөршүүддээ найрсаг хандахад хэцүү байдаг юм. Хоёр алхаад л хогийн саванд хийх боломж байхад шүү дээ. Уурлана, бухимдана. Тэр айл өмнөх орой нь ямар хоол идсэн, ямар ундаа уусан гэхчлэн амьдрал нь тэр чигтээ нүдний өмнө зурайна. Төмстэй хоол хийсэн бол хальсных нь ялзарсан үнэрт мансуурна.
Нэг өдөр айлын эзэгтэй хогоо гаргаж байхад нь таардаг юм байна. Түүнтэй эелдгээр мэндлээд, хогоо нэг давхарт байдаг хогийн саванд хийж байхыг хүслээ. Тэгтэл тэр урдаас тачигнатал загнадаг юм байна. “Чамдминий хаана юу тавих ямар хамаатай юм, цэвэрлэгч ирээд авна биз, яасан сүржигнүүр амьтан бэ”.
Тийм дээ, ганган машинтай том боссууд цонхоороо ундааныхаа савыг шиддэг, үнэртэй ус ханхлуулсан залуус гудамжинд тамхиа унтраадаг, гэр хорооллын айлууд хогоо хашаагаараа давуулж хаяхыг хаясанд тооцдог – энэ бүхэн Улаанбаатарын хувьд жирийн үзэгдэл.
Бид яагаад орц, гудамж, хотоо ийнхүү хогийн цэг болгосоор байна вэ?
Нүүдэлчдийн хувьд, хог хаягдал гэх зүйл бараг гардаггүй байжээ. Ихэнх хоол хүнсээ өөрсдөө үйлдвэрлэх тул хог хаягдал гэх ойлголт байхгүй шахуу, хаягдал гарлаа гэхэд тэр нь органик хаягдал байх тул маш хурдан задарч байгаль орчиндоо шингэнэ. Өөрөөр хэлбэл, саяхныг хүртэл бид хог хаягдалгүй шахуу орчинд амьдарч байж. Тийм ч учраас хогны асуудалд тэгтлээ их ач холбогдол өгөх шаардлага байсангүй.
Нүүдэлчдийн хаягдал байгальд шингээж устах ёстой тул нэг газар хурааж болохгүй. Энэ нь ч байгаль орчиндоо илүү ээлтэй. Хөршийнхөө хандлагыг харвал Монголчууд бидний сэтгэлгээ нүүдэлчдийн уламжлал ахуйтай уяатай хэвээр үлдсэн мэт… айлын эзэгтэйд бухимдах хэрэг байв уу даа. Гэм биш зан гэдэг байх аа?
Aрван жилийн өмнө л хоол хүнс, бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол маш энгийн, илүү дутуу хаягдал гаргахааргүй хийгддэг байсан. Харин одоо бол аль болох гоё ганган, олон давхар сав баглаа боодлыг илүүд үзэх болсон ба тэр хэмжээгээр хог хаягдал нэмэгдэж байна. Тэглээ гээд доторх бүтээгдэхүүний чанар өөрчлөгдөхгүй шүү дээ. Зарим хүмүүс үүнийг маркетинг гэж нэрлэх байх, гэхдээ байгаль орчинд ээлтэй маркетинг хийвэл бүр гоё биш гэж үү?
Улаанбаатарын хогны асуудлыг шийдвэрлэхэд хүмүүсийн сэтгэлгээнд нөлөөлөх нь чухал ч, түүний хажуугаар хог хаягдлын хэмжээг багасгахад чиглэсэн алхам хийх хэрэгтэй мэт санагдаж байна. Байгаль орчны хамгааллын асуудал хурцаар тавигдах болсон энэ үед байгалиа дээдлэх уламжлалт сэтгэхүйгээ хадгалах нь чухал. Хог хаягдалгүй шахуу амьдарч ирсэн тэрхүү уламжлалаа сэргээхэд буруу юу байх вэ. Хөгжиж байгаа нь энэ гээд бусад улсын алдааг давтах шаардлагагүй шүү дээ.
Би өөр дээрээ туршилт хийж долоо хоногийн туршид илүү дутуу савлагаатай бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр амьдрахаар шийдлээ. Хүнс цуглуулах гэж дэлгүүр явахдаа гэртээ байсан бүх даавуун уут, сүүний бидон, өндөгний сав зэргээ аваад гарлаа. Даанч өндөгнөөс авахуулаад асуудал гарах нь тэр. Задгай өндөг байгаагүй тул яалт ч үгүй пластик савтай өндөг худалдаж авлаа. Сүүний хувьд ч тэр, бүгд савлагаатай. Харин жимс ногооны тасагт аз таардаг юм байна. Жимс ногоогоо өөрийнхөө авчирсан даавуун уутанд хийлгэж авлаа. Пластик савгүй ундаа авах ямар ч боломж байсангүй, иймд чацарганы сироп худалдан авав. Ганц пластик савтай сиропоор нэлээд хэдэн литр ундаа найруулж уух учир хэд хэдэн ундаа авснаас илүү сонголт.
Эцэст нь гэртээ хариад худалдаж авсан зүйлээ тоолоход: өндөгний пластик сав 1, сүүний цаасан сав 2, чацарганы сиропны пластик сав 1, кофены лааз 1, нөөшилсөн ногооны шил 1, махны гялгар уут 1, талхны гялгар уут 1, шар айрагны шил 4 гарч ирэв. Ямар ч байсан уут дүүрэн хог гарах нь тодорхой.
Өнөөгийн нийгэмд ямар ч хог хаягдал гаргалгүй амьдрах боломжгүй л дээ. Гэхдээ хичээх хэрэгтэй. Жимс, ногооны хаягдлаа компост хийн боловсруулж бордоонд хэрэглэж болно. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа аль болох савлагаа багатай, дахин боловсруулах боломжтойг нь авахад анхаарах гэх мэт хангалттай арга зам бий. Энэ дадлыг олон нийтэд хэвшүүлэхэд маш их цаг хугацаа шаардагдах тул эхний ээлжинд үйлдвэрлэгчид санаачлагатай ажилламаар байна. Нийгмийн хариуцлага гэж ярьдаг компаниуд иймэрхүү санаачлага гаргавал сайнсан. Сав баглаа боодлын хэрэглээг эрс багасгавал Улаанбаатар хотын гудманд хөглөрөх хог тэр хэмжээгээр багасна шүү дээ. Хог хаягдлын асуудлыг эх үүсвэр дээр нь таслан зогсоох нэг алхам гэлтэй.
Мэдээж хэрэг, сав баглаа боодлоос татгалзсан ч гэлээ тодорхой хэмжээний хаягдал гарах нь ойлгомжтой. Хог хаягдлаа хогийн саванд хийж заншихыг хөршүүддээ хэвшүүлэх л үлдэж… Тэгвэл ч Улаанбаатар минь нүүдэлчин Монголын хоггүй хот хэмээн дэлхийд алдарших цаг ойртоно доо.
Холбоотой нийтлэл олдсонгүй.

