Дүрслэх урлаг
Саяхны нэгэн амралтын өдөр зураач Д.Батзоригийн урлангаар зочилж, бүтээл туурвих үйл явцын талаар ярилцсан юм. Харин өнөөдөр ажил дээрээ ирээд ярилцлагаа буулгах санаатай жаал суув. Хоёр цаг гаруйн бичлэг – урлаг, уран бүтээл – асар гэгээлэг сэдэв. Гэвч гадаа хүмүүс жагсаад байдаг. Чимээ шуугианд нь мансуурч орхив, ажил ч явж өгдөггүй. “Албан тасалгааны цонхоор алсын бараа харагдахгүй” гэгчээр зарим хүмүүс талхны төлөө гудамжинд жагсаж байхад зарим нэг нь урлаг яриад сууж байдаг. Хэнд хэрэгтэй юм бэ? Гэвч яг энэ цаг мөчид урлаг бүтээдэг, урлаг ярьдаг хүмүүс бидэнд хамгаас илүү чухал байх шиг…
2009 оны 11-р сард “ЗанадуАРТ” галерейд тавигдсан зураач Д.Дорждэрэмийн “Хөрөг-ярилцлага” үзэсгэлэнг сонирхлоо. Дорждэрэм хэн нэгнийг бус, өнөөгийн нийгмийн нийтлэг дүр төрхийг харуулахыг зорьжээ. Бүтээлээ туурвихдаа рентген гэрэл зураг ашигласан нь ч учиртай. Технологийн хөгжил нийгэмд яаж нөлөөлж байна вэ, орчин үеийн гэгддэг бүхэн хүнийг яаж эвдэж байна вэ? Эмч нар рентген зургийг хүний биед нуугдсан өвчнийг анагаахын тулд ашигладаг. Харин Дэрмээ хүний дотоод сэтгэлийн зовиурыг рентгенджээ. Тэрхүү зовиурыг анагаах арга байдаг болов уу?

